АНУ-д баривчлагдсан “тагнуулч” эмэгтэйг суллах уу?

Хуучирсан мэдээ: 2018.12.17-нд нийтлэгдсэн

АНУ-д баривчлагдсан “тагнуулч” эмэгтэйг суллах уу?

АНУ-д баривчлагдсан “тагнуулч” эмэгтэйг суллах уу?

ОХУ-ын иргэн Мария Бутина одоогоос таван сарын өмнө буюу 2018 оны долдугаар сарын 15-ны өдөр АНУ-д баривчлагдсан билээ. Нью-Йоркийн шүүх өнгөрсөн пүрэв гаригт түүнд холбогдох хэргийг шүүн хэлэлцсэн бөгөөд Бутина өөрийг нь буруутгаж буй хэргүүдээс хэсэгчлэн хүлээжээ. Тэрбээр АНУ-ын нэгэн иргэнтэй хамтран ОХУ-ын нөлөө бүхий албан тушаалтны удирдлага дор ажиллаж байснаа хүлээн зөвшөөрсөн байна. Кремль урьдын адил АНУ-ын зүгээс орос эмэгтэй Мария Бутинаг буруутгасан нь бүгд үндэслэлгүй хэмээн үзэж буй талаар ОХУ-ын Ерөнхийлөгчийн Хэвлэлийн нарийн бичгийн дарга Димитрий Песов арванхоёрдугаар сарын 14-ний өдрийн баасан гаригт мэдэгджээ.

Прокурорын үзэж буйгаар, Бутина нөлөө бүхий америкчуудтай албан бус холбоо тогтоохыг оролдсон байна. "NBC News"-ийн мэдээлснээр, Бутинаг зургаан сар хүртэл хорьсны эцэст АНУ-аас албадан гаргаж болзошгүй байгаа аж. "РИА Новости" агентлаг АНУ-ын тал орос эмэгтэйг 250 мянган ам.доллараар торгож болзошгүй хэмээн мэдээлжээ.

ОХУ-ын ГХЯ-ны мэдээлснээр, Бутинаг Америкийн шоронд эрүүдэн шүүсэн байна. Сайд Сергей Лавров оросын эмэгтэй хүнд нөхцөл байдалд байгааг онцлон тэмдэглэжээ. Тэрбээр “Бид иргэнийхээ эрхийг  баталгаажуулж, гэрт нь аль болох түргэн буцаан авчрахын тулд бүхнийг хийх болно" гэж хэлсэн байна.

Мария Бутинаг өнгөрсөн долдугаар сард АНУ-ын улс төрд нөлөө бүхий хүмүүстэй холбоо тогтоож, тэднийг ашиглан ОХУ-д ашигтай бодлого явуулахыг оролддог байсан, тус улсын эрх баригч Бүгд найрамдах намын үндсэн ивээн тэтгэгчидтэй холбоо тогтоон, ОХУ-ын эрх ашгийг тулгасан хэрэгт буруутган саатуулсан байдаг. Тухайн үед Бутинаг тагнуулч гэдгийг эрс үгүйсгэж, АНУ-д олон улсын харилцааны мэргэжлээр суралцаж буй оюутан хэмээн мэдэгджээ. АНУ түүнийг батлан даалтаар суллах нь хэтэрхий аюултай хэмээн үзсэн байна.

Орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд тухайн үед “тагнуулч” гэгдээд буй Бутинаг эрх баригч Бүгд Найрамдах намтай нягт холбоотой ажиллахаас гадна буу эзэмших эрхтэй холбоотой хуулийг дэмжигч нэгэн гэж мэдээлж байв. АНУ-ын шүүх Бутинад тав хүртэлх жилийн ял оноож магадгүй байгаа талаар ойрын эх сурвалж өгүүлсэн талаар "Ройтерс" агентлаг мэдээлсэн билээ. Зарим эх сурвалж "АНУ, ОХУ-тай сөргөлдөх сонирхолгүй байгаа учир Бутаниг яллахгүй, албадан нутаг буцааж болзошгүй" гэж мэдээлж байв.

Харин зарим хэвлэлд АНУ Мария Бутинад 15 жилийн хорих ял оноож магадгүй гэж мэдээлсэн билээ. Колумбийн тойргийн прокурор Мария Бутинад тагнуулын ажиллагаа эрхэлсэн хэргээр 10 жил, гэмт хэргийн сэдэлтэй үгсэн хуйвалдаанд оролцсон хэргээр таван жилийн ял төлөвлөсөн байна.

Колумбийн тойргийн шүүхийн мэдээллийн цахим санд тойргийн прокурор Жесси Льюгийн “Гадны улс орны тагнуулын ажилтан үйл ажиллагаа явуулж буй улсын Хууль зүйн яаманд бүртгэлтэй байх ёстой. Энэ заалтыг зөрчсөний төлөө 10 жилийн хорих ял. Мөн гадны улсын эрх ашгийн төлөө хуйвалдаанд оролцсон. Энэ хэргийн төлөө таван жилийн хорих ял төлөвлөж байна” гэсэн шийдвэрийг байршуулжээ. АНУ-ын Хууль зүйн яамнаас “Мария Бутина нь ОХУ-ын Төв банкинд хожим өндөр албан тушаал хаших болсон Оросын Засгийн газрын өндөр албан тушаалтны ашиг сонирхолд нийцүүлэн үйл ажиллагаа явуулсан” гэсэн тайлбар хийсэн байдаг.

Мөн Мария Бутинагийн холбоотой гэх эрхмийг 2018 оны дөрөвдүгээр сард Америкийн Сангийн яам хар жагсаалтдаа багтаажээ. Хожим тэр нөлөө бүхий эрхэм нь ОХУ-ын Төв банкны дэд захирал Александр Торшин гэх мэдээлэл ид болсон аж.

МАРИЯ БУТИНА ГЭЖ ХЭН БЭ?

Тэрээр 1988 онд ОХУ-ын Алтайн хязгаарын төв Барнаул хотод, бизнесмен Валерий Викторович Бутины гэр бүлд төрсөн, 29 настай. Барнаулын 22-р гимназ, Алтайн хязгаарын улсын их сургуулийн Улс төр судлалын тэнхимийг онц дүнтэй төгссөн. Их сургуульд суралцаж байхдаа Алтайн хязгаарын залуучуудын байгууллагын хэвлэл хариуцсан нарийн бичгээр ажиллаж байсан, 2005-2008 онуудад Барнаул хотын Думын сонгуулийн кампанит ажилд оролцож байсан. 2011 онд их сургуулийнхаа докторын сургалтад элссэн байна.

2016 оноос АНУ-д F-1 оюутны визээр амьдарч буй. Докторын зэрэг хамгаалсныхаа дараа Вашингтон хот дахь Америкийн их сургуульд элсч, “АНУ дахь нийгэм, улс төрийн хөдөлгөөн” сэдвээр олон улсын харилцааны магистрын зэрэг хамгаалжээ. Мария Бутина 2015 оны зун Америкийн “National Interest” сэтгүүлд “Баавгай ба заан” гэсэн Бүгд Найрамдах намын Ерөнхийлөгч Оростой хэрхэн харилцаагаа сэргээх боломжийн талаар нийтлэл хэвлүүлсэн байна.

Эх сурвалж: CNN, TASS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж