Нийслэлийн хэмжээнд энэ сарын 14-ний байдлаар, амбулаториар 74.703 үзлэг хийгдсэнээс томуу, томуу төст өвчтэй 3378 тохиолдол оношлогджээ. Энэ нь нийт үзлэгийн 4.5 хувийг эзэлж байгаа бөгөөд өнгөрсөн долоо хоногийн дунджаас 0.1 хувиар их, өнгөрсөн оны мөн үеэс 0.9 хувиар бага үзүүлэлт аж. Мөн нийт өвчлөгсдийн 38.3 хувийг 0-1 нас, 28.5 хувийг 2-4 нас, 15 хувийг 5-9 насны хүүхдүүд эзэлж байгаа юм.
Ханиад томууны улирал эхэлсэнтэй холбоотойгоор дүүргийн эрүүл мэндийн төвүүд ажлын болон амралтын өдрөөр уртасгасан цагаар ажиллаж байгаа. Мөн хүүхдийн түргэн тусламжийн 1669 дугаарын утсанд дуудлага хүлээн авч, зөвлөгөө мэдээлэл өгч байгаа. Тус дугаарт ирсэн дуудлагын 43.9 хувь нь томуу, томуу төст өвчний тусламж, үйлчилгээ байгаа аж. Тиймээс томуу, томуу төст өвчин буюу амьсгалын замын цочмог халдварын үед эцэг эхчүүд бага насны хүүхдэдээ тавих анхаарал халамжаа сайжруулахыг эмч, мэргэжилтнүүд анхааруулж байна.