Францын үндэсний баяр
Бастилийн шорон шилтгээнийг дайран эзэлснийхээ дараа шууд л нурааж, хоёр жилийн дотор тэр нь үргэлжилжээ. Бастилийн шорон шилтгээнийг эзэлсний өдрийг Францын үндэсний баяр болгон 1880 оноос хойш тогтмол тэмдэглэж иржээ. Энэ өдөр Бастилийн талбайн хүндэтгэлийн баганын дэргэд ард олон цугларч баяраа тэмдэглэж эхлэнэ. Мөн цэргийн парад болохоос гадна орой нь ёслолын буудлагатай. Багана босгох хүртэл XIX зууны дунд үе хүртэл уг талбайд
Урк суваг ухагдсанд зориулж босгосон зааны хөшөө байжээ.
Энэ зааны гэдсэнд 40 жилийн дараа болсон өөр нэг хувьсгалын баатар Гаврош гэдэг хүүг зохиолч Виктор Гюго “Шоовдорлогдсон хүмүүс” номондоо амьдруулж байв
Өдрийн ишлэл
Герцог Лианкур: Бастилийг дайран эзэллээ. Командант нь алагдав! Түүний толгойг тасдан жаданд өлгөөд хотоор авч явж байна!
XVI Людовик хаан: Энэ чинь үймээн биз дээ!
Герцог Лианкур: Үгүй дээ, сир, энэ бол хувьсгал.
(1789 оны долдугаар сарын 14-ний өглөөний ярианаас)
Хаан өөрийнхөө захиргаагүй хамжлагуудаа алж талахаас татгалзсан хүмүүнлэг чанараа ард түмэндээ үнэлүүлэн өршөөгдөнө гэж бууж өгсөн юм. Гэсэн ч түүнийг гурван жилийн дараа олны өмнө Хувьсгалын талбайд толгойг нь аван цаазалсан билээ.Одоо тэр талбай Зөвшилцлийн гэж нэрлэгддэг.
Загалмайтнуудын анхдугаар аян
1099 ОН: Загалмайтны анхны аяныхан Иерусалимыг дайрч эхэлжээ.
Загалмайтнууд Иерусалимын хэрмийн дэргэд. Дундад зууны минатюр зураг
Загалмайтны 1200-1300 рыцариуд ба 12 мянган явган цэргийнхэн Францын Бульонын герцог Готфридын удирдлагаар Иерусалимд хүрч 14-ний өглөө хотыг дайрч эхэлжээ. Дайралт өдөржин үргэлжилж, шөнө болоход хоёр тал сэрүүн байцгаав. Мусульманчууд шөнийн дайралтаас айж, загалмайтнууд тэдний шөнийн довтолгоон гарч магадгүй гэж болгоомжилж байлаа. Дараагийн өдрийн өглөө нь дайралт эхлэн загалмайтнууд хотод цөмрөн оржээ. Хот эзлэгдэж байгааг харсан эмир загалмайтнуудад буун өгч хэрмийн хаалгаа нээсэн гэнэ. Загалмайтнууд хотын мусульман, еврей, христианчуудыг ялгалгүйгээр хүйс тэмтэрчээ.
Үүний дараа Готфридыг Иерусалимын вангаар томилсон боловч тэрээр Христийн тамлан тарчилсан хотод үлдэхгүй гэсэн байна. Загалмайтнууд өөрсдийн үүргийг биелүүлсэн гээд ихэнх нь тэр аянаас олз омог ихтэйгээр буцжээ.
Бенжамин Спокийн ном хэвлэгдэв
1946 ОН: Доктор Бенжамин Спокийн “Хүүхэд асрах ба түүнийг хүмүүжүүлэх нь” гэсэн анхны ном хэвлэгдэн гарлаа. Өөрийнхөө урт амьдралд “дэлхийн хүүхдийн” ерөнхий эмч гэгдэх Бенжамин Спок 13 ном бичсэн бөгөөд түүний “Хүүхдийн тухай болон түүнийг асрахыг эрүүлээр сэтгэх нь” гэсэн ном нь эцэг, эхчүүдийн нэвтэрхий толь болон түүнд дэлхийн алдар нэрийг авчирчээ. Бенжамин Спокийн бестселлерыг сая сая эхчүүд уншин удирдлагаа болгож байлаа. Анхны ном нь сурталчилгаагүйгээр 750 мянган хувиар эхний жилдээ зарагдаж, Библийн судрын дараа хамгийн алдартай хоёр дахь ном болсон байв. Өнгөрсөн зууны эхээр тэр номын хэвлэгдсэн нийт хувь нь 50 сая хүрч дэлхийн 42 хэлээр хөрвүүлэгдсэн байжээ.