Гадаад хэргийн сайд Женевт айлчилж байна

Хуучирсан мэдээ: 2015.03.06-нд нийтлэгдсэн

Гадаад хэргийн сайд Женевт айлчилж байна

Монгол Улсын Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн энэ сарын 4-нөөс НҮБ-ын Женев дэх төвд айлчилж байна. Сайд Л.Пүрэвсүрэн айлчлалынхаа эхний өдөр НҮБ-ын Женев дэх төвийн Ерөнхий захирлын үүрэг гүйцэтгэгч ноён Майкл Мөллер болон НҮБ-ын Хүний эрхийн асуудал хариуцсан дээд комиссар ноён Заед Ра Ад Аль Хуссейнтай Үндэстнүүдийн ордонд тус тус уулзлаа.

Сайд Л.Пүрэвсүрэн НҮБ-ын Женев дэх төвийн Ерөнхий захирлын үүрэг гүйцэтгэгч ноён М.Мөллертэй уулзахдаа Монгол Улс НҮБ болон түүний системийн байгууллагуудтай харилцаа, хамтын ажиллагаагаа цаашид ч гүнзгийрүүлэн бэхжүүлэх сонирхолтой байдгийг нотлов. Түүнчлэн Монгол Улс дэлхий дахинаа энх тайван, хөгжил, хүний эрхийг хөхиүлэн дэмжих үйлсэд хувь нэмрээ оруулан ажиллаж байгааг онцолж, Монголын зэвсэгт хүчин олон улсын энхийг сахиулах ажиллагаанд идэвхтэй оролцож ирсэн, мөн манай улс НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаар ардчиллын боловсролын тухай тогтоол батлуулсан, Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийг амжилттай даргалсан зэргийг дурдлаа. Монгол Улс зэвсэг хураах, үй олноор хөнөөх зэвсгийг үл дэлгэрүүлэх, зэвсэглэлд хяналт тавихад чиглэсэн олон улсын хамтын нийгэмлэгийн хүчин чармайлтыг ямагт дэмжиж хувь нэмрээ оруулж ирсэн бөгөөд манай улс Женев дэх Зэвсэг хураах бага хурлыг даргалж буй энэ үед зэвсэг хураах олон талт хэлэлцээ хийх чиг үүрэгтэй эл чухал индэрийн үйл ажиллагааг урагшлуулахын төлөө бүхий л бололцоогоо дайчлан ажиллаж байгааг онцлон тэмдэглэв.

Түүнчлэн НҮБ-ын Женев дэх төвд монгол мэргэжилтнүүдийг шалгаруулан авч ажиллуулах талаар анхаарахыг хүсэлт болгов.

Ерөнхий захирлын үүрэг гүйцэтгэгч ноён М.Мөллер дэлхийн нийтийн энх тайван, аюулгүй байдал, хөгжил дэвшлийн зорилтуудыг урагшлуулахад чиглэсэн НҮБ-ын үйл ажиллагаа, хүчин чармайлтыг дэмжихэд Монгол Улсын оруулж ирсэн хувь нэмрийг НҮБ-ын зүгээс өндрөөр үнэлж, талархалтай байдгийг нотлов. Тэрээр Монгол Улс Зэвсэг хураах бага хурлыг даргалж буй энэ өдрүүдэд энэ чухал байгууллагын үйл ажиллагааг сэргээн идэвхжүүлэх чиглэлээр идэвх, санаачилгатай ажиллаж буйд баяр хүргээд НҮБ-ын Женев дэх төвд чадварлаг мэргэжилтнүүд ажиллах бололцоо нээлттэй, ил тод байгааг тайлбарлаад монгол мэргэжилтнүүдийг шалгаруулан авч ажиллуулах тухай манай талын хүсэлтийг анхаарч ажиллах болно гэв.

Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн НҮБ-ын Хүний эрхийн асуудал хариуцсан Дээд комиссар ноён Заед Ра Ад Аль Хуссейн-тэй уулзахдаа НҮБ-ын Хүний эрхийн асуудал хариуцсан Дээд комиссарын алба (ХЭДКА)-ны зүгээс дэлхий дахинаа хүний эрх, эрх чөлөөг дэмжих, хамгаалах чиглэлээр явуулж буй хүчин чармайлт, үйл ажиллагааг нь сайшаан дэмжиж буйгаа илэрхийлэв.

Дэлхийн хамтын нийгэмлэгийн гишүүний хувьд ардчиллыг бэхжүүлэх, хүний эрх, эрх чөлөөг хангахад чиглэсэн үйл ажиллагааг дэмжиж, идэвхтэй оролцох нь Монгол Улсын Гадаад бодлогын гол зарчмуудын нэг болохыг Гадаад хэргийн сайд онцлон тэмдэглэж Монгол Улс энэ чиглэлээр олж хуримтлуулсан сургамж, туршлагаа бусад орнуудтай хуваалцах зорилгоор хамтын ажиллагааны сан байгуулан бүс нутгийн бусад орнуудын хамт олон арга хэмжээ зохион байгуулсныг дурдав. Түүнчлэн Монгол Улс “Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэг”-ийг 2011-2013 онд амжилттай даргалсан, “Интернет эрх чөлөө эвсэл”-ийг 2014-2015 онд даргалж байгаа бөгөөд энэ оны 5 дугаар сарын 4-5-ны өдрүүдэд уг эвслийн Өндөр түвшний 5 дахь удаагийн бага хурлыг Улаанбаатар хотноо зохион байгуулах гэж байгааг дурдаж тус бага хуралд НҮБ-ын ХЭДКА-наас өндөр түвшинд оролцохыг урив.

Монгол Улс НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн 2016-2018 оны бүрэн эрхийн хугацаанд гишүүнээр сонгогдохоор нэрээ дэвшүүлээд байгаа бөгөөд дэлхий дахинаа хүний эрх, эрх зүйт төр, ардчиллыг бэхжүүлэх үйлсэд Монгол Улсын Засгийн газраас өөрийн хувь нэмрээ оруулж, НҮБ, түүний  байгууллагуудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлэх эрмэлзэлтэй байгааг Гадаад хэргийн сайд илэрхийлэв. НҮБ-ын Хүний эрхийн асуудал хариуцсан Дээд комиссар ноён Заед Ра Ад Аль Хуссейн Монгол Улсын Засгийн газраас ардчиллыг бэхжүүлэх, хүний эрхийг дээдлэх, хамгаалах асуудалд онцгой анхаарч эдгээр чиглэлээр олон улсын болон бүс нутгийн түвшинд идэвхтэй ажиллаж өөрийн хувь нэмрээ оруулж байгааг сайшаан тэмдэглээд цаашид бүхий л талаар хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийллээ.

Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн НҮБ-ын Женев дэх төвд хийж буй энэхүү айлчлалынхаа хүрээнд Зэвсэг хураах бага хурлын Өндөр түвшний хуралдаан, НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн Өндөр түвшний чуулган болон Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн Удирдах зөвлөлийн хуралд оролцож үг хэлэх юм байна.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж