Долоо хоногийн тойм: Айлчлал ба улс төр, утаа | News.MN

Долоо хоногийн тойм: Айлчлал ба улс төр, утаа

Долоо хоногийн тойм: Айлчлал ба улс төр, утаа

Долоо хоногийн тойм: Айлчлал ба улс төр, утаа

Бүүдгэр мананд умбасан Улаанбаатарын утаатай өдрүүд үргэлжилж байна.  Нийслэлд хэдийнэ шинэ жилийн уур амьсгал орсон ч улс төрийн хэрүүл намжаагүй Төрийн ордонд хийдэг мэдэгдлүүд ч үргэлжилж байна. Энэ долоо хоногийн онцлох үйл явдлуудын нэг бол Ерөнхий сайд У.Хүрэлсүх Япон Улсад хийсэн албан ёсны айлчлал байлаа. Мөн Улаанбаатарын ид утааны үед ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар анх удаа утаатай танилцсан нь багагүй шүүмжлэл дагуулаад буй. Түүнчлэн УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ, Ж.Батзандан нар  УИХ-ын дарга М.Энхболдыг өрөөнөөс нь чирж гаргахаа мэдэгдсэн нь олон хүний дургүйцлийг төрүүлсэн юм.

АЙЛЧЛАЛ: У.ХҮРЭЛСҮХ ШИНЗО АБЕТЭЙ УУЛЗАВ

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх анх удаа Япон улсад албан ёсны айлчлал хийсэн билээ. Монголын гуравдагч хөршийн хувьд Япон улс өнгөрсөн хугацаанд бидэнд 3 тэрбум ам.долларын тусламж, хөнгөлөлттэй зээл олгож иржээ. Айлчлалын хүрээнд Ерөнхий сайд У.Хүрэлсүх хоёр орны бизнес форумд оролцож, Японы Ерөнхий сайд Шинзо Абетэй уулзсан юм. Хоёр улсын Ерөнхий сайд нарын уулзалт найрсаг уур амьсгалд болсныг хэвлэлүүд цохон тэмдэглэж,  хоёр улсын байгаль орчны яам хооронд Хамтран ажиллах Санамж бичигт гарын үсэг зурсан талаар бичиж байна. Зүүн Азийн дээд түвшний уулзалтад Монгол Улс оролцохыг Япон Улсын Засгийн газар дэмжиж байгаагаа илэрхийлсэн бөгөөп Ерөнхий сайд Ш.Абэ  Бүс нутгийн энх тайван, тогтвортой байдлыг хангахад хувь нэмэр оруулж буй Монгол Улстай энэ чиглэлд хамтран ажиллахын төлөө” байгаагаа нотолсныг Монгол Улсын Ерөнхий сайд дэмжин хүлээн авчээ.

УТАА:ЗГХЭГ-ЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР БАЯНХОШУУНД АЖИЛЛАВ

Улаанбаатарын гамшиг болгож, нийслэлчүүдийн эрүүл мэндэд дайсагнаж буй утаатай ЗГХЭГ-ын дарга Ш.Занданшатар анх удаа танилцлаа. Олон жилийн турш нийслэлчүүдийн толгойны өвчин болсон энэ асуудлыг хэрхэн шийдэх талаар танилцуулахдаа"Улсын төсвөөс олгох болон банкуудын санхүүжилтийн эх үүсвэрийг ипотекийн зээлд  татан оруулахаар болов. Энэ нь хөнгөлөлттэй зээлийг агаар, орчны бохирдлыг бууруулахад чиглүүлэх зорилготой юм. Ингэснээр ипотекийн найман хувийн зээлийн санхүүжилтэд жилд зарцуулдаг байсан 300 тэрбум төгрөг 500 тэрбум болж нэмэгдэж байна.БНСУ, БНХАУ-ын зээл, тусламжийг иргэдийг орон сууцжуулахад зарцуулна. Мөн дагуул хотуудыг бий болгоно" гэв. Харамсалтай нь, ирэх оны улсын төсөвт ердөө 115 тэрбум төгрөг суулгаж өгсөн билээ.  Харин дагуул хотуудыг бий болгохын ард Ерөнхийлөгчийн яриад байгаа Майдар хотын асуудал багтаж байгаа нь тодорхой. Ийнхүү улсын төсвөөр, татвар төлөгчдийн мөнгөөр баригдах Ерөнхийлөгчийн санаачилсан Майдар хот "хоёр хөршдөө харагдахгүйгээр барьсан" шинэ төмөр зам шиг замхарчихгүй л бол яамай даа. Учир нь бондын мөнгөнөөс 280 сая ам.долларыг зарцуулсан шинэ төмөр замын хэргийг Улсын дээд шүүх хэлэлцээд анхан шатны шүүхийн шийдвэрийг ёсчилсон нь олон нийтийн сүлжээнд багагүй шүүмжлэл дагуулаад байгаа билээ.

УЛС ТӨР: УИХ ТЭГ ЗОГСОЛТ ХИЙСЭЭР

УИХ-ын нэр бүхий гишүүд "ажил хаялт" зарласаар байгаа билээ. Харамсалтай нь, тэдний ажил хаялт Монгол төрийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж буй юм.  Сонгогчдынхоо эрхэнд халдаж, Монголын төрийг гацааж байгаа гишүүдийн ажил хаялтаас болж гурван сайдын асуудал өнөө ч шийдэгдээгүй хэвээр байна. Ядаж байхад дүн өвөл хаяанд ирсэн байтал эдийн засгийн гол салбар болох Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам нь сайдгүй хэвээр байна.  Гэтэл хууль баталдаг гишүүд УИХ-ын дарга М.Энхболдыг өрөөнөөс нь чирж гаргана гэсэн мэдээлэл хийсэн нь нийгмийг цочирдуулав. Хэрэвзээ Монголд эрх зүйт төр гэж бий бол УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ, Ж.Батзандан нарын увайгүй улс төр хуулийн хүрээнд хязгаарлагдах ёстой билээ.

Б.БАТ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж