Д.Амартүвшин, Д.Алтансүх нар хүрэл медаль хүртлээ

Хуучирсан мэдээ: 2018.12.15-нд нийтлэгдсэн

Д.Амартүвшин, Д.Алтансүх нар хүрэл медаль хүртлээ

Д.Амартүвшин, Д.Алтансүх нар хүрэл медаль хүртлээ

Жүдо бөхийн дэлхийн чансааг тэргүүлж буй шилдэг бөхчүүдийн дунд болдог “Мастерс” тэмцээн өнөөдөр/2018.12.15/ БНХАУ-ын Гуанжоу эхэллээ. Уг тэмцээнд жин тус бүрийн чансаа өндөр 16 бөх өрсөлдөх бөгөөд 53 орны 231 /эрэгтэй 117, эмэгтэй 114/ жүдоч урд хөршид очжээ.

Манай улсаас эрэгтэй ес, эмэгтэй гурван жүдоч өрсөлдөж байгаагаас өнөөдөр дэвжээнд ес нь гарч Д.Амартүвшин, Д.Алтансүх нар хүрэл медаль хүртлээ.

Өнөөдөр эрэгтэйчүүдийн 60, 66, 73 кг, эмэгтэйчүүдийн 48, 52, 57, 63 кг-ын жингийн барилдаанууд болж, медальтнууд тодорлоо.

Эрэгтэй 60 кг-д Гавьяат тамирчин Д.Амартүвшин эхний тойрогт хийлж, ОХУ-ын Алберт Огузовыг ялсан ч Гүржийн бөх Амиран Папинашвилид дийлдлээ. Тэрбээр хүрэл медалийн төлөөх барилдаанд Бразилын Такабатакег ялж, медалийн тавцанд зогслоо. Энэ жинд барилдсан дэлхийн аварга, Гавьяат тамирчин Г.Болдбаатар Узбекистаны Ш.Лутфиллаевт ялагдсан.

66 кг-д Д.Алтансүх хүрэл медаль хүртлээ. Тэрбээр эхний тойрогт хийлж, Казахстаны Ерлан Серикжановыг ялж, шөвгийн наймд үлдсэн ч Бразилын Даниел Рагнинд дийлдсэн. Д.Алтансүх Словак, Казахстаны бөхчүүдийг дараалан ялж, медалийн тавцанд зогслоо.

Энэ жинд барилдсан Г.Хэрлэн шөвгийн наймд Японы Ж.Марүямад, дагах барилдаанд Гүржийн Марвелашвилид дийлдэн шагналт долдугаар байр эзэллээ.

Мөн эрэгтэйчүүдийн 73 кг-ын жинд Г.Одбаяр, эмэгтэйчүүдийн 48 кг-д дэлхийн аварга М.Уранцэцэг нар хүрэл медалийн төлөөх барилдаанд ялагдлаа.

57 кг-д дэлхийн аварга, олимпийн хүрэл медальт, Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Д.Сумъяа шагналт долдугаар байр эзлэв. Тэрбээр Унгарын Хедвиг ялсан ч Канадын Климкэйт, Японы М.Тамаоки нарт дараалан ялагдлаа.

Эхний өдөр Японы баг тамирчид гурван алт, хоёр мөнгө, хоёр хүрэл медаль хүртсэн амжилтаар тэргүүлсэн бол Косово, Франц, ОХУ, Азарбайжан нэг аваргатай болсон байна. Монгол Улсын баг тамирчид хоёр хүрэл медальтайгаар жагсаалтын есдүгээр бичигдэж эхэллээ. 53 орноос 13 орон ямар нэгэн медаль хүртсэн байна.

Тэмцээний хоёр дахь өдөр буюу маргааш эрэгтэйчүүдийн 81, 90, 100, +100, эмэгтэйчүүдийн 70, 78, +78 кг-ын жингийн барилдаан болж, медальтнууд тодорно.

Манай бөхчүүдээс эрэгтэйчүүдийн 81 кг-д Н.Дагвасүрэн, О.Ууганбаатар, +100 кг-д Ө.Дүүрэнбаяр нар барилдана.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж