Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион Төрийн ордны Их танхимд “Залуу энтрепренёруудын анхдугаар зөвлөгөөн” өчигдөр/2018.12.15/ боллоо.
Ерөнхийлөгчийн Тамгын газар, Монголын залуу бизнес эрхлэгчдийн зөвлөл хамтран зохион байгуулсан энэхүү зөвлөгөөнд Монгол, БНСУ-ын залуу бизнес эрхлэгчид оролцлоо.
Уг зөвлөгөөний зорилго нь Монгол Улсад бизнес эрхлэлтийг хөгжүүлэх, жижиг биенес эрхлэгчдийн оролцоог нэмэгдүүлэх, тэдний хамтын ажиллагаа, уялаа холбоог сайжруулахад чиглэжээ.
Зөвлөгөөний эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга үг хэлж, зөвлөгөөнд оролцогчдод амжилт хүслээ.
Ерөнхийлөгч Х.Баттулгын хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэе.
БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Интэй Монгол Солонгосын эдийн засаг, бизнесийн харилцааг хэрхэн тэлэх, хөгжүүлэх талаар ярилцаж байсан санаануудаас маань өнөөдөр нэг нь хэрэгжих алхмаа эхлүүлж Залуу энтрепренёруудын уулзалт Улаанбаатарт болж, зөвлөлдөж байгаад би баяртай байна. Хоёр орны уламжлалт харилцааг шинэ шатанд гаргах, шинэ эрч хүчийг авчирахад залуус маш их зүйлийг хийж чадна гэдэгт би итгэдэг. Аливаа шинэчлэл өөрчлөлтийг шинэ хүмүүс л хийдэг. Залуус бол шинэчлэлийн хөдөлгөгч хүч нь байдаг.
Эрчимтэйгээр өөрчлөгдөж буй дэлхийн хөгжлөөс хоцрогдон хойш сууж буй Монгол Улсын эдийн засгийг эрчимжүүлэх, орчин цагийн хэмнэлд оруулахад Монгол-Солонгосын залуу энтрепренёрууд өөрсдийн хувь нэмрийг оруулах цаг тулж иржээ. Хараад, шүүмжлээд суух нь залуу хүмүүст дэндүү хангалтгүй байдаг. Та нар өөрчлөхгүй бол юмс өөрөө аяндаа өөрчлөгдөнө гэж байхгүйг ойлгох хэрэгтэй. Тийм учраас залуу хүнд зайлшгүй байдаг чухал чанар болох өөрчлөлт, эрс шинэчлэлтэд тэмүүлэх чанараа улс орныхоо хөгжлийн төлөө, үндэстнийхээ сайн сайхны төлөө чинээнд нь тултал ашиглаарай гэж та бүхнээс хүсье” гэв.
Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2017 онд ОХУ-ын Владивосток хотноо БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Интэй уулзахдаа хоёр улсын иргэдийн харилцаа өндөр түвшинд хүрч, солонгос хэлээр ярьдаг 100 мянга гаруй монгол хүн байгаагаас гадна тухайн улсад ажиллаж, амьдардаг 40 гаруй мянган хүн байгаа нь хамтарч ажиллахад боловсон хүчний асуудал тулгарахгүй талаар ярилцаж, санал солилцсон талаараа танилцуулсан юм. Улмаар талууд экспортод чиглэсэн бизнес хамтарч хийх боломжийг нэмэгдүүлэхийн тулд энэ удаагийн зөвлөгөөнийг Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулж байгаа гэлээ.
Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хөдөө аж ахуй, мал аж ахуй, аялал жуулчлал зэрэг салбарт ямар бодлого баримталж байгаа талаараа “Залуу энтрепренёруудын анхдугаар зөвлөгөөн”-д танилцуулж, зөвлөгөөнд оролцогчдод амжилт хүсэв. Монгол Улсын Ерөнхийлөгчийн залуу бизнес эрхлэгчдийг дэмжих үйл ажиллагааны хүрээнд зохион байгуулагдсан энэхүү зөвлөгөөнд Монгол, БНСУ-ын залуу бизнес эрхлэгчид оролцож, илтгэл тавин, илтгэлийнхээ хүрээнд ярилцсан юм.
Зөвлөгөөний үеэр Нэгдсэн Үндэсний байгууллагын найм дахь Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн видео мэндчилгээ илгээжээ.
Залуу энтрепренёруудын анхдугаар зөвлөгөөнд Монгол болон БНСУ-ын төлөөлөгчид илтгэл тавьж, туршлагаасаа хуваалцлаа.
Монголын талаас Mezorn үүсгэн байгуулагч Б.Манлай, Монгол Улсын Ерөнхийлөгчийн хэрэгжүүлж буй “Ногоон хөгжил аялал жуулчлалын нэгдсэн бодлого” төслийн зохицуулагч С.Очир-Эрдэнэ, “Талын эзэн” ХХК-ийн үүсгэн байгуулагч, Гүйцэтгэх захирал С.Сайханбаяр нар байв.
БНСУ-аас ТМОN, Какао мobility компанийг үүсгэн байгуулагчдийн төлөөлөл оролцож өөрсдийн туршлагаасаа хуваалцсан юм. Мөн БНСУ-ын Хөдөө орон нутгийн хөгжлийн хэлтэс, Солонгос хөрөнгө оруулагчдийн түншлэл зэрэг байгууллагын төлөөлөгчид Монгол залуу бизнес эрхлэгчдэд өөрийн орны туршлагаасаа танилцууллаа.
“Мега интернэшнл” компанийн технологи хариуцсан захирал Б.Манлай:
Залуучууд бизнес эрхлэхээс гадна залуучуудын бизнес эрхлэх орчныг нь бүрдүүлж өгөх хэрэгтэй болоод байна. Өнөөдрийн чуулганаар бид ийм байгууллага бий болгож байгаа олон нийтэд хүргэх эхлэлээ тавьж байна. Бизнес хийх гэсэн учраа олохгүй байгаа, мөн санаачлаг гарган яваа залуучуудыг хөрөнгө санхүүгээр дэмжих, өөр бусад боломжууд юу байна түүгээрээ туслах зорилготойгоор энэхүү зөвлөгөө, чуулганыг хийлээ. Энэ бол цаашид бидний хийх гэж байгаа олон арга хэмжээний эхлэл нь болж байгаа. Технологи, аялал жуулчлал, хөдөө аж гэсэн гурван салбарыг онцолж байна. Бид уламжлалт гэсэн байр сууринаас илүүтэй орчин үед дэлхийн хөгжлийн чиг хандлага биднээс юуг хүсэж, чиглэж байгааг анхааран судалгаа тооцоотой ажиллаж байгаа. Бид боломжуудаа сайтар хуваалцах хэрэгтэй болж байна. Залуу бизнес эрхлэгчдийн хувьд санхүүгийн дэмжлэг гол чухал байна. Бидэнд мэдлэг, боловсрол, хийе бүтээе гэсэн хүсэл эрмэлзэл байгаад байдаг гэтэл дэмжлэг дутаад байгаа юм.” гэлээ.
БНСУ-ын талаас "Залуу энтрепренёруудын анхдугаар зөвлөгөөн”-д дөрвөн илтгэгч оролцсон юм.
TMON-ын үүсгэн байгуулагч, тэргүүн Даниел Шин өөрийн туршлагаасаа хуваалцлаа.
ТMON компани нь олон нийтийн гар утсанд түшиглэн худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компани юм. TMON гар утсаараа дамжуулан зайнаас хийх үйлдлийг хялбаршуулах зорилготой.
Даниел Шин хэлэхдээ “2010 онд дөрвөн андтайгаа нийлээд TMОN-ыг анх үүсгэн байгуулж байлаа. Тухайн үед АНУ-д төгссөн биднийг Сөүл хотод хоолны үйлчилгээ явуулахад гайхах хүн олон байсан. Сөүл хотод хоолны газар нээхэд хэцүү. Бид ресторанаар явж, хөнгөлөлтийн карт нэхдэг байсан. Бид хамтдаа нэг оффист байрлаж, бүр тэндээ амьдардаг байлаа. АНУ-д өндөр боловсрол эзэмшсэн биднийг хоолны үйлчилгээ үзүүлэхэд зэмлэх хүн олон байсан. Сөүлд эхэлсэн ажил орон нутагт өргөжин тэлсэн. Өнөөдөр БНСУ-д олон сая хэрэглэгчтэй боллоо. Хүн аливаа ажлыг хийхийн тулд баг хамт олноороо сайн нэгдэж чадсан байх хэрэгтэй. Харин бид энэ багийг сайн бүрдүүлж чадсан. Монгол Улсын залуу бизнес эрхлэгчдэд тулгамдаж байгаа асуудал олон байгааг сонслоо. Мэдээж банкны санхүүгийн дэмжлэг авахад хүндрэлтэй талууд олон байна. Цаашид хамтран ажиллахад олон сайхан боломжууд нээлттэй байна гэдэгт итгэлтэй байна” гэсэн юм.
“Smart Mobility Business”-ын тэргүүн, kakao mobility-ын гүйцэтгэх захирал Жон Жонван Ху мөн өөрийн туршлагаасаа хэллээ. Тэрбээр “Миний сонирхол бол компьютерийн вирус, хиймэл оюун ухаан байсан. Би энэ сонирхлын дагуу маш их зүйлийг сурч, хуримтлуулж чадсан. Какао анх 2010 онд мэссэж бичих зорилготой апплекишнийг гаргаж байсан. Энэ нь жил ирэх тусам улам өргөжсөн. Сүүлийн мэдээллээр солонгосчууд facebook, wechat-с илүүтэй какао хэрэглэж, ашиглах нь ихэссэн. 2014 онд kakao taxi үйлчилгээг явуулж эхэлсэн нь өнөөдөр хамгийн их хэрэглэгчтэй болж чадлаа. Энэ нь маш олон давуу талтай. Ялангуяа эмэгтэй үйлчлүүлэгчид сэтгэл хангалуун байдаг бөгөөд тэдний аюулгүй зорчиход бүхий л нөхцлийг хангаж чадсанаараа онцлог болж байна” гэсэн юм.
Холбоотой мэдээ