Австралийн Засгийн газар Баруун Иерусалимыг Израилын нийслэл болохыг хүлээн зөвшөөрсөн тухай Ерөнхий сайд Скотт Моррисон өчигдөр /2018.12.14/ мэдэгдлээ.
Гэхдээ Израил, Палестин хоёр энхийн хэлэлцээ байгуултал Тел-Авив дахь Австралийн Элчин сайдын яамыг Иерусалим руу нүүлгэхгүй байхаар болсон аж.
Австрали улс Баруун Иерусалимыг Израилын нийслэл болохыг мөн Зүүн Иерусалим нь Палестиний нийслэл байж болохыг хүлээн зөвшөөрч байгаа юм. Скотт Моррисон өчигдөр Израилын Ерөнхий сайд Бенжамин Нетаньяахутай утсаар ярьж, өөрийн Засгийн газрын байр суурийг мэдэгдсэн байна. Израилын зүгээс тэдний энэ шийдвэрийг талархан хүлээн авсан тухай Ерөнхий сайд Бенжамин Нетаньяаху өөрийн Твиттер хуудаснаа бичжээ.
АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп АНУ-ын сүүлийн хэдэн арван жил явуулсаар ирсэн гадаад бодлогын зарчмыг үл хайхран, өнгөрсөн тавдугаар сард тус улсад суух Элчин сайдын яамыг нийслэл Тел-Авив хотоос Иерусалим руу нүүлгэсэн билээ. Түүний энэхүү шийдвэрийг Палестин эсэргүүцсэн байр суурьтай байгаа юм.
Эртний хот Иерусалим нь ислам, христ болон иудейн шашны хувьд ариун газарт тооцогддог. Гэвч тус хотын харьяалал удаан хугацааны турш Израил болон Палестины хооронд маргаан дагуулсаар ирсэн юм. Иудейн шашинтнуудын хувьд Иерусалим нь Давид хааны байгуулсан, Соломон хааны ордон орших “ариун” газар бол Христийн шашинтнуудын хувьд Есүсийн амьдралынхаа сүүлийн өдрүүдийг өнгөрүүлсэн, Библид дурдсанаар түүний дахин төрөх “ариун” газар юм. Харин мусульман шашинтнуудын хувьд Иерусалим нь зөнч Мухаммедын энх тайвныг цогцлоож байсан, Медина, Мекагийн адил “ариун” газар аж.
Эх сурвалж: ВВС
Холбоотой мэдээ