Монголбанкны Мөнгөний бодлогын зөвлөл өнөөдөр хуралдаж, мөнгөний бодлогын саналыг хэлэлцэж эхэлжээ.
2015 оны нэгдүгээр сарын 14-ны өдрийн хуралдаанаар гадаад худалдааны нөхцөл сайжирч, гадаад валютын орох урсгал нэмэгдэх хүртэл макро эдийн засгийн гадаад тэнцвэрийг дэмжих зорилгоор мөнгөний бодлогын хүүг 1.0 нэгж хувиар нэмэгдүүлэн, 13.0 хувь болгох шийдвэр гаргасан юм. Үүний дүнд инфляцийн түвшин тогтворжиж байгааг эдийн засагчид онцолж байна.
Тэгвэл төлбөрийн тэнцэл алдагдалтай хэвээр байгаа төдийгүй гадаадын шууд хөрөнгө оруулалт сэргээгүй орчинд мөнгөний бодлогод ямар өөрчлөлт оруулах нь ихээхэн анхаарал татаж байгаа юм.
Бодлогын саналыг 2-3 удаагийн хурлаар хэлэлцсэний үндсэн дээр Мөнгөний бодлогын зөвлөлөөс шийдвэр гаргадаг бөгөөд ямар шийдвэр гаргах нь ойрын хугацаанд тодорхой болох аж.
Г.ДАРЬ