Олон улсын жүдо бөхийн холбооноос зохион байгуулдаг хамгийн нэр хүндтэй тэмцээний нэг бол “Мастерс” тэмцээн юм. Зөвхөн жин тус бүрийн чансаа өндөр 16 бөх оролцдог энэ жилийн “Мастерс” тэмцээн БНХАУ-ын Гуанжоу хотод болж байна.
Өнөөдөр эрэгтэйчүүдийн 60, 66, 73 кг, эмэгтэйчүүдийн 48, 52, 57, 63 кг-ын жингийн барилдаанууд болж медальтнууд тодорно.
Эрэгтэйчүүдийн 73 кг-ын жинд барилдаж буй Ц.Цогтбаатар дэлхийн аварга, БНСУ-ын шилдэг жүдочдын нэг Ан Чан Римд ялагдлаа. Ан Чан Рим Косовогийн Акилыг ялан хагас шигшээд үлдлээ.
Ц.Цогтбаатар энэ жилийн ДАШТ-ий шөвгийн наймд Ан Чан Римд ялагдаж байсан юм.
ДАШТ-ий алт, хошой хүрэл медальт БНСУ-ын Ан Чан Рим
Энэ жинд барилдаж байгаа Г.Одбаяр Казахстаны Смагулов, Шведийн Томми Макиасыг ялж, хагас шигшээд үлдлээ. Түүний дараагийн учраа бөх бол Канадын А.Маргелидон юм.
Мөн 60 кг-д барилдаж байгаа Д.Амартүвшин ОХУ-ын Альберт Огузовыг ялж, хагас шигшээд үлдсэн бол Г.Болдбаатар Узбекистаны Ш.Лутфиллаевт ялагдлаа.
66 кг-д Г.Хэрлэн, Д.Алтансүх нар шөвгийн наймд үлдээд байна. Мөн эмэгтэйчүүдийн 48 кг-д М.Уранцэцэг хагас шигшээд үлдлээ.
Хэсгийн барилдаан 15.00 цагт өндөрлөх бөгөөд 17.00 цагаас шигшээ барилдаан эхэлнэ.
БИЧЛЭГ: Ц.Цогтбаатар – Ан Чан Рим /БНСУ/
Холбоотой мэдээ