Колумбиас гаралтай алдарт дуучин Шакираг 2012-2014 оны хугацаанд Испани улсад төлөх нийт 14.5 сая еврогийн татвараас зайлсхийсэн хэрэгт буруутгаад байна.
“Дуучин Шакира нь Барселона клубийн хөлбөмбөгчин Жерар Пикетэй хамт Испанид амьдрахдаа олсон бүх орлогоосоо татвар төлөөгүй” хэмээн Испанийн өмгөөлөгч хэлжээ. Тэрбээр өөр улсын иргэншилтэй ч Испани улсад амьдарч байгаа тул заавал татвар төлөх ёстой аж. Испани улсын хуулиар татвараас зайлсхийсэн хэрэгт их хэмжээний торгууль ногдуулах болон хоёр жил хүртэлх хугацаагаар хорих ялаар шийтгэдэг байна.
Шакира гадаадын олон улс орноор тогтмол аялж явдаг бөгөөд Испанийн Барселон хотоос гадна АНУ-ын Флорида болон Бахам буюу Багамын хамтын нөхөрлөлийн оронд орон сууцтай боловч ихэнх цагаа Испани улсад өнгөрүүлдэг. Тэрбээр хөлбөмбөгчин Жерар Пикегтэй гэрлэн, хоёр хүүхэд төрүүлснийхээ дараа 2015 онд Испани улсад албан ёсоор оршин суух болсон бөгөөд татвараа ном ёсоор нь төлсөн хэмээн Шакирагийн өмгөөлөгч хэлжээ.
Шакираг татвараас зайлсхийхийн тулд хөрөнгөө Бахамад оффшор дансанд хадгалж байсан хэмээн Испанийн зүгээс үзэж байгаа юм. Бахамад татварын шимтгэл нь Испанийг бодвол хамаагүй бага байдаг аж.
Эх сурвалж: DW
Холбоотой мэдээ