Андрей Воронцов: Монголчууд сонгомол бөхөөр амжилт гаргана

Хуучирсан мэдээ: 2018.12.15-нд нийтлэгдсэн

Андрей Воронцов: Монголчууд сонгомол бөхөөр амжилт гаргана

Андрей Воронцов: Монголчууд сонгомол бөхөөр амжилт гаргана

Дэлхийн нэгдсэн бөхийн холбоо (ДНБХ) –ны Ази тивийн зөвлөлийн гүйцэтгэх захирал Андрей Воронцов, ДНБХ-ны сургагч багш, Украйн улсын сонгомол бөхийн шигшээ багийн ахлах дасгалжуулагч, 2000 оны Дэлхийн залуучуудын аварга, 2006 оны насанд хүрэгчдийн дэлхийн аварга Владимир Шацких нар Монголд хүрэлцэн ирээд байгаа. Тэд сонгомол барилдааны сургалт хийж буй юм. Сургалт завсарлах үеэр нь  цөөн хором ярилцлаа.


-Сайн байна уу, манай уншигчдад  өөрийгөө танилцуулахгүй юу?

-Намайг Андрей Воронцов гэдэг, Дэлхийн нэгдсэн бөхийн холбооны ази тивийн зөвлөлд гүйцэтгэх захирлаар ажилладаг. Надтай хамт ДНБХ-ны сургагч багш Владимир Шацких ирсэн. Бид  энэ сарын 4-нд ирээд Орхон-Уул аймагт гурав хоногийн сургалт хийсэн,  үргэлжлүүлэн Улаанбаатар хотод 10 хоногийн эрчимтэй сургалт явуулаад 25-нд буцна.

-Монгол оронд сонгомол бөхийг хөгжүүлэх эхлэлийг тавихаар ирсэн та бүхэнд баярлалаа? 

-Миний хувьд чөлөөт бөх болон сонгомол бөхөөр барилдаг байсан. Тухайн үед улсынхаа аварга болж байсан. Чөлөөт бөхөөр барилдаж байгаад сонгомол бөхөөр хичээллэсэн. Энэ шилжилтийг өөрийн биеэр мэддэг тамирчин тус сургалтыг хариуцаж явуулахад дөхөм байдаг юм. Иймээс мэдлэг туршлагаа Монголын дасгалжуулагч, тамирчидтай хуваалцах болсондоо баяртай байна.

-Сонгомол барилдааны онцлогийг товч танилцуулахгүй юу?

-Чөлөөт бөхөөс сонгомол барилдаан нь их өөр.Ххоёр өөр бэлтгэл хийх шаардлагатай байдаг.Тухайлбал чөлөөт бөх илүү, хурд, тэсвэрийг шаарддаг бол, сонгомол бөх нь зогсоо барилдаан тул биеийн хүчийг илүү шаарддаг. Энэ нь танай үндэсний бөхтэй тун ойролцоо юм.

-Та манай улсын чөлөөт бөхийн тамирчдыг хэр мэдэх вэ. Сонгомол бөх нь монгол хүний бие бялдарт хэрхэн тохирох бол? 

-Би ирэхээсээ өмнө Монгол орны түүх, соёлыг нь нэлээдгүй судалсан. Тухайлбал,  эрийн гурван наадмын үндэсний бөхийг илүү сонирхож үзсэн. Мөн ажлын шугамаар Ази тивд, Монгол улсад сонгомол бөхийг хөгжүүлэх талаар судаллаа. Танай орны цаг уур, амьдралын хэвшил, хүн ардынх нь биеийн хөгжлийг бусад улсын иргэдтэй харьцуулахад эл бөхийн төрөл өндөр хөгжих бүрэн боломжтой санагдсан. Түүнчлэн Ази тивийн бусад орнуудтай харьцуулахад Монгол бөхчүүдийн олон улсад гаргасан амжилт нь 55 хувиар илүү гэсэн дүн гарсан.

-Цаашид МЧБХ-ны дасгалжуулагч, тамирчид сонгомол бөхийг эх орондоо эрчимтэй хөгжүүлэхэд юуг онцгой анхаарах шаардлагатай вэ?

-Сонирхолтой асуулт байна. Маш чамбай хандах хэрэгтэй  төдийгүй, уг бөхийн дасгалжуулагчийг маш сайн бэлдэж, бага насны хүүхдүүдийг анхнаас нь зөвхөн сонгомол бөхөөр хичээллүүлбэл илүү үр дүнтэй.

-Манай тамирчид хичээвэл, хэдий хэр хугацааны дараа олон улсад амжилт гаргах боломжтой гэж та харж байна вэ?

-МЧБХ, МҮОХ-ны зүгээс онцгой анхаарч, тууштай, эрчимтэй хөгжүүлбэл Монголын тамирчид гурав, дөрвөн жилийн дараа олон улсын тэмцээнээс анхны амжилтаа гаргах боломжтой. 2024 он гэхэд илүү сайн үр дүнд хүрэх нөөц, бололцоотой санагдаж байна.

-Сая та Монголын багш, дасгалжуулагчдад “бух” гэдэг мэхээ зааж буй харагдлаа, Хэр зэрэг сурч байна вэ?

-Владимир Шацких: Монголын дасгалжуулагчид миний заасан мэхийг маш түргэн ойлгож, сурч буйг ажиглахад өндөр зэрэглэлийн багш нар санагдаа. Энэ нь надад мэх заахад маш хялбар төдийгүй урамтай байна.

Цаг зав гаргасанд баярлалаа. Та бүхний цаашдын ажилд амжилт хүсье.

П.БАТ-ЭРДЭНЭ

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж