Монголбанк асуудлаа хөгжлийн сангаар шийдвэрлэдэг

Хуучирсан мэдээ: 2015.03.06-нд нийтлэгдсэн

Монголбанк асуудлаа хөгжлийн сангаар шийдвэрлэдэг

П.Эрдэнэтуяа: Монголбанк ажилтнуудынхаа орон байрны асуудлыг Нийгмийн хөгжлийн сангаар шийдвэрлэдэг

УИХ-ын гишүүн Г.Уянга Монголбанкнаас ажилтнууддаа олгосон тусламжийн тухай мэдээ тарааж, албан тоот илгээж буйгаа өөрийн цахим хуудсаар мэдээлсэнтэй холбогдуулан Монголбанкны Захиргаа, хүний нөөцийн хэлтсийн захирал П.Эрдэнэтуяагаас зарим зүйлийг тодрууллаа.

-Г.Уянга гишүүн Монголбанкнаас ажилтнууддаа олгосон тусламжийн талаар нийтэд мэдээллээ. Энэ талаар тодруулах гэсэн юм?

-Г.Уянга гишүүний цахим хуудсаараа мэдээлсэн мэдээллийг бид харсан. Гишүүний албан тоот манайд өнөөдөр ирсэн. Манайд бичиг ирүүлэхээсээ өмнө цахим хуудсаараа энэ тухай мэдээллийг гаргасан байна билээ. Монголбанк бол төсвийн байгууллага биш. Төсвөөс нэг ч төгрөг авдаггүй. Харин олон нийтэд гарсан тэр мэдээлэл бол ажилтнуудын орон сууцны дэмжлэгийн  зээлтэй холбоотой  мэдээлэл байна. Монголбанкны ажилтнуудад олгож буй орон сууцны зээлийн дэмжлэг тусламж нь Нийгмийн хөгжлийн сангаас олгогддог юм.

-Нийгмийн хөгжлийн сан гэдэг нь ямар учиртай сан бэ?

-Монголбанкны Нийгмийн хөгжлийн саннь 1990 оноос өмнө Улсын банкны Ерөнхий хороо байх үеэс байсан, одоо ч байна. Энэ сангийн үйл ажиллагаа нь Төв банкны тухай хууль, Төрийн албаны тухай хууль, Монголбанкны дотоод журмуудаарзохицуулагддаг юм. Тухайлбал, Төрийн албаны тухай хуулийн 27.1 дэх хэсэгт “Төрийн албан хаагч нь төрөөс орон байраар хангагдах, цалин хөлс, нөхөх төлбөр, тусламж, шагнал, урамшил, тэтгэвэр тэтгэмж авах баталгаагаар хангагдана”гэж, Төв банкны тухай хуульд “Монголбанк өөрийн ажилтныг Төрийн албаны тухай хуульд зааснаас дордуулахгүйгээр ажиллах нөхцөл, баталгаагаар хангана” гэж тус тус заасан байдаг. Монголбанк бол төрөөс үүсгэн байгуулагдсан, төрийн мөнгөний бодлогыг хэрэгжүүлдэг төв байгууллага. Энэ утгаараа өөрийн ажилтан, албан хаагчдынхаа орон байрны болон нийгмийн асуудлыг бусад төрийн байгууллагын нэгэн адил холбогдох хууль тогтоомж, журамд заасны дагуу Нийгмийн хөгжлийн сангаасаа шийдвэрлэдэг. Нийгмийн хөгжлийн сан гэдэг бол ажил олгогчын зүгээс хүний нөөцийн бодлогын зардал юм.  Ажилтнуудын цалингаас тусдаа олгогддог зүйл.

-Нийгмийн хөгжлийн сангаасааажилтнууддааорон сууц олгодог гэсэн үг үү?

-Өмнө нь Монголбанк Улсын банкны Ерөнхий хороо гэж байх үеэсээ л Нийгмийн хөгжлийн сангийн хөрөнгөөс орон сууц худалдан авч, тодорхой шаардлага, шалгуурыг хангасан ажилтнууддаа гэрээ байгуулсны үндсэн дээр орон сууц олгодог байсан. Сангийн хөрөнгөөс орон сууц худалдан авдаг байсан энэ дэмжлэгийг 2011 оноос арай илүү хүртээмжтэй, үр ашигтай хэлбэрт шилжүүлж өөрчилсөн юм. Энэ нь нэг талаас эдийн засгийн нөхцөл байдалтай холбоотой. Нөгөө талаар ажилтнуудынхаа нийгмийн асуудлыг илүү хүртээмжтэй,түргэн хугацаанд, үр ашигтай хэлбэрээр шийддэг болох, ингэхдээ бас ажлын гүйцэтгэл, бүтээмж, үр дүнг нь сайтар харгалздаг байхыг зорьсон.

-Нийгмийн хөгжлийн сангаас ямар ажилтнууд орон сууцны дэмжлэг, тусламж авах боломжтой байдаг вэ?

-Үүнийг Монголбанкны ажилтанд орон сууцны зээлийн дэмжлэг олгох журмаар зохицуулдаг. Олон жил ажилласан ажилтнаас гадна ажлын гүйцэтгэлийн үр дүн, бүтээмжээс нь хамаарч залуу ажилтнууд маань ч гэсэн орон байртайболох боломж нээгдсэн. Орон сууцны зээлийн дэмжлэгийг Монголбанкны төв болон орон нутаг дахь салбарт ажиллаж байгаа, тодорхой шалгуур үзүүлэлт, шаардлагуудыг хангасан ажилтанд олгодог. Жилд дунджаар нийт ажилтнуудын 7 хүртэл хувьд орон сууцны зээлийн дэмжлэг үзүүлдэг. Энэ нь Монголбанкны хүний нөөцийн бодлогын хүрээнд боловсон хүчнийг аль болох тогтвор суурьшилтай, эрхэлсэн ажилдаа үр бүтээлтэй, хариуцлагатай, бүтээлч ажиллуулах хөшүүрэг юм. Өнгөрсөн жилүүдэдорон сууцны зээлийн дэмжлэг нь Нийгмийн хөгжлийн сангийн нийт зардлын 5.8 хувийг 2012 онд,  18.9 хувийг 2013 онд 16.5 хувийг 2014 онд тус тус эзэлж байжээ.

-Нийгмийн хөгжлийн сангийн зарцуулалтыг хэн хянадаг вэ?

-Нийгмийн хөгжлийн сангаас дамжин ажилтнуудад олгож байгаа орон сууцны зээлийн дэмжлэгийг Монголбанкны төсвийн зөвлөл эхэлж хянаад дараа нь захирлуудын зөвлөл, сүүлийн шатанд УИХ-аас томилогдсон Хяналтын зөвлөл хянадаг. 2015 оны 1 дүгээр сарын 1-нээс мөрдөгдөж эхэлсэн Шилэн дансны тухай хуулиар ажилтнуудад олгож байгаа дэмжлэг тусламжууд нийтэд нээлттэй, ил тод болж байгаа. Шилэн дансны тухай хуулиар 5 сая төгрөгөөс дээш дүнтэй гүйлгээ бүр хэнд ч ил тод болсон учраас Нийгмийн хөгжлийн сангийн зарцуулалтууднууц зүйл биш. Мөн жил бүр олон улсад нэр хүнд бүхий аудитын байгууллагаар Монголбанк санхүүгийн тайлангаа шалгуулан, баталгаажуулсан санхүүгийн тайлангаа УИХ-д танилцуулдаг. Монголбанкны цахим хуудсандаа байршуулан нийтэд ил тод байлгадаг.

-Монголбанк нийт хэдэн ажилтан, албан хаагчтай вэ, тэдний боловсролын түвшин?

-Монголбанк 400 гаруй  ажилтантай. Ажилтнуудын 70 гаруй хувь нь эдийн засаг, банк санхүү, мэдээллийн технологи, эрх зүйч болон бусад салбарын мэргэжилтнүүд ажилладаг. Нийт ажилтнуудын 49 хувь нь Монголбанкинд тав, түүнээс дээш жил, 39 хувь нь Монголбанкинд 10, түүнээс дээш жил ажилласан туршлагатай. Боловсролын зэргээр нь ангилж үзвэл ажилтнуудын 80 гаруй хувь нь магистр, докторын зэрэгтэй байна. Жилд дунджаар 10 орчим ажилтан гадаад, дотоодын байгууллагын тэтгэлгээр өндөр хөгжилтэй оронд бакалаврын дараах сургалтанд хамрагдаж, боловсролын зэрэг хамгаалж амжилттай төгсдөг. Мөн ажилтнуудын маань 70 гаруй хувь нь англи, орос, хятад, япон, солонгос, турк зэрэг гадаад хэлийг эзэмшсэн. Ажиллагсдын ажилласан байдал, ажлын туршлагыг авч үзвэл ахмад, дунд, залуу үеийн төлөөлөл хосолсон. Мэдээж залуу,чадварлаг ажилтнууд зонхилоххувийг эзлэж байна. Монголбанк бол улс төрийн байгууллага биш, мэргэжлийн байгууллага. Тийм ч учраас бидэнд ажилтнуудын мэргэжил, мэргэшил, ур чадварыг дээшлүүлэх, тогтвор, суурьшилтайажиллуулах асуудал чухал байдаг юм.

Ямар шалгуур үзүүлэлт, болзол нөхцөлтэйгээр ажилтанд орон байрны дэмжлэг үзүүлдэг вэ?

-Нийгмийн хөгжлийн сангаас орон сууцны зээлийн дэмжлэгийг жилд нийт ажилтнуудын 7 хүртэл хувьд олгож байна. Монголбанкны ажилтанд уг орон сууцны зээлийн дэмжлэгийг олгохдоо дараах зарчим, шалгуурыг баримталдаг. Ажилтны ажилласан хугацааны ажлын үр дүн, ёс зүй, үнэнч шударга, шуурхай ажиллах чадвар, идэвхи санаачилга, мэргэжлийн бэлтгэл, мэргэшсэн байдал, дадлага туршлага, Монголбанкинд ажилласан нийт жилийг харгалзана.Энэхүү зээлийн дэмжлэг авсан ажилтнуудтай “Монголбанкны ажилтанд орон сууцны зээлийн дэмжлэг олгох гэрээ” байгуулж Монголбанкинд 180 (нэг зуун наян) сараас доошгүй  буюу 15 жилийн хугацаанд үр бүтээлтэй, тогтвор суурьшилтай ажиллах, захиргааны болон ажилтны санаачилгаар ажлаас чөлөөлөгдсөн нөхцөлд орон сууцны зээлийн дэмжлэгийг журмын дагуу тооцож буцаан төлөх үүргийг тус тус хүлээдэг болно. Монголбанкны ажилтны орон сууцны асуудлыг шийдвэрлэх, нийгмийн баталгааг хангах, үр бүтээлтэй, тогтвор суурьшилтай ажиллуулах зорилгоор уг орон сууцны зээлийн дэмжлэгийг дээр дурдсан зарчим, шалгуур үзүүлэлтийн дагуу олгодог болно.

-Танай байгууллага дээр шилэн дансны хууль хэр хэрэгжиж байна вэ?

-Төсвийн гүйцэтгэлийг батлагдсан төсөв төлөвлөгөөтэй харьцуулсан харьцуулалт, цалингийн зардлаас бусад таван сая төгрөгөөс дээш үнийн дүн бүхий орлого зарлагын мөнгөн гүйлгээ хөрөнгө оруулалт, тендер худалдан авалт гэх мэтээр гүйлгээ бүрийг Монголбанкныхаа цахим хуудсаар мэдээлж байна. Санхүүгийн үйл ажиллагаа ил тод байх нь ач холбогдлын хувьд маш чухал. Иргэн бүрт бүх мэдээлэл нээлттэй болсон.

Ж.ЭРХЭС

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж