Украин улсад өнөөдөр /2018.12.15/ үндэсний, бие даасан үнэн алдартны сүмийн нээлт болж байна. Украины үнэн алдартны сүм хийдүүд ийнхүү бие даах болсонд сүсэг бишрэлээс гадна ОХУ, Украины хооронд үүссэн улс төрийн нөхцөл байдал ч нөлөөлж байгаа юм.
ОХУ 2014 онд Крымийг нэгтгэсэн болон өнгөрсөн сард Керчийн хоолойд болсон хэрэг явдал нь хоёр улсын улс төр, цэрэг батлан хамгаалахын салбарт хагарал, зөрчилдөөнт байдлыг үүсгээд байсан билээ. Тэгвэл тэдний харилцааны хямрал нь сүм хийд, шашин шүтлэгт ч нөлөөлөх болсны илрэл нь энэ юм.
ОХУ, Украин улсууд нь хоёул Христийн шашны үнэн алдартны урсгалыг шүтдэг бөгөөд өнгөрсөн хугацаанд Украины сүм хийдүүд нь ОХУ-ын захиргаанд буюу Москвагийн их хамбын харьяанд байдаг байв.
Украин дахь үндэсний, бие даасан үнэн алдартны сүмийн нээлт өнөөдөр болох бөгөөд нээлтийн үйл ажиллагаанд үнэн алдартны шашны оюун санааны удирдагч, Константинополийн их хамба патриарх Бартоломев оролцох юм. Константинополь нь Византийн эзэнт гүрний нийслэл байж байгаад хожим нэр нь өөрчлөгдсөн ч үнэн алдартны шашны төв хэвээр үлдсэн аж. Харин Константинополийн их хамба өдгөө Туркийн Истанбул хотноо суудаг.
Константинополийн их хамба нь өнгөрсөн аравдугаар сард үнэн алдартны шашны их хурлаар Украины сүм хийдүүдийг Оросын хамбын захиргаанаас гарч, шууд Константинопольд захирагдах статустай болгосон билээ. Үүнийг Москвагийн их хамба болоод Оросын сүсэгтэн олон эрс эсэргүүцсэн юм. Энэ тухай Венийн их сургуулийн Үнэн алдартны урсгалыг судлаач Рудольф Прокши ийн ярьжээ:
“Украины сүм хийдүүд зуу гаруй жилийн өмнөөс л Москвагийн их хамбын захиргаанаас гарч, бие даахыг эрмэлзсээр ирсэн. Харин сүүлийн үед ОХУ, Украины дунд бий болоод байгаа улс төрийн нөхцөл байдал болон Украины чиг хандлага баруун тийшээ илт хэвийх болсон нь сүм хийдийн бие даасан байдлыг тунхаглахад нөлөөлсөн. Мөн Украины сүм хийдийг Константинополийн захиргаанд оруулсанд АНУ тэргүүтэй барууны улс орнуудын шахалт ч орсон байхыг үгүйсгэхгүй. Ямартай ч Украины үнэн алдартнууд зөвхөн сүсэг бишрэлийнхээ эрх чөлөөний үүднээс ийм алхам хийгээгүй, харин улс төржсөн байгаа нь харагдаж байгаа юм. Украины Ерөнхийлөгч Петр Прошенко ч бас Керчийн хоолойд болсон хэрэг явдлын дараагаас Константинополийн их хамбаас сүм хийдийн тусгаар байдлыг зөвшөөрөхийг хүсэх болсон” хэмээн хэлжээ.
Оросын үнэн алдартны сүм хийдүүд нь Константинополийн засаг захиргаанаас аль хэдийн холбоогоо тасалсан төдийгүй Москвагийн их хамба олон улсын үнэн алдартны хурал, цуглаанд бараг очихоо больсон аж.
Эх сурвалж: DW
Холбоотой мэдээ