“Хан ресурс” компани Канадынх. Дорнодын ураны ордыг эзэмшдэг. Эзэмшиж байсан ашиглалтын лицензийг нь хураан авсныг эсэргүүцэж олон улсын Арбитрийн шүүхэд хандсан. Дөрвөн жил үргэлжилсэн шүүх хурал сая нэг эцэслэж манай Засгийн газар ялагдлаа. 100 сая ам.долларын өрөнд унагасан буруутан нь тэр, энэ гээд л өнөөдөр Монголын нийгэм тэр чигтээ “ Хан ресурс”-ээр амьсгалж байна. Энэ компанийн талаар мэдэхгүй хүн ч гэж байхгүй болж.
Үнэхээр улсын эдийн засаг хэцүүдсэн, ард түмэн нь халаасан дахь хэдэн төгрөгөө шар нар, бор өдрийн турш хэрхэн хүргэхээ тооцоолж буй энэ өдрүүдэд 100 сая ам.доллар буюу 187 тэрбум төгрөгийн өрөнд Засгийн газар маань орчихоод байгаа нь олон нийтийг бухимдуулахаас ч өөр арга алга. Цэцийн дээр хөх тэнгэрээс өөр юу ч үгүй гэдэг шиг Олон улсын арбитрийн шүүх шийдвэрээ нэгэнт гаргасан бол Америкийн Засгийн газар байсан ч шийдвэрийг нь биелүүлэх ёстой. Давж заалдах ч эрхгүй. Тиймээс Засгийн газар одоо энэ мөнгийг яаж төлөх арга зам, гарцаа л зөв хайж олохоос өөр аргагүй байдалд орсон.
Мөнгөөр нь төлсөн тохиолдолд мэдээж татвар төлөгчдийнхөө халаасыг сэгсэрэх нь тодорхой. Өмнө нь ч ийм байдлаар шийддэг байсан. “Марубений”, “Алтан дорнод монгол”, “Номаранг” гээд Засгийн газар шүүхэд дуудагдан ялж, ялагдаж байсан тохиолдол нэлээд хэд бий. Тэр үед төсөв мөнгө ч гайгүй байсан болохоор ялсан ч, ялагдсан ч зардал, хохирлыг нь чимээгүйхэн барагдуулчихдаг байсан байх. Харин одоо энэ хэвээр байсаар байх уу?
“Хан ресурс”-ын энэ асуудал бол анхнаасаа л гадна, дотнынхны анхаарлыг татаж байсан. УИХ-ын түвшинд яригдаж, УИХ-ын Аюулгүй байдлын байнгын хорооноос Ажлын хэсэг байгуулж, зөвхөн Дорнодын ураны бүлэг ордуудад зориулсан шахуу “Цөмийн энергийн тухай” хуулийг батлан гаргасан. Тухайн үед Монголд ашигт малтмал тэрдундаа ураны асуудал үнэхээр зах замбараагаа алдсан байсан. Үүнийг Ашигт малтмалын болон Цөмийн энергийн тухай хуулиийн дагуу ном журмаар нь цэгцэлсэн хэмээн ард түмэн ойлгож байсан. Гэтэл өнөөдөр УИХ, Засгийн газрын түвшинд хэлэлцэгдэж шийдэгдсэн ийм “том асуудал” хууль зөрчсөнийг хэнээс ч хараат бус байж чаддаг олон улсын Арбитрийн шүүх нотолсон нь манай дээд байгууллагын шийдвэр хуулиа ягштал баримталж чаддаг эсэхэд эргэлзээ төрүүлэв.
Тэр үеийн баримт, мэдээллийг сөхвөл, “Хан ресурс”-ын лицензийг хураан авах шийдвэрийг тэр үеийн Цөмийн энергийн газар, Засгийн газар хуулиа баримтлан дангаараа шийдээгүй нь хэвлэлийн хуудаснаа баримт болон үлджээ. Шийдвэр гаргаж, эрхийг нь цуцалсан нь Засгийн газар болохоос шийдлийг нь, үүргийг нь УИХ-аас томилогдсон Ажлын хэсгийнхэн өгчээ. УИХ бол Засгийн газрын үйл ажиллагаанд хяналт тавьж, үүрэг чиглэл өгөх бүрэн эрхтэй төрийн эрх барих дээд байгууллага. Энэ утгаараа УИХ, түүнээс томилогдсон Ажлын хэсгийн дүгнэлт бол Засгийн газар, түүний харьяа яам, агентлагуудын хувьд тэнгэрийн зарлиг л гэсэн үг. Энэ байдал ч тухайн үед “Хан ресурс”-т үйлчилсэн байж болохыг УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооноос томилогдсон Ажлын хэсгийн дүгнэлтээс харж болохоор байна.
2010.02.19 УИХ-ын Ажлын хэсэг Дорнодын ураны бүлэг ордуудтай холбоотой асуудлыг шалгаад дараах дүгнэлтийг гаргаж Засгийн газарт хүргүүлжээ. Үүнээс “Хан ресурс”-тэй холбоотойг нь онцолбол “… ”Төв Азийн Уран” компанид оруулсан Канадын хөрөнгө оруулалтын хэмжээг нягтлан үзэх, хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд одоо түдгэлзсэн байгаа 237А лицензийг “Төв Азийн уран” ХХК-иас татан авах …” хэмээн дүгнэлт гаргаж байжээ: Өөрөөр хэлбэл тухайн үед түтгэлзүүлсэн лицензийг нь хөрөнгө оруулалт, хүлээсэн үүргээ биелүүлсэн эсэхээр нь цуцал гэсэн “үүрэг” өгсөн нь шууд ойлгогдохоор байгааг анзаарахгүй байхын арга алга.
2010.02.23 УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга, Ажлын хэсгийн ахлагч З.Энхболдын “Өдрийн сонин”-д өгсөн ярилцлага. “Хан ресурс, Адамс майнинг компанид өгсөн хоёр лицензийг түтгэлзүүлээд байгаа. Бусад 12 лицензийг хэвийн хэмээн олгосныг эргэн харж, хууль бус үйлдлийг таслан зогсоох ёстой. Түдгэлзсэн хоёр лицензийг ч гэсэн шалгасны дараа хүчингүй болгох нь зүйтэй гэсэн дүгнэлтийг Засгийн газарт өнгөрсөн баасан гаригт хүргүүллээ” хэмээн ярилцлагадаа хэлжээ.
Өнөөдөр олон улсын хэмжээнд маргаан дагуулсан “Хан ресурс”-ын хэргийн буруутанг бид нийгмээрээ хайж байна. Тэр хүнээр төлбөр төлүүлэхээс илүүтэй хамгийн чухал нь өнөөдөр Монголд том, жижиг ямар ч асуудалд хариуцлага хүлээх эзэн, буруутан байхгүй болсон. Ялангуяа УИХ гэж уг нь хууль тогтоох үндсэн үүрэгтэй, гүйцэтгэх засаглалынхаа бурууг засч засч залруулах үүрэгтэй төрийн гол институци. Гэтэл тэд үүнийгээ умартан, эрх мэдлээ хэтрүүлэн гүйцэтгэх засаглалын шийдвэрт нөлөөлж буйг дээрх баримтаас харж болохоор байна.
Олон улсын Арбитрийн шүүхэд Засгийн газар хариуцагчаар оролцдог. Тийм болохоор бүх хариуцлагыг УИХ биш, Засгийн газар л хүлээдэг. Ард түмэн ч тухайн асуудлаар Засгийн газрыг, тэр үеийн удирдлагуудыг л буруутгадаг. Гэтэл үнэндээ эрх мэдлээ хэтрүүлж, ашиг сонирхлоо тулгадаг манай эрхэм гишүүдэд “но”-той асуудал олон байна. Засгийн газар бол буух эзэн буцах хаягтай. Засгийн газрын тэргүүний хувьд Ерөнхий сайд буух эзэн нь болж үлддэг. Харин УИХ бол сонгуулийн циклээр нүүдэлж буугаад, нүүгээд явдаг, олонхиороо гаргасан шийдвэрийнхээ төлөө хариуцлага хүлээх үүрэг хүлээдэггүй. Тиймээс Засгийн газарт буруу шийдвэр, чиглэл өгснийх нь улмаас энэ мэт олон улсын шүүхээр буруу нь тогтоогдвол ард түмнээсээ ядаж уучлал гуйж чаддаг ёс зүй УИХ-ын гишүүдэд хэрэгтэй байна.
УИХ олонхиороо шийдсэн учраас Засгийн газар буруудахгүй гэсэн тайлбарыг сүүлийн үед их хэлдэг болжээ. Гэтэл тухайн үед УИХ-аар хэлэлцсэн “Хан ресурс”-ийн асуудалд Засгийн газар өнөөдөр буруудлаа. Энэ нь Монголын УИХ өөрсдийнхөө баталсан хуулийг өөрсдөө зөрчдөг гэсэн ойлголтыг гаднынханд төрүүлж мэдэхээр байна.