"Ньюс" агентлаг энэ долоо хоногт хийсэн ярилцлагуудаа багцлан хүргэж байна.
Д.ХАЯНХЯРВАА: ХЭРЭВ БУРУУТАЙ БОЛ АЖЛАА ӨГ ГЭЖ М.ЭНХБОЛДОД ХЭЛСЭН
УИХ-ын гишүүн Д.Хаянхярваатай цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Эрх баригч намын дотоод үл ойлголцлоос болж УИХ-ын Байнгын хороо, Чуулганы хуралдаан хуралдаж чадахгүй, төрийн ажил гацаанд орчихлоо. Гэхдээ энэ бүхэн зөвхөн танай намын дотоод зөрчлөөс үүдэлтэй асуудал уу?
-Намын зовлон, төрийн зовлон болсон байна гэж улстөрчид, сөрөг хүчин, ард иргэд хэлж байна. Энэ бол гарцаагүй үнэн. Манай намын зовлон төрийн зовлон болж хувирсан. Энэ бүхэн чухам юунаас болж байгааг ард түмэн гадарлаж байгаа. Намын зовлонг илааршуулах, гэтэлж гарах, арга ухаан, улс төрийн соёлтой түвшинд хэлцэл хийгээд гарах боломж манай намын дарга, гишүүдэд бий гэж харж байна. Улс төрийн түвшинд хий хоосон зохиомол яриа үүсгэж, түүндээ итгэчихсэн хэсэг бүлэг хүмүүсийн эрх ашгаас л үүссэн. 60 тэрбум, ЖДҮ-ээс улбаалсан далай шиг ховноосоо манай намын удирдлагууд гарч чадахгүй байна. Далай шиг хов гэдэг нь Засгийн газартай хариуцлага тооцох асуудал яригдсанаас хойш олон нийтийн сүлжээгээр маш их гүтгэлэг, доромжлол өрнөлөө. Энэ зүйлдээ ч маш их мөнгө зарсан. Уг нь энэ мөнгөөр ард түмэнд хэрэгтэй жаахан ч гэсэн ажил хийсэн бол хэрэг болох байлаа. Ер нь бол хэн хүчтэй, эрх мэдэлтэй нь буулт хийж, зөв арга замыг хайж ажиллах ёстой гэсэн бодолтой байдаг хүн, би. Энэ бодол маань ч хэвээрээ, бага ч гэсэн итгэл тээж л явна. Өнөөдөр хэнд эрх мэдэл байна вэ гэвэл намын дарга, Ерөнхий сайд, намын Удирдах зөвлөлийг атгаж байгаа хүнд л бий. Төрийн дээр нам байгаа гэдгийг манай намын дарга өөрөө чуулганы индрээс зарласан шүү дээ. Тиймээс эрх мэдэл тэр хүнд л байна. Намын дарга өөрөө ярьж, шийдэж учраа олох ёстой. Эцсийн дүндээ Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд нар хоорондоо улс эх орныхоо цаашдын хувь заяаны талаар маш хатуу ярьж, тохирох ёстой асуудал юм.
Үргэлжлэлийг https://news.mn/r/2059022/ эндээс унших боломжтой.
С.ЭРДЭНЭ: МАН БОДЛОГОГҮЙ, ТӨР БАРИХ ЧАДВАРГҮЙ БАЙНА
Ардчилсан намын дарга, УИХ-ын гишүүн С.Эрдэнэтэй намынх нь дотоод асуудлаар ярилцлаа.
-МАН-ын бүлгийн хагарал танай бүлэгт халдварлаж Засгийн газрын санал хураалтаас үүдсэн АН-ын хагарал сөрөг хүчний хүчийг сулруулж байна. "Жоомоо шатаах гэж байгаад гэрээ шатаав" гэгчийн үлгэрээр бүдүүн бүлгийн хөлд АН үрэгдчих вий дээ гэсэн санаа зовнил ч олон нийтийн дунд байна?
-Манай бүлэг хоёр хуваагдсан зүйл байхгүй ээ. УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд, Б.Мурат нар намын Удирдах зөвлөлөөс гаргасан улс төрийн шийдвэрийг зөрчсөн. Намын дүрмийн дагуу тэд үүндээ зохих шийтгэлээ авсан. Түүнээс биш манай бүлэг хагарлын хэмжээнд очсон асуудал байхгүй. Хувь хүний өөрийнх нь улс төрийн ёс суртахуун, хариуцлагагүйгээс үүдэлтэй асуудал.
-Бүлгийнхээ эсрэг шийдвэр гаргасан гэж УИХ-ын гишүүн Л.Болд, Д.Мурат нарт сахилгын шийтгэл оногдуулж, харин Ж.Батзандан гишүүнийг намаас хөөх тушаал гаргаж зөрүүтэй хандсан нь ямар учиртай юм бэ?
-Аливаа гэм бурууд хэм хэмжээ гэж бий. Ж.Батзандан хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр намын байр суурь, дотоод асуудлаар ноцтой мэдэгдлүүд хийсэн. Мөн үндэслэл нотолгоогүй зүйлсийг гаргаж ярьсан. Удаа дараа ийм үйлдэл гаргасан учраас намын гишүүнчлэлээс нь хассан. Харин Л.Болд, Б.Мурат хоёрын хувьд зөвхөн санал хураалтын үеэр эсрэг кноп дарсан. Тиймээс энэ үйлдэлд нь тохирсон улс төрийн болон төрийн албан тушаалд сонгогдох эрхийг нь дөрөв хүртэлх жилээр түдгэлзүүлсэн. Энэ шийдвэрийг С.Эрдэнэ гэдэг намын дарга дангаараа гаргаагүй. Манай намын хяналтын эрх бүхий дээд байгууллагын хурлаар хэлэлцэгдэж улмаар гарсан дүгнэлтийг үндэслэн би тушаал гаргасан.
Үргэлжлэлийг https://news.mn/r/2058312/ эндээс унших боломжтой.
"УИХ-ЫН ДАРГА ХУУЛЬД ЗААГААГҮЙ ҮНДЭСЛЭЛЭЭР ОГЦРОХ БОЛОМЖГҮЙ"
УИХ-ын даргын Хууль зүйн бодлогын зөвлөх Р.Болдтой УИХ-ын даргыг огцруулах асуудалд хамаарах хууль, эрх зүйн гаргалгааны талаар ярилцлаа.
-УИХ-ын дарга М.Энхболдыг огцрох өргөдлөө өгөхгүй байгаагаас болж УИХ-ын үйл ажиллагаа гацчихлаа. Та түүний зөвлөхийн хувиар УИХ-ын даргатай яг энэ асуудлаар саналаа солилцов уу. Телевизийн ярилцлагад оролцохдоо хэлснээс өөр шинэ нөхцөл байдал үүссэн үү?
-Төрийн эрх барих дээд байгууллага УИХ бараг хоёр долоо хоног хуралдаж чадсангүй, гацчихаад байна. Гол нөлөөлөл нь эрх барьж байгаа нам доторх улс төрийн нөхцөл байдал, бүр тодруулбал УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ нарын гишүүдээс тавьсан “УИХ-ын дарга М.Энхболдыг огцортол УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцохгүй” гэсэн шаардлагатай холбоотой. Энэ талаар УИХ-ын дарга ч өөрөө тайлбар хийсэн. Хуульчид, судлаачид ч тайлбарласан. Би УИХ-ын даргын Хууль зүйн бодлогын зөвлөхийн хувьд УИХ-ын даргатай энэ талаар санал солилцсон. Зөвлөлдөөд УИХ-ын дарга ямар байр суурь илэрхийлсэн бэ гэвэл УИХ-ын даргын албан тушаал бол хэн нэгэн гишүүн буюу хэсэг гишүүд, мөн УИХ дотроосоо буюу гаднаас шаардсанаар огцорчихдог албан тушаал биш гэж үзсэн. Учир нь сүүлийн хоёр сар орчмын хугацаанд УИХ-ыг тараах, УИХ-ын даргыг огцруулах, “ажлаа өг” гэдэг шаардлагуудыг тавьсаар байна. Энэ нь анхнаасаа Монгол Улсын хэд хэдэн хуулийг зөрчсөн. Тухайлбал, Монгол Улсын Үндсэн хууль, Улсын Их Хурлын тухай хууль, Улсын Их Хурлын Дэгийн тухай хууль, Улс төрийн намуудын тухай хуулийг зөрчиж байгаа юм. Тиймээс УИХ-ын даргыг огцруулах шаардлагын дагуу шууд ажлаа өгч, огцорч болохгүй. Энэ бол нэг хувь хүний асуудал биш. Тиймээс Монгол Улсын хэд хэдэн хуулийг зөрчин байж тавьсан шаардлагыг биелүүлэх нь зүйд нийцэхгүй гэдэг талаас асуудалд хандаж байна.
Үргэлжлэлийг https://news.mn/r/2058417/ эндээс унших боломжтой.
"МОНГОЛ УЛС ДӨРВӨН ЖИЛИЙН ӨМНӨӨС ДАЛАЙД ГАРЦТАЙ БОЛСОН"
Монгол Улс далайд гарах гарцтай болоод дөрвөн жил өнгөрчээ. Гэтэл яагаад өнөөдрийг хүртэл бид далайд гарч чадахгүй байгаа талаар Далайд гарцгүй, хөгжиж байгаа орнуудын олон улсын судалгааны төвийн гүйцэтгэх захирал Э.Одбаяртай ярилцлаа.
-Далайд гарцгүй, хөгжиж байгаа орнуудын олон улсын судалгааны төв 2017 онд Монгол-БНХАУ-ын дамжин өнгөрөх тээврийн тухай хэлэлцээрийг Балба-Энэтхэгийн хэлэлцээртэй харьцуулсан судалгааг гаргасан байна. Энэ судалгааг яагаад хийх болов гэсэн асуултаар ярилцлагаа эхэлье?
-Энэ судалгааг хийх болсон хэд хэдэн үндэслэл бий. Нэгт, 2014 онд БНХАУ-ын дарга Си Жиньпин Монгол Улсад айлчилсан. Энэ үеэр хоёр тал дамжин өнгөрөх тээврийн талаар томоохон гэрээнд гарын үсэг зурсан байдаг. Гэтэл энэ хэлэлцээр өнөөдрийг хүртэл хэрэгжихгүй байна. БНХАУ-ын нутаг дэвсгэрээр дамжин далайд гарах гарцыг нь заагаад өгчихсөн байхад өнөөдөр бид яг үнэндээ далайд гарч чадахгүй байна.
Хоёрт, далайд гарах асуудлыг эрх зүйн хувьд хэрхэн зохицуулж болох талаар судлах шаардлага тавигдаж байгаа. Жишээлбэл, энэ олон улсын судалгааны төв манай улсад байгуулагдах явцад зарим төрийн түшээд, эрх баригчдын зүгээс Монгол Улс Далайн эрх зүйн тухай НҮБ-ын Конвенцэд нэгдсэн. Тэр конвенцэд бид нэгдэн орсон тул бидэнд тусгай эрх ямба олгох ёстой. Бид далайд гарцгүй гэдгээрээ хөрш орноосоо ч юм уу, хэн нэгнээс илүү давуу эрх авах ёстой, энийгээ судалгааны төв нь олж аваад, ашиглах хэрэгтэй байна гэсэн ийм таашаа ойлголттой явж ирсэн байдаг. Тухайн үед манай байгууллага энэ бол таашаа ойлголт гэдгийг илэрхийлж, үүнийгээ батлахын тулд Монгол дахь НҮБ-ын байранд далайн эрх зүйн нэрт судлаач, Дэлхийн тэнгисийн их сургуулийн профессор П.Мүкэржийг урьж оролцуулсан хурал зохион байгуулж байсан.
Үүнээс үүдэлтэйгээр, далайд гарцгүй, хөгжиж байгаа орнууд хэрхэн далайд гарч байна вэ гэдгийг судалъя, суралцъя гэсэн санаа гарч ирсэн юм. Ингээд судлаад үзтэл, дамжин өнгөрөх тээврийн тухай хэлэлцээрийг хоёр талаараа хийгээд далайд гарч буй жишээ цөөн байсан. Нэгт нь Монгол, Хоёрт Балба, гуравт Африкийн Этиоп гэсэн улс л байсан. Африкийн жишээг судлахад хүндрэлтэй байсан ба судалгааны өртөг өндөр гарч байсан. Учир нь, тус тивд оршин буй далайд гарцгүй, хөгжиж байгаа орнуудын ихэнх нь дотроо үймээн самуунтай. Этиоп хэдийгээр хөгжиж буй далайд гарцгүй орон байлаа ч Этиопын дамжин өнгөрөх орон нь Жибути гэдэг далайд гарцтай орон байдаг. Гэтэл Жибути Улс нь өөрөө дотроо дайн дажинтай гэдэг утгаараа энэ жишээ харьцуулахад тохиромжгүй байлаа. Балба Энэтхэгийн байгуулсан дамжин өнгөрөх тээврийн тухай хэлэлцээр нь өнөөдрийг хүртэл амжилттай хэрэгжиж байгаа бөгөөд далайд гарцгүй орнуудад жишээ болох боломжтой харагдсан. Балба бол далайд гарцгүй, нэн буурай хөгжилтэй жижиг орон. Энэтхэг бол далайд гарцтай, хөгжиж буй орон ч гэсэн бүс нутгийн хэмжээнд бол том эдийн засагтай, хүчтэй улс. Энэ утгаараа судалгааны жишээ болоход тохиромжтой байсан. Учир нь, Монгол Улс далайд гарцгүй хөгжиж буй орон, харин БНХАУ далайд гарцтай, том эдийн засагтай, хүчирхэг улс. Үүний зэрэгцээ манай улсын БНХАУ-тай байгуулсан гэрээг Балба, Энэтхэгийн гэрээтэй харьцуулан судлах нь ач холбогдолтой санагдсан. Ингээд энэхүү эрх зүйн харьцуулсан судалгааг хийх болсон.
Үргэлжлэлийг https://news.mn/r/2056908/ эндээс унших боломжтой.
АМЬТАНД ХАЙРТАЙ АРИГУН
“Шинэ нэр” буландаа амьтанд хайртай Ё.Аригуныг урьж, ярилцлаа. Тэрбээр өөрийн дурсамж, түүх агуулсан арван муур, хоёр нохой, гурван орог зусаг тэжээдэг аж. Мөн нэг жилийн хугацаанд өлсөх, өвдөх, осгох аюулд орсон 60 гаруй амьтныг аварсан юм.
Ёндонжамцын Аригун: 2003.03.03
Төгссөн сургууль: Гадаад хэлний гүнзгийрүүлсэн сургалттай 18 дугаар сургуулийн 10 дугаар ангид сурдаг
Сошиал хуудас: Ё. Аригун
АНХНЫ АМЖИЛТ
-Би амьтанд маш их хайртай. Одоогоор нэг жилийн хугацаанд 60 гаруй амьтан аварсан байна. Тэдний нэгээхэн хэсэг нь нүдээ ч нээгээгүй нялх муужгайнууд. Энэ жил өнчин муужгайнуудыг их аварч байгаа. Одоо манайд байгаа 10 муурын тав нь эхээсээ төөрсөн, өнчирсөн, хөлдөж үхэх шахсан байсан. Тэднийг гэртээ авчрах үед маш туранхай байсан бол одоо бүгд үеийн зулзагуудаасаа хавьгүй том биетэй, тун сэргэлэн болсон. Миний муурууд бүгд өөр өөрийн түүхтэй.
ЯАГААД АМЬТАН ТЭЖЭЭХ БОЛСОН БЭ?
-Дэлхий дээр зөвхөн хүн төрөлхтөн амьдрах гэж бүтээгдээгүй. Амьтай болгон их бага гэлтгүй хайр, халамж зовлон зүдгүүрийг мэдэрдэг. Тийм болохоор бяцхан зүрхэнд гуниг бүү хураасай гэж бодоод амьтдыг аварч, тэднийг сэтгэлээсээ хайрладаг. Бас хүн бүрд багаасаа мөрөөдөж ирсэн мөрөөдөл байдаг. Миний мөрөөдөл амьтан тэжээх байсан. Одоогоос нэг жил хагасын өмнөөс энэ мөрөөдлөө биелүүлсэн. Түүнээс өмнө “Азтай савар” фэйсбүүк группт олон мундаг хүмүүс амьтдыг аварч, хайр энэрлээ харамгүй өгч байхыг хараад тэднээр бахархаж, бяцхан амьтдад туслахыг хүсч байлаа.
Үргэлжлэлийг https://news.mn/r/2059647/ унших боломжтой.
Холбоотой мэдээ