Улаан асрын зүүд (114-р бүлэг)

Хуучирсан мэдээ: 2018.04.18-нд нийтлэгдсэн

УЛААН АСРЫН ЗҮҮД

Улаан асрын зүүд (114-р бүлэг)

“Улаан асрын зүүд” хэмээх эл зохиол бол Хятадын эртний сонгодог уран зохиолын гэрэлт хөшөө юм. Номыг зохиогч Цао Шюэчинь ийм гайхамшигт зохиол бичиж чадсан нь тvvний төрөлх авьяас чадвар, мэдлэг боловсролтой холбоотойгоос гадна туйлын баян чинээлэг байснаа туйлын ядуу зүдүү байдалд орсон амьдралын нөхцөл байдлынх нь өөрчлөлттэй нь холбоотой байсан юм. Цао Шюэчиний өвөө нь Манж Чин улсын Кан Си Ди буюу Энх амгалан хааны үед хааны хайр итгэлийг гүн хүлээсэн хvн байжээ. Гэвч хожим нь Цао овогтын ноён зэргийг нь хурааж, эд хөрөнгийг нь хураан авснаар тэднийх нь өмнөд нутгаас Бээжин хотноо нүүж ирсэн. Залуу насандаа Цао Шюэчинь хvний амьдралын жаргал зовлонг бүхнийг үзэж өнгөрүүлжээ. Өтлөх насандаа Цао Шюэчинь Бээжин хотын баруун дүүрэгт туйлын ядуу амьдарч байх үедээ “Улаан асрын зvvд” хэмээх алдарт зохиолоо бичиж эхэлсэн. Гэвч 80 бүлэг бичээд хүнд өвчлөн дахин үзэг барьж чадсангүй байсаар насан эцэслэжээ.

“Улаан асрын зүүд”-ийг бас “Чулуун тэрийн тэмдэглэл” гэж нэрлэдэг. Цао Шюэчинь зохиолоо бичиж дуусгахаас өмнө, амьд сэрүүн байх үед нь гар бичмэлээр олон нийтийн дунд өргөнөөр тархсан байлаа. Тvvнийг нас барсны дараа Гао Э гэдэг нэртэй бичгийн хvн Цао Шюэчиний зохиолын санааг төсөөлөн бодож, 40 бүлэг нэмжээ.

Зохиогч: ЦАО ШЮЭЧИНЬ

ГАО Э


ЗУУН АРВАН ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ

ВАН ШИ ФӨН ЭРЛЭГИЙН ДАНСАНД ОРЖ ЖИНЬ ЛИНДЭЭ БУЦААД, ЖЭНЬ ИН ЖЯ ЭЗНИЙ ӨРШӨӨЛИЙГ ХҮЛЭЭЖ АЛТАН ОРДОНД БУЦАВ

Өгүүлэх нь: гэнэтхэн, Фөн Жегийн өвчин хүндэрлээ гэж дуулаад Бао Юй Бао Чай хоёр яаран боссонд зарц нар дэн зул асааж яарцгаав. Тэгээд гарч явах гэтэл Ван Фүрэнь хүн ирүүлж: “Лянь эр найнай болохоо болиод арай амьсгаа хураагаагүй байна. Та нар жаахан байзнаж байгаад оч. Уг нь, өвдөх нь гайгүй байснаа шөнө дундаас эхлээд үүр цайтал, онгоц сүйх авчир. Жинь Линд очиж данс дэвтэрт нэрээ бичүүлнэ гэж солиоров. Тэнд байгсад түүний хэлж байгааг мэдэхгүй тул тэр ганцаараа бархирсаар байна. Жя Лянь цаасан онгоц наалгаад авчирч завдаагүй байхад цаадах нь арай гэж амьтай хүлээж байна. Тайтай биднийг Лянь Эр найнайг өнгөрсөн хойно оч гэж хэлүүлжээ” гэв. Бао Юй: “Энэ яасан хачин юм. Тэр Жинь Линд очиж яах юм бэ” гэсэнд Ши Рэнь шивнэн: “Чи бас тэр жил хэдэн дэвтэр байна гэж зүүдлэн асууж байсан. Лянь Эр найнай тэр газар очих гэсэн биш байхаа” гэв. Бао Юй толгой дохиж “Тийм болой. Одоо би харин тэр дэвтэр дээрх үгийг бүгдийг мартжээ. Бодвол, хүн бүр тогтсон заяатай ажээ. Гэтэл Линь дүү чухам хаана очсон хэрэг вэ. Би одоо чиний хэлэхийг сонсоод бага сагыг саналаа. Дахиад түүнийг зүүдэлбэл нарийн ажиглаж авбал төлгө, бэлгэ үзэлгүйгээр далдаас мэдэж болно” гэв. Ши Рэнь:

-Чиний мэтийн хүнд юм хэлж болохгүй ээ. Би санаандгүй нэг дурсахад л чи ийнхүү үнэмшжээ. Чи үнэнхүү далдаас мэдэвч ямар арга байна гэв. Бао Юй:

-Далдаас мэдэж чадахгүй байхаа. Чадвал та нарын төлөө дэмий зовох явдалгүй болно гэв.

Тэр хоёрыг ийн ярилцаж байтал Бао Чай хүрч ирээд: “Та хоёр юу ярьж байна” гэсэнд Бао Юй түүнийг нягтлан асуугуузай гэж бодоод: “Фөн эгчийг ярьж байна” гэв. Бао Чай “Цагаа хүлээж байгаа хүнийг юуг нь ярьдаг юм бэ. Тэр жил чи намайг муу ёрлолоо гэсэн. Тэр төлгө үнэхээр таарсан бишүү” гэв. Бао Юй бодолхийлээд алгаа ташиж: “Тийм, тийм. Тэгэхэд чи далдаас мэджээ. Би чамаас хожмын минь заяа юу болохыг асууя” гэв. Бао Чай инээж: “Бас солиу аашлах нь уу” Тэр үеийн төлгөний үгийг би дураараа тайлсныг чи үнэмшжээ. Чи манай хоёрдугаар бэргэнтэй адил болжээ. Чамайг хашаан алдсанд, тэр Мяо Юйгээр төлгө бариулаад буусан төлгийг нь бүгдээр ойлгоогүй тул тэр далдуур надад Мяо Юй яаж далдыг мэдэхэв. Бас яаж даяанд сууж ном бясалгах вэ гэж хэлж өгсөн билээ. Өнөөдөр тэр ийм их зовлонд учирлаа. Түүнийг яагаад тэр мэдээгүй юм бэ. Үүнийг далдаас мэддэг гэж болох уу. Энэ найнайгийн учрыг би заяа төөргөөр хэлж тааруулсан боловч чухам ямар болохыг яаж мэдэх вэ. Одоо би өөрийн учрыг ч мэдэхгүй шүү дээ. Заяа бодно гэгч жаран худал. Түүнд итгэж яаж болох вэ” гэв. Бао Юй:

-Түүнийг хэлэх хэрэггүй. Шин охин дүүгийн учрыг хэлэлцсүгэй. Манай энд хэрэг явдал тасралтгүй гарсаар учир түүний тухай таг мартжээ. Манай гэрийн ийм их явдалд ах дүү саднаа яагаад залалгүй хааш яаш өнгөрөөсөн бэ? гэсэнд Бао Чай:

-Энэ үг бас холджээ. Манай төрхөмийн садан угсаа гэвэл манай эндэх болон Ван овогтынхон хамгийн ойр нь юм. Ван овогтын гэрт олигтой хүн ч үгүй болоод, манай энд бас Лао тайтайгийн явдал таарсан тул Лянь ахыг гуйж хариуцуулаад хүн залаагүй юм. Өөр бас хоёр нэг садан байх боловч чи очоогүй юм чинь яаж мэдэх вэ. Бодвол, манай энэ хоёрдугаар бэргэний заяа бас надтай бараг дөхөж очно. Түүнийг хоёрдугаар ахад сав саяхан өгсөн тул ээж энэ хуримыг нэр нүүртэй сайхан хийе гэж бодож байсан боловч нэгд, манай ах шоронд байгаа учир хоёрдугаар ах их хөл болгох дургүй, хоёрт, манай гэрт юм болоод… гуравт, манай бэргэн их тайтайгийн тэнд сүрхий зүдэрч байсны дээр нанчигдсанаас хойш их тайтай нэг л цэвдэг харамч болсон тул тэр үнэхээр тэсэхгүй болжээ. Тиймээс би ээжид хэлээд зүй ёсыг нь эвлүүлэн гүйцэтгээд буулган аваачсан юм. Хоёрдугаар бэргэн одоо санаа амарч ээжийг төрсөн хүүгийн нь эхнэрээс арван хувь илүү сайхан асран хүндэлж байна. Хоёрдугаар ахад ч гэргий хүний ёс журмыг гүйцэд гүйцэтгэж Шян Линтэй бас их сайхан ханилж байна. Одоо хоёрдугаар ах гэртээ үгүй боловч хоёул найртай сайхан амьдарч байна. Хэдий ядуу боловч ээж амар жимэр болсоон. Ахын явдлыг санавал, аргагүй их зововч хүн явуулж зоос авахуулах бүр хоёрдугаар ах гаднах дансан дээрээс аргацаан нийлүүлж байна. Хот доторх хэдэн байр хашаагаа барьцаанд тавиад одоо үлдэж байгаа нэг хүрээнд нүүж орох санаатай байгаа гэв. Бао Юй:

-Нүүж яах юм бэ. Эндээ байвал чиний явж суухад амар бишүү. Нүүгээд явбал чи очиход өдөржийн явдал болно гэсэнд Бао Чай:

-Хэдий төрөл садан гэвч тус тусдаа байвал дээр болно. Садныхаа гэрт насаараа сууж яахин болно вэ гэв.

Бао Юй нүүлгэх санаагүйгээ хэлэх гэтэл Ван Фүрэнь хүн ирүүлж: “Лянь эр найнай нэгэнт амьсгал хурааж, хүмүүс очицгоосон тул Эр Еэ, Эр найнай хоёрыг ир гэж хэлүүллээ” гэв. Бао Юй сонсуут хөлөө дэвслэн уйлах гэв. Бао Чай хэдий гунигласан боловч Бао Юйг зовуузай гэж болгоомжлон: “Энд уйлснаас тэнд очоод уйлсан дээр бишүү” гэв. Тэгээд тэнд очвол хүмүүс тойрон зогсоод уйлцгааж байв. Бао Чай Фөн Жегийн дэргэд очоод гашуудан уйлав. Бао Юй, Жя Ляний гараас барьж уйлав. Энэ хэр Жя Лянь барьсан тавьснаа мэдэхгүй сандарч Лай Даг дуудуулан бэлэвсрэлийн ажил хийхийг захиж өөрөө Жя Жөнд мэдүүлээд, цөм яаран хөдөлсөн боловч гар мөхөс тул хамаг юм бүтэхгүй тэвдэв. Энэ зуур Фөн Жегийн сайныг санаж гашуудан уйлцгаана. Бас түүний охины манарч мууртал уйлахыг хараад зүрх шимширнэ. Тэнгэр гэгээртэл гашуудаад хүн илгээж түүний нагац Ван Рэнийг залуулав.

Ван Зытөнг нас барснаас хойш Энэ Вэн рэнь зоргоороо аашилж байгаад ах дүү садандаа ад болжээ. Одоо дүү охиноо нас барсныг сонсоод аргагүй ирж гашуудав. Тэрбээр эндэх зэвэр ховорхон байдлыг хараад дургүйцэж,

-Миний охин дүү энд хэдэн жил айл гэрээ осол эндэлгүй сайхан авч явсан байтал та нар яагаад хойтын явдлыг нь сайхан хийхгүй, зуун задгай сууж байна вэ гэв. Жя Лянь, Ван Рэньтэй үг таардаггүй тул одоо түүний ярихыг сонсоод, учир үл мэдэх түүнийг тоолгүй орхив. Ван Рэнь зээ охиноо дуудаж: “Эх чинь байхдаа ганц Лао тайтайг долдойлохыг мэдээд биднийг харж үздэггүй байсан. Ах дүүдээ гар татуу явж ирсэн хүн. Зээ охин минь, чи одоо том болжээ. Та нарын явдалд би ер гар дүрсэн удаагүй. Одоо эх чинь үгүй болсон тул алив явдалд нагацынхаа үгийг сонсох хэрэгтэй. Эхийн чинь төрхмийн садан гэвэл хоёрдугаар нагац чинь бид хоёр болжээ. Эцэг чинь бол өөр хүнийг хүндлэх зантайг би хэдийнээ мэднэ. Тэр жил ямар нэг Ёу гээч бага эхнэрийг үхэхэд би хэдий нийслэлд байгаагүй боловч их мөнгө зарсан гэж сонссон. Одоо эхийг чинь бие барахад эцэг чинь харин энэ мэт хомхолзож байхад чи эцгээ ятгаж хэлэхийг мэдэхгүй байна гэсэнд Чяо Же,

-Миний эцэг сайхан үйлдье гэж их хүсэж байх боловч одоо урьдынхтай адилгүй болжээ. Гар дээр мөнгө зоосгүй болсон тул алив явдалд арвилж хэмнэж байгаа нь үнэн гэв. Нагац ах:

-Чи бас ингэж ярина уу. Лао тайтай бас үлэмж их юм өгсөн гэж сонссон тул түүнээ гаргах хэрэгтэй гэсэнд Чяо Же, эцгийгээ цөмийг зарчихсан гэхэд эвгүй тул, түүнийг мэдэхгүй гэв. Ван Рэнь,

-Уухайс, түүнийг чинь би мэдэж байна. Чи хожим мордуулын засал хийх гэж хадгалж дээ гэв. Охин юм хэлэлгүй бухимдан уйлав. Пин Эр уурлаж:

-Нагац Лаое, ярих юм байвал манай Эр Еэг ирэхээр ярь. Энэ жаахан хүүхэд юугаа мэдэх вэ гэсэнд цаадах нь:

-Та нар дураараа байх гээд эл найнайгаа хурдан үхүүлэхийг хүсжээ. Би та нараас юу ч авахгүй. Сайхан үйлдвэл та нарын л нэр нүүр болно гээд уурлаж суув. Чяо Же дотроо ихэд дургуйцэн, миний эцэг тийм элбэрэлгүй хүн биш. Ижийг байхад нагац тийм их юм аваачаад одоо харин юу ч авахгүй гэж ажиг ч үгүй ярьж байна гэж бодоод түүнийг үл тоомсорлон сууна. Ван Рэнь дотроо охин дүүгээ маш их юм хадгалсан гэж бодож, хэдий гэрээ цөлмүүлсэн гэвч тэр гэрт тийм бага мөнгө байх уу. Лав намайг ирж зууралдахаас айгаад тийнхүү хэлсэн байхаа. Энэ зулзага бас бүтэхгүй амьтан байна гэж охиныг голж суув. Жя Лянь түүнийг ярихыг сонссон ч үгүй, зоос мөнгө л олох гэж хичээж, гаднах явдлыг Лай Да-д тушаасан боловч доторх явдалд үлэмж мөнгө зарах тул бүрдүүлж чадахгүй тэвдэж байв. Пин Эр түүний сандарч байгааг мэдээд Жя Лянийг дуудан: “Эр Еэ биеэ битгий хэтэрхий зовоо” гэсэнд цаадах нь

-Бас юун бие вэ. Одоо гэр зуурын зардал мөнгө ч үгүй байхад энэ явдал таарсныг яана. Бас нэг тэнэг амьтан ирж зууралдаж байх тул над ямар арга байна гэв. Пин Эр,

-Эр Еэ зовоод хэрэггүй. Зарах зоосгүй бол над бас юм байна. Ноднин нэгжихэд өртөөгүй үлдсэн тул хэрэглэх бол барьцаанд тавиад зарж болно гэсэнд Жя Лянь дотроо: “Юутай сайн аж” гэж бодоод инээж:

-Тийм бол би энд тэндээс гарч гүйхгүй сайн боллоо. Би дараа мөнгө олоод чамд буцааж өгнөө гэв. Пин Эр:

-Миний юм боловч найнай л өгсөн юм болохоор буцааж өгч хэрэггүй. Энэ буяны явдлыг сайхан өнгөрөөвөл боллоо гэв. Жя Лянь түүний сайхан сэтгэлд баярлан, өгсөн юмыг барьцаанд тавиад хэрэглэв. Сүүлдээ алив явдлыг Пин Эртэй зөвлөх болсон Чю Тун хараад хараад дотор нь эвгүй болж үргэлж л “Найнай үгүй болохоор Пин Эр дээшилчихлээ. Би бол Лаоегийн хүн. Тэр яалаа гэж надаас илүү болж болноо” гэж дүдэгнэх болов. Пин Эр түүнийг мэдсэн ч тоосонгүй. Жя Лянь харин мэдээд Чю Тунг голж түүнд уураа гаргах болов. Шин Фүрэнь мэдээд хүүгээ муу гэсэнд цаадах нь биеэ барьсаар явав.

Арван хэдэн өдрийн дараа Фөн Жег гаргав. Жя Жөн бэлэвсрэлээ илэрхийлж гаднах бичгийн гэрт суув. Энэ хэр зочид ч цөөрөв. Харин Чөн Рышин үлдээд энэ тэрийг ярьж суув. Жя Жөн:

-Манай гэр голомт доройтож, хүмүүс ар араасаа үхээд, ядахад да Лаое, Жэнь даяа хоёр байхгүй. Гэрийн орлого өдөр ирэх бүр буурч байна. Зүүн тосгоны газар тариалан юу болж байгааг мэдэхээ байлаа гэсэнд Чөн Ришин:

-Би энд өчнөөн жил болсон болохоор, ордны доторх хүмүүс баргаараа л амиа боддогийг мэдсэн. Хүн бүр л гэр рүүгээ зөөдөг болохоор ордны ашиг орлого аяндаа муудалгүй яахав. Тэгтэл да Лаое, Жэнь нарын тэндэх зардал бас нэмэгдэнэ. Гадуур бас өр ширтэй, хулгайд баахан юмаа алдсан, түүнийг яаманд мэдүүлээд тэднийг бариулна гэгч бас хэцүү. Эрхэм Лаое та гэрээ додомдъё гэвэл, гэрийн мэдэгчдийг дуудаж, итгэлтэй нэгийг нь явуулж эл газрыг шалгуулж үзээд үлдэхийг нь үлдээж, явуулахыг нь явуулж, дутсан зүйлийг хариуцаж байсан хүнээр нь төлүүлбэл тоо хэмжээг мэдэж болно. Тэр их хүрээлэнг худалдан авах хүн олдохгүй байна. Түүний доторх ашиг орлого багагүй боловч хүн хариуцахгүй болжээ. Энэ хэдэн жил эрхэм Лаое гэртээ байсангүй. Эд нар, ад чөтгөртэй гэж элдэвлэсээр байгаад тэнд хүн очуулахыг больжээ. Энэ чинь зарц нарын л хийсэн ажил шүү. Одоо зарц нарыг шалгаад сайныг нь үлдээгээд бүтэлгүйг нь хөөгөөд явуулчихаа гэв. Жя Жөн толгой дохиод:

-Та нэг юм мэдэхгүй байна. Зарц нарыг байтугай ач хүүгээ итгэж болохгүй болчихжээ. Би шалгаад яаж тэднийг нэгд нэгэнгүй үзэж мэдэж чадах вэ. Одоо би бэлэвсрэлийн үед байгаа болохоор эдгээр зүйлийг бас хийж чадахгүй байна. Би сүүлийн үед гэрийн явдалд оролцоогүй болохоор олон юм мэдэхгүй байна гэсэнд цаадах нь:

-Эрхэм Лаое бол их өршөөлтэй хүн юмаа. Өөр айлын ашиг орлого ийнхүү муудвал мэдээчдээсээ ававч тав арван жил айхгүй. Эрхэм Лаоегийн гэр төрлийн дотор хошууны мэдэгчээр сууж байсан хүн байна гэж сонслоо гэсэнд Жя Жөн:

-Хүн хэрэв гэр, төрлийнхнийхөө зоосыг авч зарвал яаж болох вэ дээ. Өөрөө арвилан хэмнэхээс аргагүй. Дансны хөрөнгө хогшил үнэн байвал бас яахав. Нэр төдий үлдсэн байж мэднэ гэв. Чөн Ришин:

-Эрхэм Лаоегийн бодол зөв байна. Доорд би байцаах гэж хэлж юү хийнэ вэ гэв. Жя Жөн,

-Та лав юм сонссон байхаа гэсэнд цаадах нь:

-Би тэр мэдээчдийн арга ухааныг бага сага мэдсэн боловч доорд би яаж аймшиггүй айлтгаж чадах вэ гэв. Жя Жөн үгийн дотор үг бийг мэдээд санаа алдан:

-Манай өвөг ааваас нааш манайх албат доордоо айлгаж хяхалгүй, цөмд өршөөлтэй сайн явж иржээ. Одоо эд нар харин өдрөөс өдөрт олиггүй болсон байна. Миний үед ирээд эзэн хүний авир гаргавал даанч хүний элэг доог болох байгаа даа гэв.

Тэр хоёрыг ийн ярилцаж байтал үүдний хүн ирж: “Жян Нань газрын Жэнь Лаое ирлээ” гэхэд нь, “Жэнь Лаое нийслэлд ямар хэргээр ирсэн юм бол” гэв. Үүдний хүн “Боол би эзэн тэнгэрийн хишгээр эргэж дахин дэвшсэн гэж сонссон” гэсэнд Жя Жөн, “Хурдан залж оруул” гэв. Удалгүй зочин орж ирэв. Энэ Жэнь Лаое бол Жэнь Бао Юйгийн эцэг. Нэр нь Жэнь Инжя. Өргөсөн нэр нь Ёу Жун гэх бөгөөд бас Жинь Лин газрын хүн юм. Зүтгэл ихтийн үр болой. Хоёр ордонтой ураг садан болох тул ямагт ирж очсоор байдаг юм. Уржнан хэрэгт холбогдон тушаалаасаа огцорч гэр хөрөнгөө хураалгаад одоо эзний өршөөлөөр хуучин тушаалаа эргүүлж аваад зарлигаар эзэнд бараалхахаар иржээ. Жя Мүгийн өөд болсныг сонсоод тахилгын зүйлийг бэлтгэж чандрын өмнө мөргөн тахих гэж урьдаар ирж уулзаж байгаа ажээ. Жя Жөн цагаатай байх тул хол угтаж чадалгүй, бичгийн гэрийнхээ үүдэнд хүлээж байв. Тэр Жэнь Лаое учирмагц баяр гуниг давхарласан боловч цагаалсан хүнд мэндчилэл дэвшүүлж болохгүй тул гараас нь бариад, удаан учирсангүй, зузаан нөхөрлөлөө илтгээд, хоёул сууж цай уун, түрүүчийн уулзалтаас хойш их явдлыг ярилцав. Жя Жөн:

-Та минь, эзэнд хэзээ бараалхсан бэ? гэж асуусанд:

-Уржигдар гэж цаадах нь хариулав. Жя Жөн:

-Эзэн тэнгэрийн ивээл энэрэл төгс байхаа гэсэнд цаадах нь:

-Эзний өршөөл үнэхээр тэнгэр мэт, маш их заавар хайрлалаа гэв. Жя Жөн:

-Ямар сайхан зарлиг хайрлав гэсэнд Жэнь Инжя:

-Ойрноос харийн хулгай самуурч далайн хөвөөгөөр жирийн ардууд амар жимэр амьдарч чадахгүй болсон тул дээрэм хулгайг даруулахаар төр амгуулах гүнг томилжээ. Эзэн намайг хязгаарын газрыг сайн мэднэ гэж илгээж тохинуулах болоод, би даруйхан мордохоор боллоо. Өчигдөр эх хатны, ариун оронд ажран заларсныг мэдээд чандрын өмнө тахилга тавин мөргөж, сэтгэлээ гүйцэтгэсүгэй гэж хүж бэлтгэлээ гэв. Жя Жөн сандран мэхийн ёсолж, хүндэт таны энэ удаагийн явдал лавтайяа дээш тэнгэрийн хөвгүүний тааллыг олж, дорогш түмэн иргэний зовлонг арилгаж чадна. Үнэхээр өв тэгш их гавьяа байгуулах болжээ. Дүү би гайхамшигт чадлыг чинь нүдээр үзэж чадахгүй тул дархан их цолыг чинь алсаас сонсохоос аргагүй болжээ. Далайн явдлын ерөнхийлөн захирагч бол доорд миний садан болох тул учирсан цагт эрхбиш, харж үзэх болов уу гэв. Цаадах нь:

-Хүндэт та, ерөнхийлөн захирагчтэй ямар садан болно вэ гэсэнд Жя Жөн:

-Дүү би тэр жил Жян Ши газар хүнсний доолийн албанд байхдаа, бага охиноо ерөнхийлөн захирагчийн агьд өгсөн бөгөөд хурим хийгээд нэгэнт гурван жил болжээ. Далайн хязгаарын хэрэг ихийн дээр далайн хулгай түйвээж байх тул захидал ирэхгүй чимээ сураггүй байна. Би бага охиноо их санаж байх тул хүндэт та, тохинуулах ажлаа дуусгаад замын ялдар нэг уулзаад ирэхийг гуйя. Дүү нь хэдэн мөр бичиг бичиж, таны бараа бологсдоор илгээхийг зөвшөөрвөл би их баярлана гэсэнд цаадах нь:

-Үр хүүхдээ санахгүй хэн байхав. Би хүндэт танаас бас нэг юм гуйя. Энэ удаа би эзний зарлигаар нийслэлд ирэхдээ, хөвгүүний нас багын дээр гэрт хүн цөөн тул гэр бүлийнхнээ цөмийг дагуулж яваа. Зарлигийн өдөр, хугацаа түргэн тул би гэрийнхнээсээ түрүүлж өдөр шөнөгүй довтолгон ирсэн бөгөөд тэд нийслэлд иртэл бас хэдэн хоног байна. Би нэгэнт эзний зарлигийг хүлээсэн тул энд удаан байж болохгүй нь ээ. Хожим тэднийг энд ирсний дараа эрхмийн ордонд ирж жаал хөвгүүнийг бараадуулах тул сурган удирдах зүйл буюу бэр ураг мэтийн явдал тохиолдвол анхааралдаа авч байхыг гуйя гэсэнд Жя Жөн зөвшөөрөв. Жэнь Инжя хэдэн үг хэлээд босож: “Маргааш хотын газар уулзсугай” гэсэнд Жя Жөн түүний яарч байгааг мэдээд дахин ярих гэж шалалгүй, бичгийнхээ гэрээс үдэв. Жя Лянь, Бао Юй хоёр мордуулах гэж хэдийн ирээд хүлээж байсан боловч Жя Жөн дуудаагүй болохоор дураар орж чадахгүй байлаа. Жэнь Инжяг гараад ирэхээр тосож очоод мэндлэв. Жэнь Инжя Бао Юйг хараад гайхан дотроо, энэ миний Бао Юй хөвгүүнтэй яасан адилхан юм бэ. Өвч цагаан хувцастай болохоос биш гэж бодоод, садангууд хол байгаад сүүлдээ биенээ танихаа больжээ гэсэнд Жя Жөн сандран: “Энэ бол Жя Шө ахын хүү Жя Лянь” гээд Бао Юйг зааж: “Энэ бол манай хоёрдугаар хүү Бао Юй” гэсэнд цаадах нь алга ташиж:

-Сонин юм. Би дээр хүндэт авгай танд хаш үмхэж төрсөн Бао Юй гэж нэг хайртай хүү бий гэж сонссон юм. Миний хүүтэй адил нэртэй болохоор тэгсгээд орхиж. Өнөөдөр харвал, зүс царай төдийгүй ааш зан нь ч адил болохоор бүр гайхлаа гээд насыг нь асуугаад, “Миний хүү энэ агиас нэг дүү юм” гэв. Жя Жөн, Бао Юунг ард үлдээснээ дурдаад, хоёр хүүхэд ижил нэртэй болсны учрыг асуун ярилцав. Жэнь Инжя “Үнэхээр сонин юм” гээд Бао Юйгийн гараас барьж элэгсэг сайхан аашлав. Бас төр амгуулагч гүн удахгүй мордох болж, алсын аянд бэлтгэх болсон тул арга буюу салцгаав. Жя Лянь Фөн Жегийн хойтын явдалд зарсан мөнгө зоосны дансыг бодов. Бао Юй хариад Бао Чайд:

-Тэдний үргэлж ярьдаг Жэнь Бао Юйг олж уулзъя гэж боддог байсан юм. Тэгсэн чинь өнөөдөр эцэгтэй нь уулзчихлаа. Тэр Бао Юй мөд нийслэлд ирж манай Лаоетай уулзана гэнээ. Түүнийг надтай их адилхан гэж байна. Би итгэсэнгүй. Тэр хожим манай энд ирэхэд, адил, үгүйг нь та нар очиж үзээрэй гэсэнд Бао Чай:

-Чи юунд эх адаггүй юм яриад унав аа. Биднийг очиж үз гэнэ үү гэсэнд Бао Юй үг алдсанаа мэдээд царайгаа улайлган тайлбарлах гэв. Юу хэлснийг мэдэхгүй. Дараах бүлэгт үзтүгэй!

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж