Йемений дайны энхийн хэлэлцээний эхний шат өндөрлөлөө

Хуучирсан мэдээ: 2018.12.14-нд нийтлэгдсэн

Йемений дайны энхийн хэлэлцээний эхний шат өндөрлөлөө

Йемений дайны энхийн хэлэлцээний эхний шат өндөрлөлөө

Йемений иргэний дайныг төгсгөх энхийн яриа хэлэлцээ арвахоёрдугаар сарын 6-нд Шведийн нийслэл Стогкольм хотноо эхэлсэн билээ. НҮБ-ийн зуучилж буй тус энхийн хэлэлцээнд 2016 оноос хойш хэлэлцээний ширээний ард суугаагүй босогч талууд буюу Ираны дэмжлэгтэй Хусит босогчид болон Саудын Арабын дэмжлэгтэй Йемений Засгийн газар оролцжээ. Хэлэлцээний эхний үе шат амжилттай явагдаж, Йемений Ходейда боомт хотод гал зогсоож, НҮБ-ийн хяналтад өгөхөөр болсон тухай Ройтерс агентлаг мэдээллээ. Тухайлбал, Саудын Араб тэргүүтэй эвслийн хүчнүүд тус боомтын ойролцоо хийж байгаа бөмбөгдөлтөө зогсоож, хотын өмнөд хэсэгт гарах бол босогч талын буюу сөргөлдөгч хүчин нь хотын хойд хэсэгт гарахаар тохиролцсон байна.

Зүүн гар талд Хуситын төлөөлөгч, түүнтэй гар барьж буй нь Йемений Засгийн газрын төлөөлөгч

Ингэснээр НҮБ-ийн цэргүүд болон хүмүүнлэгийн тусламж тус улсын хилээр нэвтрэн орох бололцоо үүсч байгаа юм. НҮБ-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гуттереш “Энэ бол дөрвөн жил үргэлжилсэн Йемений дайныг төгсгөх үйл явцын эхлэх цэг юм” хэмээн хэлжээ. Гал зогсоох гэрээнд талууд өчигдөр /2018.12.13/ гарын үсэг зурж, хоорондоо гар барьжээ. Ходейда боомтод Хусит босогчдын тал хяналтаа тогтоогоод байсан юм. Ходейдагаас гадна Таиз хотод болж буй сөргөлдөөнд талууд “харилцан ойлголцлын бичиг” байгуулсан байна. Харин Йемен улсын газар нутгийн бусад хэсэгт, тэр дундаа Сана хотод болж байгаа байлдаанд талууд ямар нэгэн тохиролцоонд хүрээгүй байна.

Йемений дайны энхийн хэлэлцээний эхний шат ийн амжилттай өндөрлөсөн бол ирэх оны нэгдүгээр сард багтаан дараагийн шатны яриа хэлэлцээг НҮБ-ийн санаачилгаар эхлүүлнэ, хэмээн НҮБ-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гуттереш мэдэгджээ.

Одоогийн байдлаар Йемений Саада болон Наджран мужуудад байлдааны гол үйл ажиллагаа төвлөрөөд байгаа бөгөөд тулаанууд Хусит босогчдын ялалтаар өндөрлөх хандлагатай байгаа юм.

Ираны дэмжлэгтэй Хусит босогчид анх 2014 онд Йемений нийслэл Сана хотод хяналтаа тогтоосноос хойш эмх замбараагүй байдал эхэлжээ. Харин Йемений албан ёсны Засгийн газрыг дэмжих нэрийдлээр Саудын Араб босогчидтой тэмцэх болсноор нөхцөл байдал ширүүсч, иргэний дайны хэмжээнд очсон аж. Йемен улсын албан ёсны Засгийн газрыг дэмжиж байгаа Саудын Арабыг их гүрнүүд буюу АНУ, Их Британи, Франц тэргүүтэй улсууд дэмжин ажилласаар иржээ. Гэвч хэрэг дээрээ их гүрнүүд тус дайнд татагдан орох болсон нь байдлыг улам дордуулж, хүний эрхийн ноцтой зөрчлүүдийг бий болгоход нөлөөлсөн юм.

Йемен улсын хүн амын 2/3 нь өлсгөлөнд нэрвэгдээд байгаа

Сөргөлдөгч хоёр тал 2015, 2016 онд хэлэлцээний ширээний ард суусан ч аль аль нь амжилтгүй болсон байна. Дайны улмаас арван мянга гаруй хүн амь насаа алдаж, 14 сая хүн өлсгөлөнгийн ирмэгт тулаад байгаа нь сүүлийн 100 жилд дэлхий ертөнцөд нүүрлээгүй олныг хамарсан өлсгөлөн болж байна хэмээн НҮБ-ээс мэдээлжээ.

Эх сурвалж: Ройтерс

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж