Ирэх жил ашиглалтад орох Бээжингийн “Дашин олон улсын нисэх онгоцны буудал”-ын эрчим хүчний хангамжийн арав гаруй хувийг сэргээгдэх эрчим хүчээр хангахаар болсон тухай Бээжин хотын хөгжил, шинэчлэлтийн удирдах газраас мэдээлжээ. Дэлхийн аль ч улсын онгоцны буудалд ийм хэмжээний сэргээгдэх эрчим хүчийг хэрэглээгүй байгаа юм.
Ирэх оны есдүгээр сард багтаан ашиглалтад оруулахаар төлөвлөж буй тус нисэх буудлын барилгын дээвэр дээр нарны эрчим хүч хураагууруудыг байршуулсан бөгөөд тэдгээр нь цагт 6.1 сая кВ эрчим хүчээр онгоцны буудлыг хангах чадалтай байна. Үүгээр онгоцны буудлын нийт эрчим хүчний хэрэглээний арван хувийг хангах аж.
Мөн ойролцоох Ёндин голын ойролцоо “газрын гүний дулааны насос” байрлуулснаар онгоцны буудлын халаалт болон сэрүүцүүлгийн асуудлыг шийдэх юм. Газрын гүний дулааны насос нь байгаль орчинд маш бага нөлөө үзүүлдэг сэргээгдэх эрчим хүчний нэг төрөл бөгөөд газрын хөрсний гүн дэх нам потенциалт дулааныг ашиглан барилгын халаалт болон сэрүүцүүлгийн асуудлыг шийдвэрлэдэг “ногоон” шийдэл юм.
“Дашин олон улсын нисэх онгоцны буудал”-нь жилд 100 сая хүн хүлээн авах чадалтай бөгөөд Бээжин хотоос 46 километрийн зайд баригдаж байгаа юм. Үүгээрээ дэлхийн хамгийн ачаалалттай гэгддэг Бээжингийн олон улсын нисэх онгоцны буудлын ачааллыг багасгах зорилготой юм. “Дашин олон улсын нисэх онгоцны буудал” нь нийт 700 мянган м2 талбайтай, онгоцны дөрвөн нисэх, буух зурвас замтай бөгөөд ашиглалтад орсныхоо дараа дэлхийн хамгийн том онгоцны буудлын нэгт тооцогдох аж. Мөн Бээжин хотыг төвийг тус онгоцны буудалтай холбох хурдны галт тэрэг тавихаар төлөвлөж байгаа.
Байгальд ээлтэй нисэх онгоцны буудлыг бий болгох санаачилгыг “Бээжингийн олон улсын нисэх онгоцны буудалд” амжилттай хэрэгжүүлж байгаа билээ. Тухайлбал, сэргээгдэх эрчим хүчийг хэрэглэх, хог хаягдлыг дахин боловсруулах төслийг хэрэгжүүлснээр тус онгоцны буудлын нүүрстөрөгчийн ялгаруулалт нь 2014-2016 онд 16 хувиар буурсан байна.
Эх сурвалж: Ecns.cn
Холбоотой мэдээ