2020 онд дулааны станцуудын ачаалал нормоос хэтэрнэ

Хуучирсан мэдээ: 2018.12.14-нд нийтлэгдсэн

2020 онд дулааны станцуудын ачаалал нормоос хэтэрнэ

2020 онд дулааны станцуудын ачаалал нормоос хэтэрнэ

Орон сууцанд амьдрах нь агаарын бохирдлыг нэмэгдүүлэхгүй байхаас гадна илүү тав тухтай амьдрах боломжтойгоороо давуу талтай. Гэвч сүүлийн үед орон сууцанд амьдарч байгаа хүмүүс гэртээ байгаа хэрнээ даарч, зузаан халаад, өвлийн шаахайтай зутруу өвөлжих нь хэвийн үзэгдэл болоод байна.

Энэ нь хэзээ мөдгүй задрахад бэлэн, насжилт дууссан дулааны шугам, засвар үйлчилгээгээ цаг тухайд нь хийдэггүй конторуудын хариуцлагагүй байдал зэрэг олон зүйлтэй холбоотой байж болох юм. Энэ асуудлыг холбогдох хүмүүсээс тодрууллаа.

КОНТОРУУДЫН 60 ХУВЬ НЬ НИЙСЛЭЛ, 40 ХУВЬ НЬ ХУВИЙН ӨМЧ

Нийслэлд 190 гаруй мянган өрх орон сууцанд амьдардаг. Эдгээр айл нь бүгд ямар нэгэн конторт харьяалагдаж, контортоо дулаан түгээлт, хангах үйл ажиллагаагаа даатгадаг. Нийслэлд үйл ажиллагаа явуулж буй конторуудын 60 орчим хувь нь Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар (ОСНААУГ) хэмээх орон нутгийн өмчит компанид харьяалагддаг бол 40 хувь нь хувийн конторт харьяалагддаг байна.

Тусгай зөвшөөрөлтэй байгууллагууд буюу эдгээр конторын үйл ажиллагаанд хяналт тавьж, үнэ тарифыг батлах, зардлыг хянах, хэрэглэгчдийн гомдлыг хүлээн авах үүрэгтэй Эрчим хүчний зохицуулах хороонд иргэд утас болон албан бичгээр 1400 орчим гомдол ирүүлжээ.

Гэхдээ халаалт, дулаантай холбоотой асуудал нь зөвхөн контортой холбоотой биш ажээ. “Улаанбаатар дулааны сүлжээ” төрийн өмчит компанийн эзэмшилд 380 км дулааны шугам байдаг бол, конторуудын эзэмшилд 700-800 км шугам байдаг аж.  Тухайн орон сууцанд дулаан очихдоо дулааны шугамын гурван өмчлөлийг дамждаг байна. Тухайлбал, нийслэл, хувийн конторын өвчлөлийн инженерийн шугам сүлжээ, СӨХ-ийн өмчлөлийн инженерийн шугам сүлжээ, босоо тэнхлэг буюу хувь хүний өмчлөлийн шугам сүлжээг дамждаг аж.

СӨХ-НЫН ЭЗЭМШИЛД БАЙГАА ДУЛААНЫ ШУГАМЫН ЗАСВАР ҮЙЛЧИЛГЭЭ ОРХИГДДОГ

Чухам хаана, яагаад шугам сүлжээ, дулаантай холбоотой асуудал доголддог талаар ОСНААГ-ын дарга Ж.Батсайханаас тодруулахад “Тухайн байрны доор байрлах дулааны шугам нь СӨХ буюу Сууц өмчлөгчдийн холбооны мэдэлд байдаг, тэнд засвар үйлчилгээ орхигддог. Тиймээс СӨХ болон иргэн өөрийн өмчлөлийн дулааны шугамд анхаарах хэрэгтэй. Харин бидэнд инженерийн шугам сүлжээний насжилтын асуудал тулгамддаг. Хоёрт, өмчлөлийн асуудал тулгамдаж байна. ОСНААГ нь инженерийн шугам сүлжээг эцсийн байдлаар хэрэглэгчид хүрэх хүртэл нь хариуцдаг болбол илүү амар байна. Нэг байгууллага энэ асуудлыг хариуцвал хариуцлагаа дангаараа үүрнэ” гэдгийг онцолж байна.

Харин дулааны алдагдал, асуудал чухам хаана байгааг мэргэжлийн хүмүүсээр тогтоолгож болох юм байна.

ХАЛААЛТТАЙ ХОЛБООТОЙ ГОМДЛОО 7004, 7005 ДУГААРЫН УТСАНД ӨГЧ БОЛНО

Энэ талаар болон нийслэлийн дулаан хангамжид ямар асуудал тулгардаг талаар “Улаанбаатар дулааны сүлжээ” төрийн өмчит компанийн Үйлдвэрлэл хөгжлийн хэлтсийн дарга Э.Батмөнхөөс тодрууллаа.

-Орон сууцанд амьдарч байгаа иргэд гэртээ даарч, тав тухгүй өвөлжих боллоо. Танай зүгээс үүнд ямар арга хэмжээ авч байна вэ?

-Таны дурдсан шиг гомдол ирдэг. Ийм төрлийн гомдлыг барагдуулах шуурхай баг ажиллаж байгаа. Хэрэглэгч халаалттай холбоотой гомдлоо 7004, 7005 дугаарын утсанд холбогдон өгч болно. Энэ тохиолдолд бид гомдлын дагуу очиж, хэмжилт хийж, мэргэжлийн зөвлөгөө өгдөг.

-Хотын зүүн хэсгийн орон сууцанд байгаа айлууд өвөлдөө дулаан, баруун хэсгийн айлууд хүйтэн байх болсон нь дулааны станцын хүчин чадал хуваарилалт харьцангуй байгаатай холбоотой юу?

-Одоогоос дөрвөн жилийн өмнө хотын зүүн хэсгээр дулаантай холбоотой гомдол их ирдэг байсан. “Амгалан” дулааны станц ашиглалтад орсноор энэ гомдол ирэх нь багассан. Хэрэглэгчээс гомдол ирэхгүй байна гэж байдаггүй. Дуудлагын дагуу очоод гомдлыг барагдуулах боломжтой.

-Гомдлын дагуу очоод хэмжилт хийхдээ, хэдэн хэм байвал хэвийн гэж үзэх вэ?

-Тасалгааны агаарын температур нь 18-22 хэм байх ёстой. Гэхдээ сургууль, цэцэрлэг, эмнэлгээс шалтгаалаад энэ хэм өөр байж болно.

-Насжилт дууссан дулааны шугамыг шинэчлэхэд хэдэн төгрөг шаардлагатай байна вэ?

-Манай компанийн эзэмшилд 380 км төв шугам байдаг. Үүний 30 гаруй хувийнх нь ашиглалтын хугацаа дууссан. Үүнийг шинэчлэхэд 180 гаруй тэрбум төгрөг шаардлагатай. Бидэнд үүнийг нэг мөсөн шинэчлэх боломж байхгүй тул өөрсдийн хөрөнгөөр, нийслэл, улсын хөрөнгөөр бага багаар нь шинэчлэх ажил жил бүр өрнөдөг.

-Өөрөөр хэлбэл дулааны төвийн шугамын 30 гаруй хувь нь задрахад бэлэн байна гэсэн үг үү?

-Тийм. Мэргэжлийн баг, бригад бага багаар арга хэмжээ авч, засвар үйлчилгээ хийн ажиллаж байна.

-Хэрэв насжилт дуусан шугам задарвал нийслэлд чухам ямар эрсдэл үүсэх вэ?

-Хэрэглэгчийн дулаан хангамж доголдоно. Маш том баг, бригад ажиллаж байгаа болохоор эрсдэл учирвал цаг алдалгүй арга хэмжээ авахад бэлэн байдаг.

-Ашиглалтын хугацаа хэтэрсэн төв шугамыг шинэчлэх ажлыг төлөвлөсөн байх. Хэзээ бүрэн шинэчилж дуусах вэ?

-Компанийн өөрийн хөрөнгөөр жилд дунджаар 2.4 км шугам сольж байгаа. Сүүлийн жилд улсын, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар нэлээд шугам шинэчилсний хүчинд бидний үндсэн үзүүлэлт сайжирч байгаа.

-Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулахын тулд яндангийн тоог бууруулж, төвлөрсөн дулаанд холбох. Гэвч Улаанбаатарын дулааны станцууд нь гэр хорооллын хэдэн хувийн ачааллыг дааж чадах вэ. Мөн агаарын бохирдлыг бууруулахын тулд ямар ажил хийж байна вэ?

-Агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд Засгийн газар, Эрчим хүчний яамтай хамтран 130 орчим дунд оврын зуухыг зогсоож, 210 барилгыг төвлөрсөн дулаанд холбосон. Үүнд, Их засаг их сургууль, Маахуур толгой орчмын барилга, Сонгинохайрхан дүүрэг дэх Хилийн цэргийн 151 дүгээр анги орчмын барилга багтаж байгаа.

Ирэх жилд Баянхошуу, 21 дүгээр хороолол, Ханын материал орчмын уурын зуухыг зогсоож, төвлөрсөн дулаанд холбохоор бэлтгэл ажлаа хангаад байна. Мөн Яармаг орчмын уурын зуух, Амгалан станцын ойролцоох уурын зуухыг зогсоож, урьдчилсан байдлаар 127 барилгын холбогдох эздэд төвлөрсөн дулаанд холбох мэдэгдэл хүргүүлээд байгаа. Ингээд нийт 320 барилгыг төвлөрсөн дулаанд холбосон байна.

Түүнчлэн сүүлийн үед барилгын ажил эрчимжиж байгаатай холбоотойгоор гэр хорооллыг төвлөрсөн дулаанд холбох, шинээр баригдаж байгаа барилгыг төвлөрсөн дулаанд холбох судалгааны хүрээнд 500 гаруй ГВт/цаг эрчим хүч буюу Дулааны III цахилгаан станцтай дүйцэхүйц хэмжээний эрчим хүч хүлээгдэж байна.  Энэ хэрэглээг хангахын тулд станцуудын хүчин чадлыг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлагатай байгаа.

Бидний зүгээс жилд 220-иод барилгыг төвлөрсөн дулаанд шинээр холбож байгаа. Энэ хэмжээгээр үргэлжилбэл 2019,2020 онд станцуудын ачаалал нормоос хэтэрч байгаа. Ингэснээр дулаан цахилгааны нэмэлт эрчим хүч, өргөтгөл, эх үүсгэвэр шаардлагатай болно.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж