Бүгд Найрамдах Ардчилсан Конго улсын нийслэлд Ерөнхийлөгчийн сонгууль болохоос аравхан хоногийн өмнө санал тоолох 8000 машиныг галдан шатаасан хэрэг өчигдөр /2018.12.13/ гарсан байна.
Конго улсын нийслэл Киншасан хотод сонгуулийн материал, тоног төхөөрөмжүүд байсан агуулахад өчигдөр өглөө гал гарсан бөгөөд галын шалтгааныг тодруулахаар ажиллаж байгаа юм. Конго улсын Аюулаас хамгаалах сайдын мэдээлснээр агуулахад гарсан түймрийн хэрэг нь гэмт хэргийн шинжтэй байгаа нь тодорхой байгаа ажээ.
Тус улсын Ерөнхийлөгчийн сонгууль нь өнөөдрөөс ес хоногийн дараа буюу арвахоёдугаар сарын 23-нд болох юм. Сонгуулийн саналыг тоолоход нийт 10 мянган машиныг хэрэглэхээр төлөвлөөд байснаас 8000 нь өчигдрийн галд шатсан ч энэ нь сонгуулийн явцад нөлөөлөхгүй хэмээн албаныхан мэдэгдсэн байна. Сонгуулийн бэлтгэл ажил төлөвлөсний дагуу үргэлжилж байгаа бөгөөд орон нутгаас сонгуульд хэрэгцээтэй материал, тоног төхөөрөмжийг нийслэл Киншасан хотод татан, төвлөрүүлж байгаа юм.
Бүгд Найрамдах Ардчилсан Конго улсын өмнөх сонгуулийн үеэр хэрэглэсэн тэдгээр санал тоолох машинууд нь ард иргэдээс ихээхэн шүүмжлэл, маргааныг дагуулаад байв. Ялангуяа Конгогийн сөрөг хүчний эвслийг өчигдрийн түймрийг тавьсан байж магадгүй хэмээн үзэж байгаа.
Конгогийн сонгогчид 2001 оноос хойш Ерөнхийлөгчийн албан тушаалыг хашиж байгаа Жосеф Кабилаг шүүмжилж, эсэргүүцэх явдал сүүлийн жилүүдэд ихэссэн байна. Одоогийн Ерөнхийлөгч Кабила нь өөрийн эцгийг залгамжлан тус суудалд суусан бөгөөд алба хаах хугацаа нь 2016 онд дууссан ч Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулах замаар ажиллах хугацаагаа дахин хоёр жилээр сунгаад байжээ.
Эх сурвалж: CNN
Холбоотой мэдээ