"Япончууд монгол ажиллах хүчээр дутагдаж байна"

Хуучирсан мэдээ: 2018.12.14-нд нийтлэгдсэн

"Япончууд монгол ажиллах хүчээр дутагдаж байна"

Олимпийн наадмыг 2020 онд зохион байгуулах эрх авсан Япон улсад олимпийн бэлтгэл ажил, түүн дотроо бүтээн байгуулалт ид явагдаж байна. Гэтэл энэ улсын хүн амын бүтцийг авч үзэхэд ахмад настны эзлэх жин нэмэгдэж, залуу ажиллах хүчээр “цангаж” байна. Ажиллах хүчний орон тоо дутагдалтай байгаа тул эдийн засгийн өсөлт нь саарах төлөв ажиглагдаж эхэлжээ.

Энэ боломжийг ашиглан монголчууд Японд мэргэжлийн ур чадвараа дээшлүүлж, цаашид тус улсад ажиллах насан туршийн визтэй болох боломж бүрдэж байгаа ажээ. Энэ талаар "Шинэ түвшин" ТББ-ын менежер Б.Тэмүүжинтэй ярилцлаа.


Монголчууд ихэвчлэн Солонгос руу явж ажил хийж, мөнгө олж, амьдралаа залгуулж байна. Та бүхэн яагаад Япон хэмээн энэ улсыг сонгон ажиллах хүч зуучилж байна вэ?

-Япон улсын хүн амын өсөлт саарч, ажиллах хүчин хомсдож байна. Хүн амын дунд эзлэх ахмад настны тоо ирэх 2050 он хүртэл нэмэгдэх төлөв ажиглагдаж байна. Харин 2050 оноос хойш Япон улсын хүн амын дунд залуучуудын тоо нэмэгдэнэ гэсэн статистикийн дүгнэлт гарчихлаа.

Өнөөдөр Японд 150 ажлын байр шаардлагатай гэж үзвэл 50 ажлын байранд гаднын ажиллах хүчнийг хайж байна. Иймээс бид энэ боломжийг ашиглан Япон улсад мэргэжлээ дээшлүүлэн ажиллах боломжтой гэж харж байгаа юм. Үүнээс гадна, ирэх 2020 онд Япон улс Олимпийн наадам зохион байгуулна. Энэ хүрээнд бүтээн байгуулалтын ажилд оролцох ажиллах хүчин мөн адил эрэлттэй байна. Үүнээс ажиглахад, газар тариалан, IT салбар, үйлдвэрлэл, ферм, бүтээн байгуулалтын зэрэг бүхий л салбарт ажлын байранд хүн дутагдаж байна

Мөн япончууд хөгширч байна. Тус улсад асрамжийн 15 мянган газар бий. Тэрхүү асрамжийн газарт ажиллах хүчин мөн л дутагдалтай. Иймээс асрагч, сувилагч, бага эмч мэргэжилтэй хүмүүст Япон улсад ажиллах орон зай хангалттай байна.

-Шинэ түвшин ТББ хэчнээн жил ажиллах хүчин Япон руу зуучилж байна вэ?

Манай байгууллага байгуулагдаад гурван жил болж байна. Шинэ түвшин байгууллага бол Монгол Улсын Хөдөлмөрийн яамны ажилтан зуучлах тусгай зөвшөөрөлтэй. Бид анх оюутан залуучуудын Японы их дээд сургуульд суралцахад нь зөвлөгөө өгөх, визний материал бүрдүүлэхэд нь тусламж үзүүлэх байдлаар үйл ажиллагаа явуулдаг байсан бол саяхан есдүгээр сард бид ажилтан зуучлах тусгай зөвшөөрлөө авч, бэлтгэл ажилдаа ороод явж байна. Бидний хувьд өмнө нь Японд арав гаруй жил ажиллаж, амьдарч байсан хүмүүс тул энэ тал дээр туршлагатай байгууллага.

-Япон руу ажиллах хүчээр явахад ямар шаардлага тавигддаг юм бол?

-Япон руу ажиллах хүчээр явах хүмүүст эн тэргүүнд хэлний мэдлэг шаарддаг. Иймээс манай байгууллага дэргэдээ Япон хэлний сургалтын төв ажиллуулж байна. Тухайн ажлын байрнаасаа шалтгаалан япон хэлийг 3-6 сарын суралцах шаардлагатай.

Үүнээс гадна, ямар мэргэжлээрн ямар ажил эрхлэхээр явахаас нь шалтгаалан компани болгоны шаардлага өөр өөр байна. Иймээс энэ асуудал дээр нь манай байгууллага зөвлөгөө өгөөд явна.

-Монголчууд гадагшаа гарч ажиллах сонирхол их. Хамгийн ойр нь Солонгос байдаг. Гэтэл энэ ашиг сонирхол дээр нь гэмт этгээдүүд “тоглолт” хийж, хүмүүсийг залилах боллоо. Энэ тал дээр танай байгууллагын зүгээс хандаж хэлэх зүйл байна уу?

-Монголчууд мэдлэггүйгээсээ болоод залилуулах нь их байна. Өнөөдөр гадагшаа ажиллах хүчин зуучилдаг маш олон байгууллага байна. Тэдгээр байгууллагууд зуучлуулсан иргэний бичиг баримт нь тухайн улсаасаа ирээгүй байхад урьдчилж зуучлалын хөлс авч иргэдийг залилах тохиолдол их байна.

Гэтэл Япон руу ажиллах хүчин илгээхэд тэр болгон зуучлалын хөлс шаардаад байдаггүй. Жишээлбэл, ахмад настны асаргаа сувилгааны чиглэлээр Японд ажиллах хүсэлтэй хүмүүсээс зуучлалын хөлс шаарддаггүй. Харин бүтээн байгуулалт, барилгын салбарт ажиллах хүчнээр явах хүмүүсээс зуучлалын хөлс шаардагддаг.

Иймээс та Японд суралцахаар явах гэж байгаа бол сургуульд элссэн болон оршин суух бичиг нь Японы талаасаа ирсэн тохиолдолд л зуучлалын хөлсөө тухайн байгууллагадаа өгөөрэй. Ажиллах хүчнээр явах гэж байгаа тохиолдолд ч ялгаагүй. Хөдөлмөрийн гэрээ байгуулагдсан цагт ажиллах эрхтэй болно. Ажиллах эрх нь гадаадын иргэн харьяатын газарт ирнэ. Ингээд зөвшөөрөл, виз нь гарна. Энэ бүх бичиг баримт нь гарсан тохиолдолд зуучлалын хөлсөө төлөөрэй гэдгийг анхааруулмаар байна.

Японы виз гэж яг юу байна вэ?

Өнөөдөр Япон улсын 24 төрлийн виз байгаагаас манай улсад долоон төрлийн виз гарч байна. Үүнд, дадлагажигч, ур чадварын, гэр бүлийн, гэрлэлтийн, соёлын солилцооны гэх мэт. Монголчуудын нэг буруу ойлголт бий. Солонгос руу, Япон руу гэрээт ажилтнаар явах гэж байна гэж яриад байдаг. Үнэн хэрэгтээ, тэр бүх хүмүүс дадлагажигчийн визээр тухайн оронд ажил хөдөлмөр эрхэлж байна. Өөрөөр хэлбэл, энэ виз нь өөрийн эзэмшсэн мэргэжлээрээ Япон улсад ажиллаж, туршлага хуримтлуулах гэсэн утгатай байдаг.

Өнөөдөр Япон улс цагаачлалын бодлогоо сулруулж байна. Дадлагажигчийн визээр арван жил Япон улсад тууштай ажилласан тохиолдолд тус улсад насан туршдаа ажиллах визтэй болох бодлого явж байна.

-Танайхаас зуучлагдаж Японд хөдөлмөр эрхэлж буй монгол иргэдийг танай байгууллага ажиллах хугацаанд нь хяналт тавих уу?

-Тийм ээ. Тухайн ажилтан Японд хэр үнэнч, шударга, тууштай ажиллана тэр нь манай байгууллагын нэр хүндтэй шууд холбоотой тул бид үүнд хяналт тавьдаг. Мөн Монголоосоо ажиллах хүчин илгээхдээ ч гэсэн шаардлага өндөр тавьж, зуучилдаг.

Монголчуудад анхаарах зүйл байна уу?

-Өнөөдөр япончууд ажиллах хүчээр маш их “цангаж” байгаа тул гаднаас ажиллах хүчин авахад бүхнээ зориулж байна. Тэд япон хэлний шаардлага л ганцхан тавьж байна. Бусад бүх зардлыг нь япончууд хариуцъя гэж байна. Гэхдээ энэ нь тухайн компаниасаа шалтгаалан өөр өөр байх жишээтэй. Зарим тохиолдолд зуучлуулж байгаа иргэн маань зарим нэг төлбөрийг өөрөө хийх шаардлага гарахыг үгүйсгэхгүй. Ингэж хөрөнгө зарцуулж ажиллах хүчин авъя гээд байхад манайхан өөрсдөө маш хариуцлагагүй. Зургаахан сар хэлний сургалтдаа сууж чаддаггүй, утсаа салгаад алга болно, хөдөө явлаа гэнэ, хичээлээсээ хоцорно, тасална. Япон явж ажил хийх гээд байгаа юм бол зорилготой, түүнийхээ төлөө тууштай, хичээдэг байх ёстой. Гэтэл энэ чанар манайханд дутагдалтай байна.

Японы хөдөлмөрийн хуулийн талаар сонирхуулбал ?

-Японд дадлагажигч бол яг л үндсэн ажилтай адил цаг ажиллана. Ажлын цаг нь 160-180 гэдэг. Сардаа 160 цаг ажиллана. Илүү 20 цаг л ажиллах ёстой. Үүнээсээ хэтэрвэл тухайн компани өндөр торгууль төлдөг. Илүү цагийн хөлсийг 1.5 үржүүлж олгодог. Шөнийн ээлжээр ажилладаг хүмүүс сардаа зургаагаас дээш удаа ээлжид гарч болохгүй гэсэн хуультай байдаг.

-Танай байгууллагатай иргэд хэрхэн холбогдож болох вэ?

-Манай ТББ Ардын эрх сонины байршны хоёрдугаар давхарт байрлаж байна. Хэрвээ та Япон руу их дээд сургууль эсвэл ажил хөдөлмөр эрхлэх чин хүсэлтэй байгаа бол манай байгууллага энэ чиглэлд бүхий л зөвлөгөө, мэдээллийг өгч ажиллах болно.

Ярилцсанд баярлалаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
3
ХахаХаха
2
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж