УИХ-ын дарга М.Энхболдыг огцрох шаардлагыг хүлээн авахгүй бол маргааш /өнөөдөр/ өрөөнөөс нь чирч гаргана гэх сүржин мэдэгдлийг УИХ-ын гишүүн Ж.Батзандан өчигдөр /2018.12.13/ хийсэн.
УИХ-ын гишүүн бүрт халдашгүй дархан эрх байдаг шиг УИХ-ын даргад ч мөн халдашгүй дархан эрх бий. Бүр нэгдүгээр зэргийн эрх бий. Төрийн тусгай хамгаалалтад 24 цагийн турш байна. УИХ-ын дарга хаана явна, тэнд хамгаалагч дагалдаж явна. Бүрэн эрх нь дууссан УИХ-ын дарга асан З.Энхболдын хамгаалалт ч буугаагүй, хамгаалагч нь дагаж л явдаг. Харин Ж.Батзандан нарын гишүүд сэрүүн зүүдлэв үү гэлтэй, УИХ-ын даргыг өрөөнөөс нь чирч гулдчаад гаргах юм гэнэ дээ. Төрийн тусгай хамгаалалтыг басаад байна уу, эсвэл бүр хуулиа мэдэхгүй болтлоо сохорчихсон хуульч уу.
Хэрвээ тэр ярьсан шигээ УИХ-ын даргыг өрөөнөөс нь чирч гаргах оролдлого хийвэл комиссаруудад чирэгдэж гарах эрсдэлтэй. Дээр нь УИХ-ын даргын бүрэн эрхэд халдсан гэдэг үндэслэлээр хэрэгт холбогдоно.
Ер нь тэгээд УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Л.Оюун-Эрдэнэ, Ж.Батзандан, Л.Болд нарын өчигдрийн мэдэгдлээс сонгогчид нэгийг бодож, нөгөөг тунгаагаа биз дээ. УИХ-ын 2020 оны сонгууль ч дөхөж байна, бусдыг чирч гулдрах ажил хийлгэхгүйгээр гудамжинд нь гаргачих байлгүй.
Уг нь хуулиа дээдэлдэг байсан бол УИХ-ын дарга М.Энхболдыг огцор гэж шаардахын оронд огцруулах хуулийн төсөл санаачлаад оруулж болно гэдэг санааг Ардчилсан намын гишүүд хүртэл гаргаад байхад санаа авдаггүй. Хүчээр, хуулийн бус арга хэрэглэх гээд байдаг.
Г.ХОРОЛ