Дэлхийн шилдэг уран зургуудын нэгт зүй ёсоор тооцогддог, Нидерландын алдарт зураач Винсент Ван Гогын 1889 оны бүтээл болох “Одод түгсэн шөнө”-ийн тухай сонирхолтой баримтуудыг хүргэж байна.
Винстент Ван Гог 37 настайдаа амиа егүүтгэж, хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн ч амьдралынхаа сүүлийн жилүүдэд маш шаргуу хөдөлмөрлөж, олон сод бүтээлүүд туурвисан байдаг. Гэсэн ч бүхий л амьдралынхаа турш “Усан үзмийн талбай” гэх ганцхан бүтээлээ л худалдаж чадсан ажээ. Харин Ван Гогийг нас барсны дараа л бүтээлүүд нь алдаршиж эхэлсэн бөгөөд өдгөө түүний нэрээр овоглосон уран бүтээлүүд аль ч дуудлага худалдаагаар асар өндөр үнээр зарагдаж байдаг. Дэлхийн хамгийн үнэтэй арван уран зургийн гурав нь Ван Гогийн бүтээл байдаг нь түүнийг хосгүй авьяастай уран бүтээлч байсныг гэрчилнэ.
Тэрээр амьдралынхаа сүүлийн жилүүдэд хий юм харах, сонсох болж, амиа хорлох тухай бодолд автан, сэтгэл санааны хямралд өртөж байснаас 1888 онд түүнийг сэтгэцийн эмнэлэгт хэвтүүлсэн байдаг бөгөөд энэ үедээ “Одод түгсэн шөнө” бүтээлээ туурвисан аж.
1. “Одод түгсэн шөнө” бүтээлийн эх хувилбар нь өдгөө Нью-Йорк хотын музейд хадгалагддаг. Ван Гогийг амиа егүүтгэсний дараа ах Тео нь түүний уран бүтээлүүдийг цуглуулан, өөр дээрээ авсан боловч дүүгээсээ нэг жилийн дараа хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн байдаг. Гэсэн ч Теогийн эхнэр нь Ван Гогийн уран зургуудыг олон нийтэд дэлгэн үзүүлж, түүнийг алдаршуулахад гол үүргийг гүйцэтгэсэн ажээ.2. Ван Гог 1889 онд тус зургийг зурах үедээ нэр алдарт гараагүй байсан. Түүний сэтгэл санааны байдал хэвийн биш болсноос үүдэн 1888 онд Францын Сан-Реми тосгоны сэтгэцийн эмнэлэгт хэвтүүлсэн байдаг. Уран зурагт амьдралынхаа сүүлийн жилүүдийг бүхэлд нь зориулсан түүний хүсэл сонирхлыг эмч нар ойлгосноор сэтгэцийн эмнэлгийн нэгдүгээр давхарт бяцхан урлангийн өрөө гаргаж өгчээ. Тэндээс л “Одод түгсэн шөнө” уран зураг төрөн гарсан байна. Сонирхолтой нь, Ван Гог тус зургийг ихэнхдээ өдрийн цагаар зурдаг байсан аж.
3. “Одод түгсэн шөнө” зурагтаа тухай үеийн өөрийн сэтгэл санааны айдас, түгшүүртэй байдлыг дүрсэлсэн нь уулсын орой хуйларч, мушгиралдсан, цэнхэр өнгийн суурь дэвсгэр дээр гаргасан нарийн зурааснууд, утаа манан мэт агар моднуудын дүрслэл, мөн цэнхэр, шар өнгөний зохицол зэргээр илэрхийлэгдэнэ.
4. Түүний зураг нэр алдарт гарсан бас нэг шалтгаан бол итгэл найдварын тухай хүчтэй сэтгэгдлийг хүмүүст өгдөг явдал юм. Дээр өгүүлсэнчлэн Ван Гог сэтгэцийн эмнэлэгт байхдаа тус зургийг зурсан бөгөөд харанхуй шөнийн тэнгэр дэх тодоос тод гялалзах том шар одод нь нэг ёсондоо итгэл найдварыг илэрхийлж байгаа аж.
5. Зургийг шөнийн тэнгэрийг харж байгаад бус, харин сэтгэл санаанд нь хадгалагдан үлдсэн дурсамж, төсөөллөөрөө туурвисан гэх хүмүүс бий. Гэхдээ үүрийн туяа дөнгөж тэмдгэрч, нар мандахын өмнөхөн өөрийн хэвтэж байсан сэтгэцийн эмнэлгийнхээ цонхоор харагдах Сан-Реми тосгон болон эргэн тойронд нь харагдах байгалийг дүрсэлсэн гэх таамаглал нь илүү оновчтой хэмээн үздэг байна.
6. Тус зургийг зурах болсон сэдлийнхээ тухай өөрийн ах Теод бичсэн захидалдаа, “Өнөө өглөө би нар мандахын өмнө өрөөнийхөө цонхоор хөдөө нутгийг, шөнийн тэнгэрийг олж харлаа. Тэнгэрт томоос том одод гялалзан харагдаж байв” хэмээн бичжээ.
Алсад харагдах тахиралдаж, мурийсан уулсын орой, сар болон тэнгэрт үзэгдэх томоос том одод нь тус зургийн амин сүнс нь юм. Ван Гог шөнийн тэнгэрийн тухай олон бүтээл туурвиж байсан бөгөөд сарны туяанд гэрэлтэн харагдах юмсыг дүрслэх дуртай байжээ. Түүнчлэн Ван Гогийн бүтээлийн гайхамшгийг мэдрэхийн тулд зургийг нь холоос биш зайнаас ажиглах хэрэгтэй гэдэг.
Зургийн доод хэсэгт дүрслэгдсэн тосгоныг нь хүмүүс тэр бүр анзаардаггүй. Үүгээрээ тэрээр сүнслэг мөн чанар, гайхамшиг гэдэг зүйл хүний гараар бүтээгдсэн барилга байшинд бус байгальд өөрт нь бий хэмээх санааг илэрхийлжээ. Өөрийн ах Теод бичсэн захидалдаа ч энэ тухай дурдсан байдаг.
Зурагт үзэгдсэн цэнхэр өнгийн суурь дэвсгэр нь тайван тогтуун байдлыг, харин хуйларч эргэлдсэн мэт дүрслэл нь тэнгэр огторгуй, од эрхэс мөнхийн хөдөлгөөнд оршдогийг харуулна. Харин уулын бэлд орших тосгоны нэгэн байшингийн цонхыг тодоор дүрсэлсэн нь ганцаардлын илэрхийлэл аж.
“Одод түгсэн шөнө”-ийн тэнгэрт 11 од байдаг нь түүний шашин шүтлэгтэй холбоотой хэмээн зарим хүмүүс үздэг.Учир нь тэрээр Христийн шашны номлогч болохоор хоёр жил суралцаж байсан. Библийн нэг хэсэгт “Би дахин нэг зүүд зүүдэллээ. Энэ удаад нар, сар, болон 11 од над руу бөхийж байсан” хэмээх өгүүлбэрүүд байдаг аж. Мөн зурагт дүрсэлсэн тосгоны сүмийн оройг нь илүү тодотгон харуулсан байдаг.
Зурагт дүрслэгдсэн тосгон нь Францын тосгон боловч хэв маяг нь Ван Гогийн төрж өссөн Нидерландын тосгодтой төстэй харагддаг.
Алдарт зураач энэ зурагтаа өөрөө дургүй байсан тухай ах Теодоо бичсэн захидалдаа “цэнхэр тэнгэр, уулс, модод, тариан талбай гээд ер нь юу ч миний сэтгэлийг хөдөлгөхгүй байна” хэмээн дурдсан байдаг. Мөн амьд ахуй үедээ тус зургаа хэн нэгэнд зарахыг огт оролдож байгаагүй юм.
“Одод түгсэн шөнө”-ийг итгэл найдварын гал мэт атлаа сэтгэл гутрал, ганцаардлын өнгө аясыг нэвт шингээсэн бүтээл гэдэг. Зургийн баруун захад байх хэсэг хар өнгийн зүйл нь түүний сэтгэлийн зовлон болоод нийгмээс тусгаарлагдсан байдлыг нь илэрхийлсэн байна. Зургийг удаан ажиглавал ганцаардал, гуниг, оюун санаа, сэтгэл хөдлөлийн бадрангуй байдал зэрэг олон зүйлсийг нэг дор мэдрэх боломжтой юм.
Эх сурвалж: vincentvangogh.org
Холбоотой мэдээ