Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэгийн ерөнхий хорооны хурал өнөөдөр /2018.12.14/ болно. Одоогоор хурал эхлээгүй байна. Оросын талын төлөөлөгчид хараахан ирж амжаагүй байгаа тул ирц бүрдэх болоогүй аж.
Ерөнхий хорооны энэ удаагийн хурлаар ямар асуудал хэлэлцэх нь нууц байгаа ч Улаанбаатар төмөр замын дарга Д.Жигжиднямааг албан тушаалаас нь чөлөөлж магадгүй тухай яриа бий. Цагдаагийн ерөнхий газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс нийслэлийн прокурорт хүргүүлсэн саналын дагуу Д.Жигжиднямааг яллагдагчаар татаад байгаа юм. Түүнийг өөрийн төрсөн дүү Д.Жүгдэрнямын хувь эзэмшдэг оффшор бүсэд бүртгэлтэй компаниар дамжуулан 200 мянган ам.долларын гүйлгээ хийсэн байж болзошгүй гэх үндэслэлээр шалгаж байсан.
Түүнчлэн Зам тээврийн хөгжлийн дэд сайд асан Б.Цогтгэрэлийг Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэгийн ерөнхий хорооны орлогч даргын үүргээс нь чөлөөлөх асуудлыг хэлэлцэнэ гэх мэдээлэл байна.
Жил бүрийн арванхоёрдугаар сард тус нийгэмлэгийн ерөнхий хорооны хурал зарлагдаж, тухайн жилийнхээ ажлыг дүгнэдэг төдийгүй, ирэх жилд хийх ажил, төлөвлөгөөгөө баталдаг. Харин энэ удаад чөлөөлөх, томилох асуудал хэлэлцэгдэх магадлал өндөр аж.
Холбоотой мэдээ