Монгол, Япон хоёр улсын Ерөнхий сайд нар хамтарсан мэдэгдэл гаргав | News.MN

Монгол, Япон хоёр улсын Ерөнхий сайд нар хамтарсан мэдэгдэл гаргав

АЙЛЧЛАЛ: Ерөнхий сайд У.Хүрэлсүх Японд

Монгол, Япон хоёр улсын Ерөнхий сайд нар хамтарсан мэдэгдэл гаргав

Монгол, Япон хоёр улсын Ерөнхий сайд нар хамтарсан мэдэгдэл гаргав

Япон Улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Япон Улсын Ерөнхий сайд Ш.Абэ-тай энэ сарын 13-ны өдөр уулзаж, албан ёсны хэлэлцээ хийв. Яриа, хэлэлцээний дүнд талууд Монгол, Японы Стратегийн түншлэлийг улам бэхжүүлэх тухай Хамтарсан мэдэгдэл гаргав. Уулзалтын эхэнд Япон Улсын Ерөнхий сайд Ш.Абэ “Монгол Улсын Ерөнхий сайдаар томилогдсоныхоо дараа анх удаа манай улсад айлчилж буй Ерөнхий сайд танд баяр хүргэе. Япон Улс Монгол Улстай Стратегийн түншлэлийн харилцааг хөгжүүлэхэд өндөр ач холбогдол өгдөг” болохыг онцлов. Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Манай гуравдагч хөрш Япон Улстай Стратегийн түншлэлийн харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх нь Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэл бөгөөд Ерөнхий сайд Та Монгол Улстай хөгжүүлж буй харилцаанд онцгой ач холбогдол өгч манай улсад 3 удаа айлчилсанд талархдаг” хэмээн дурдав. Ерөнхий сайд Ш.Абэ-гийн урьд өмнө дэвшүүлсэн “Эрч”, “Эрч+” санаачилгуудыг манай тал өндрөөр үнэлдэг бөгөөд эдгээр санаачилгыг тууштай хэрэгжүүлэхийн төлөө байгаагаа мөн тэмдэглэв. Япон Улсын Засгийн газар Монгол Улсын Зэвсэгт хүчний чадавхийг нэмэгдүүлэх чиглэлд үзүүлж ирсэн дэмжлэгээ цаашид ч үргэлжлүүлэхээ нотлов. Дашрамд дурдахад, эдүгээ зам барилга, инженер, цэргийн эмнэлгийн чиглэлд японы тал сургалт зохион байгуулах, сургагч багш нарыг бэлтгэх, мэргэжилтэн илгээх зэргээр дэмжлэг үзүүлж байгаа билээ. Манай хоёр улс байгаль орчны чиглэлд амжилттай хамтран ажиллаж, энэ өдөр хоёр улсын байгаль орчны асуудал хариуцсан яам хооронд хамтын ажиллагааны санамж бичиг байгуулж байгаад Ерөнхий сайд Ш.Абэ баяр хүргэв. Тэрээр мөн “Улаанбаатар хотын нисэх онгоцны шинэ буудал нь манай хоёр улс төдийгүй бүс нутгийн хувьд чухал ач холбогдолтой” гэдгийг онцлов. Холбогдох талуудын яриа хэлэлцээг шуурхайлж, гэрээ байгуулан, улмаар онгоцны буудлыг ойрын хугацаанд ашиглалтад оруулахын төлөө байгаагаа хоёр тал нотлов. У.Хүрэлсүх, Ш.Абэ нар Монгол, Японы Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр (ЭЗТХ)-ийн үр өгөөжийг нэмэгдүүлж, худалдаа, хөрөнгө оруулалтыг өсгөхийн төлөө байгаагаа илэрхийлж, Монгол Улсын Ерөнхий сайдын энэ удаагийн айлчлалын үеэр олон чухал арга хэмжээ болсныг сайшаан тэмдэглэв. Тухайлбал, энэ сарын 12-ны өдөр Монгол, Японы төр, хувийн хэвшлийн 9 дүгээр зөвлөлдөх уулзалт, 13-ны өдөр Монгол, Японы Бизнес форум зохиогдсоны сацуу Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн айлчлалаас хэдхэн хоногийн өмнө ЭЗТХ-ийн Хамтын ажиллагааны дэд хорооны хуралдааныг анх удаа зохион байгуулсныг онцлов. Ерөнхий сайд У.Хүрэлсүх манай улсын эдийн засаг сэргэж, өсөн тэлж байгааг дурдаад энэхүү өсөлтийг хангахад Япон Улсын Засгийн газраас үзүүлж буй төсвийн дэмжлэг чухал хувь нэмэр оруулж байгааг тэмдэглэв. Энэхүү төсвийн эхний шатны дэмжлэгийн хэрэгжилтийг сайтар хангахын сацуу дараачийн шатны дэмжлэгийг шуурхай авч хэрэгжүүлэх хүсэлтэй байгаагаа мөн илэрхийлэв. Япон Улстай хамтран амжилттай хэрэгжүүлсэн ЖДҮ-ийг дэмжих хоёр үе шаттай иений зээлийн хамтын ажиллагааны туршлагадаа тулгуурлан цаашид энэ чиглэлд түлхүү хамтран ажиллах сонирхолтой байгааг мөн дурдав. Ерөнхий сайд Ш.Абэ саяхан БНХАУ-д айлчлах үеэрээ тус улстай хамтран гуравдагч улс орнуудад төсөл хэрэгжүүлэх талаар ярилцсанаа танилцуулав. Монголын тал энэхүү хамтын ажиллагааны шинэлэг механизмыг сонирхож байгаагаа илэрхийлэн, үүнийг Ерөнхий сайд Ш.Абэгийн дэвшүүлсэн нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн сүлжээ бий болгоход чиглэсэн “Эрч+” санаачилгатай хоршуулан хөгжүүлэх боломж байгааг дурдав. Тухайлбал, хөдөө аж ахуйн салбарт хамтарсан үйлдвэр байгуулж, бүтээгдэхүүнээ БНХАУ, ОХУ-д гаргах боломж байгааг Ерөнхий сайд У.Хүрэлсүх онцлов. Талууд соёл, олон нийт, боловсрол, хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэхийн чухлыг тэмдэглэв. Манай хоёр улс зөвхөн хоёр талын хүрээнд төдийгүй, олон улс, бүс нутгийн талбарт бие биеэ дэмжиж ирснийг Ерөнхий сайд нар санал нэгтэй тэмдэглэв. Зүүн Азийн дээд түвшний уулзалтад Монгол Улс оролцохыг Япон Улсын Засгийн газар дэмжиж байгаагаа илэрхийлэв. Ерөнхий сайд Ш.Абэ Япон Улс “Чөлөөт, нээлттэй Энэтхэг, Номхон далай”-г цогцлоох чиглэлд тодорхой хүч чармайлт гарган бүс нутгийн улс орнуудтай хамтран ажиллаж байгаа талаараа танилцуулав. Тэрээр “Бүс нутгийн энх тайван, тогтвортой байдлыг хангахад хувь нэмэр оруулж буй Монгол Улстай энэ чиглэлд хамтран ажиллахын төлөө” байгаагаа нотолсныг Монгол Улсын Ерөнхий сайд дэмжин хүлээн авав. Албан ёсны яриа, хэлэлцээний дараа У.Хүрэлсүх, Ш.Абэ нар хоёр улсын Байгаль орчны яам хооронд Хамтран ажиллах Санамж бичигт гарын үсэг зурах ёслолд оролцож, дараа нь хоёр улсын хэвлэл мэдээллийнхэнд хандаж мэдээлэл хийв. Ерөнхий сайд Ш.Абэ Ерөнхий сайд У.Хүрэлсүх болон түүнийг дагалдан яваа төлөөлөгчдөд хүндэтгэлийн зоог барив. Уулзалт, яриа хэлэлцээ найрсаг дотно уур амьсгалд болов. Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн албан ёсны айлчлал үргэлжилж байна гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Иргэн 2018-12-14 203.91.119.90

Дорвитой зүйл алгаа?! Инээдтэй?!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж