Б.Алтангэрэл: “Тэсо” корпораци “U-Point” нэгдсэн лояалти хөтөлбөрт нэгдлээ

Хуучирсан мэдээ: 2018.12.17-нд нийтлэгдсэн

Б.Алтангэрэл: “Тэсо” корпораци “U-Point” нэгдсэн лояалти хөтөлбөрт нэгдлээ

Цаг хугацаатай уралдах мэт хөгжлийн хурд, технологийн дэвшлүүд нь бидний амьдралд шинэ соёл, өөр хандлага, өвөрмөц хэв маягийг бий болгож байна. Хувьсан хөгжих энэ л цаг үед Монголын үндэсний компаниуд “U-Point” хэмээх нэгдсэн лояалти хөтөлбөрт нэгдсээр байгаа нь ихээхэн сонирхол татаж байна. Энэ сэдвээр “Тэсо” корпорацийн дэд захирал Б.Алтангэрэлтэй ярилцлаа.

-Тэсо корпорацийн тухай Монголчууд сайн мэднэ. Тэсо корпораци “U-Point” нэгдсэн лояалти хөтөлбөрт нэгдсэн талаар ярилцлагаа эхлүүлье гэж бодлоо?

-Манай компани байгуулагдаад эдүгээ 15 жил болсон байна. Энэ хугацаанд удирдлага, менежментийн цар хүрээг корпорацийн хэмжээнд төлөвлөн, чадварлаг багийн хүчээр өнөөдөр 20 орчим компанийг байгуулж, 2000 гаруй ажилтантайгаар үйл ажиллагаагаа амжилттай явуулж байна. Үндэсний манлайлагч байгууллагын хувьд ард иргэдийн амьдрал, цаашлаад улс орны хөгжилд хэрэгтэй дэвшилтэт санаачилгыг дэмжсээр ирсэн. Цаашдаа ч дэмжсээр байх болно. Тийм ч учраас бид “U-Point” нэгдсэн лояалти хөтөлбөрт нэгдээд байна.

-Монголын компаниуд амжилттай хамтран ажиллах шийдэл нь “U-Point” нэгдсэн лояалти хөтөлбөр гэж ойлгож болох уу?

-Дэм дэмэндээ, нэгдэж ажиллах нь гарцаагүй чухал. Дэлхийн эдийн засгийн харилцаанд “Sharing economy” буюу хуваалцах, аливаа том системийн нэг хэсэг болж хөгжих бизнесийн шинэ загвар эрчимтэй нэвтэрч байна. Ямар нэг эд зүйлийг өмчилж, эзэмшихийн оронд түрээсээр ашиглаж, олуулаа хуваалцах шинэ хандлага бий боллоо. Компани бол жижгэрүүлсэн “Улс” бөгөөд эдийн засгийн харилцааны энэ концепцыг үйл ажиллагаандаа тусгахгүй байх нь дэндүү хоцрогдсон, ард иргэдэд сэтгэл ханамжгүй, бодит өгөөжгүй хэрэг болно.

-Ирээдүйд хүмүүс олон байгууллагын урамшууллын карт хадгалах шаардлагагүй болж байгаагийн нэг илрэл мөн үү?

-Яг энэ санааны шийдэл нь технологийн хувьд “U-Point” нэгдсэн лояалти хөтөлбөр учраас Тэсо корпораци нэгдсэн юм. Хэрэглэгч ба Үйлдвэрлэгчийн харилцаа холбоог дэмжих зорилготой энэ хөтөлбөрт Агь ХХК, Милко ХХК, Айсмарк ХХК компаниуд маань оролцож байна. Ингэснээр та Номингоос мах, Агь компаниас Лапша гоймон худалдан авалт хийх бүрдээ “U-Point” оноог цуглуулж, цуглуулсан оноогоороо Юнителээс нэгж авах ч юм уу эсвэл бензин шатахуунаа авах боломжтой гэсэн үг л дээ. Энэ нь хэрэглэгчид олон сонголт боломжийг өгч, цаг хугацаа болон санхүүгийн хувьд зардлыг нь хэмнэж байгаа юм.

-Хүмүүс хүнсээ ихэнхдээ 8 нэрийн дэлгүүрээс авдаг. U-Point оноо нь тухайн дэлгүүрүүдэд үйлчлэх болов уу?

-Тэсо корпораци 10 мянга гаруй борлуулалтын цэгээр 300 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнийг түгээдэг өөрсдийн сүлжээтэй. Гэрээсээ гараад л “U-Рoint” оноогоо цуглуулах боломжтой. Тэгээд ч хүмүүс өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн, хүнсний зүйлсийг өдөр бүр худалдан авдаг тул байнгын      “U-Point” оноотой болно гэсэн үг. Энэ хэрээр цуглуулсан оноогоо зарцуулах эрхээр тасрахгүй.

-Аливаа худалдан авалтад хандах хүмүүсийн сэтгэлгээ их өөрчлөгдөж байх шиг. Тэд зөв зарцуулалтад илүү ач холбогдол өгдөг болсон юм уу гэж санагддаг?

-Санал нэг байна. Дэлхий дахины ололт амжилтыг үндэсний компаниуд хамтран зөв нутагшуулж, хэрэглэгчиддээ ч, үйлдвэрлэгчиддээ ч аль болох олон сонголт, үр өгөөж бий болгох гэж эрмэлздэг болсон. Ялангуяа дотоодын нийт бүтээгдэхүүний эзлэх байр суурьт онцгой нөлөөтэй компаниуд ийнхүү нэгдэж, “U-Point” нэгдсэн лояалти хөтөлбөр гаргаснаараа бие биенээ дэмжиж, үндэсний бүтээгдэхүүний үнэ цэнийг баталгаажуулж буй хэрэг юм. Хүмүүс бүгдээрээ л өдөр бүр бэлэг авах дуртай, хэмнэлттэй мөртлөө хүртээмжтэй амьдрахыг хүсдэг. Тэгвэл “U-Point” нэгдсэн лояалти хөтөлбөр нь хэрэглэгчийн цаг хугацаа, мөнгийг хэмнэхээс гадна үргүй зардал гаргахаас сэргийлэхэд тусална. Нөгөө талаар бүтээгдэхүүн үйлчилгээгээ зарж буй байгууллагуудад ч ашигтай.

-“U-Point” нэгдсэн лояалти хөтөлбөрт хэчнээн компани нэгдсэн бэ? Та бүхний зорилго…?

-Монголчууддаа хүлээн зөвшөөрөгдсөн, бүтээгдэхүүн үйлчилгээний чанар хүртээмж нь хэдийн танигдсан Номин Холдинг, Юнител групп, Кафе Бэнэ сүлжээ, Монбэйкэри, Метро Экспресс, Монгол Эм Импэкс Концерн, Tous Les Jours bakery, Юнивишн зэрэг компаниуд нэгдээд байна. Хэрэглэгчид худалдан авалт бүрээсээ урамшуулал бэлэг авч, инээмсэглэл, сэтгэл ханамжийг байнга мэдэрч байвал тэр бидний гол зорилго юм. Мөн энэхүү хөтөлбөрт нэгдсэн компаниудын ашигт ажиллагаа сайжирч, нэр хүнд, үнэ цэнэ нэмэгдэх өргөн боломжтой тул байгууллагуудыг ч гэсэн хамтран манлайлаасай гэж уриалж байна.

-Бизнесийн чиг хандлага ер нь нэгдэх, хамтрах тал руугаа л яваад байна аа даа ?

-Орчин цагийн бизнесүүд улам бүр хэрэглэгч төвтэй болсоор байна. Компаниуд тус тусдаа лояалти хөтөлбөртэй байх нь хэрэглэгчдийн боломжуудыг хязгаарлаж, компани талаасаа өндөр зардал шаарддаг. Дэлхий нийтээрээ хэмнэлттэй, ашигтай хэрэглээг эрхэмлэх болсон байхад Монголын компаниуд нэгдэж, ард иргэдэд бүтээгдэхүүн үйлчилгээний олон сонголт бүхий хүртээмжтэй, өгөөжтэй хэрэглээг санал болгож, дотоодын худалдан авалтыг дэмжиж буй нь өөрөө нийгмийн хариуцлага юм. Компаниудын хөнгөлөлт, урамшууллын хөтөлбөрүүдийг нэгтгэсэн ийм үйлчилгээний дүнд мэдээж хэрэг худалдан авагчид үргэлж хожих ёстой.

-Танай байгууллагын “Golden Point”, Юнител группын “GG” хөтөлбөр, “Номин бонус” карт зэрэг бусад хөтөлбөрт нэгдэж байгаа байгууллагууд тус тусын лояалти хөтөлбөртэй байсан…?

-Манай компанийн хувьд Golden point хөтөлбөрийн дараагийн дэвшлийг “U-Point” нэгдсэн лояалти хөтөлбөр гэж харж байгаа.

-Татгалзах аргагүй болтол учир утгыг нь ойлгож авлаа. Ингэхэд “U-Point” нэгдсэн лояалти хөтөлбөр хэзээнээс хэрэгжиж эхлэх вэ?

-Тун удахгүй, гэнэт нээлтээ хийнээ /инээв/. Монголчууд бид дэлхийн иргэд. Тиймээс дэвшилтэт технологийг амьдралд ашиглахдаа дуртай, санаачилгатай байх нь их чухал. Зөв хэрэглээний ард үргэлж зөв гарц, амьдралын баяр баясгалан байдаг шүү дээ. Энэ бол маш том хөтөлбөр. “U-Point” нэгдсэн лояалти хөтөлбөрийн хөгжүүлэлт, технологийн бэлтгэл ажлууд бараг дууссан. Тун удахгүй нээлтээ хийнэ. Тэр хүртэл 77775522 дугаарын утсаар лавлаж байгаарай. Бидний амлаж чадах зүйл гэвэл “U-Point” –ийн хэрэглэгч болсноор өдөр бүр инээмсэглэж, алхам тутамдаа сэтгэл ханамжийг мэдэрч, худалдан авалт бүрээсээ бодит хэмнэлтийг эдлэх болно.

-Та бүхний ажилд амжилт хүсье!

-Баярлалаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
3
ХөөрхөнХөөрхөн
2
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж