УИХ-ын чуулганы Баасан гаригийн хуралдаан 10.00 цагт товлогдсон ч одоогоор эхлээгүй байна. Чуулганаар хэд хэдэн асуудал хэлэлцэхээр төлөвлөжээ. Тухайлбал,
- Засгийн газраас нэн яаралтай дэгээр өргөн мэдүүлсэн Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл,
- ХХААХҮ-ийн сайдыг томилох,
- ЗТХ-ийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх,
- БСШУС-ын сайдыг огцруулах тухай Ерөнхий сайдын санал,
- Нотариатын тухай, Эрүүл мэндийн тухай, Шуудангийн тухай, Хэмжил зүйн тухай, Сэргээгдэх эрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг
хэлэлцэх юм. Түүнчлэн ирэх оны нэгдүгээр сараас хэрэгжих Төрийн албаны тухай хуультай холбоотой УИХ-ын дөрвөн тогтоолын төслийг хэлэлцэхээр товлосон.
Нэр бүхий гишүүд УИХ-ын даргыг огцруулах шаардлагыг тавьсан. Тус шаардлагыг Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцэж шийдвэрлүүлэхээр шилжүүлсэн талаар УИХ-ын дарга М.Энхболд сая мэдэгдлээ. Тэрбээр энэ талаар “Өчигдөр Л.Оюун-Эрдэнэ нарын 38 гишүүн албан бичиг надад ирүүлсэн. УИХ-ын даргаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ гарга гэсэн шаардлага ирүүлсэн. Энэ шаардлага өчигдөр анх удаа ирсэн юм биш. Намайг УИХ-ын даргын албан тушаалаасаа чөлөөлөгд гэдэг шаардлагыг Ерөнхийлөгч Х.Баттулга урьд нь надад тавьж байсан. Дараа нь манай намын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх мөн яг Ерөнхийлөгчийн хэлсэн утга агуулгаар намын бүлгийн хурал, байнгын хороо, чуулганы хуралдааны үеэр УИХ-ын даргын албан тушаалаасаа чөлөөлөгд гэсэн шаардлагыг тавьж байсан. Өчигдөр УИХ-ын нэр бүхий 38 гишүүн гарын үсэг зурж дээрх шаардлагыг ирүүллээ. Намайг огцруулах гарын үсгээ зурсан 38 гишүүний 34 гишүүн нь манай намын гишүүд. Гарын үсгээ зурсан нөхдийгөө би хэний хүсээд байгаа хүслийг гүйцэлдүүлэх гэж, хэний даалгасан даалгаврыг биелүүлэх зорилготойгоор гарын үсэг зурснаа тунгааж бодож үзсэн байгаа даа гэж бодож байна. Би хууль ёсоор УИХ-ын даргад нэр дэвшиж сонгогдсон. Энэ албан тушаалыг өгч чөлөөлөгдөхөд надад зууралдаад байгаа зүйл байхгүй. Гэхдээ парламентын дотор болж буй үйл явдлууд хуулийн дагуу явагдах ёстой гэж үздэг. Тийм учраас нэр бүхий гишүүдийн шаардлага хуульд хэрхэн нийцэж байгаа эсэхийг авч үзнэ үү гэж Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлсэн. Миний хувьд хууль зөрчсөн үйлдэл хийгээгүй гэдэгтээ бат итгэлтэй байгаа. Үүсээд байгаа нөхцөл байдлыг Төрийн байгуулалтын байнгын хороо хэлэлцэж шийдвэр гартал нь чуулганы нэгдсэн хуралдааныг УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалангаар удирдуулъя” гэлээ.
Ингэснээр чуулганы хуралдааныг Л.Энх-Амгалан даргалахаар боллоо. Гэвч хуралдаанд одоогоор 21 гишүүн ирээд байна. УИХ-ын байнгын хорооны дарга, зарим сайд нар чуулганы хуралдаандаа орж ирэхийг УИХ-ын дэд дарга үүрэгдлээ.
НЭМЭЛТ:
Засгийн газрын гишүүд болон УИХ-ын зарим гишүүд чуулганы нэгдсэн хуралдааны танхимд орж ирээгүйгээс хуралдааны ирц бүрдэхгүй байсан тул хуралдаан даргалагч болон ирцэд бүртгүүлсэн гишүүд ирц бүрдэхийг хүлээсээр багагүй хугацааг өнгөрөөв.
УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэнд бүлгийнхээ ирцийг бүрдүүлэхийг үүрэгдсэн ч ирц хүрсэнгүй.
30 орчим минут гишүүдийг танхимд орж ирэхийг нь хүлээсэн ч ирц бүрдэлгүй байсаар Баасан гаригийн чуулганы хуралдааныг өндөрлүүллээ.