УБЕГ, ШШГЕГ нь Засгийн газрыг хууль зөрчсөн нөхцөл рүү түлхэж байна

Хуучирсан мэдээ: 2018.12.14-нд нийтлэгдсэн

УБЕГ, ШШГЕГ нь Засгийн газрыг хууль зөрчсөн нөхцөл рүү түлхэж байна

УБЕГ, ШШГЕГ нь Засгийн газрыг хууль зөрчсөн нөхцөл рүү түлхэж байна

Улсын дээд шүүхээс энэ оны есдүгээр сарын 19-нд “Эрдэнэт үйлдвэр”, “Монголросцветмет” нэгдлийн эзэмшлийн маргааныг хэлэлцээд, “Монголын зэс” корпорацийн талд шийдвэрлэсэн. Хүчин төгөлдөр шийдвэр гараад гурван сарын хугацаа өнгөрөөд буй энэ үед шүүхийн тогтоолын биелэлт хэрхэн хэрэгжиж буйг “Монголын зэс” корпорацийн гүйцэтгэх захирал Ц.Пүрэвтүвшингээс тодрууллаа.

– Улсын дээд шүүхийн шийдвэр гараад хэдийн гурван сарын хугацаа өнгөрчээ.  Энэ хугацаанд “Эрдэнэт үйлдвэр”, “Монголросцветмет” нэгдлийн 49 хувийн эзэмшлийн талаарх Дээд шүүхийн шийдвэр хэрхэн биелж байна вэ?

-Дээд шүүхээс “Эрдэнэт үйлдвэр”, “Монголросцветмет” нэгдлийн 49 хувийн эзэмшлийн маргааныг энэ оны есдүгээр сарын 19-нд эцэслэн шийдвэрлэж, хууль ёсны хувьцаа эзэмшигч нь “Монголын зэс” корпораци гэж үзсэн. Шүүхийн шийдвэр гараад бараг гурван сарын хугацаа өнгөрч буй ч хэрэгжилт нь гацаад байна.  Монгол Улсын Үндсэн хууль болон Захиргааны ерөнхий хууль, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар улсын Дээд шүүх аливаа маргааныг эцэслэн шийдвэрлэмэгц иргэн, хуулийн этгээд, төрийн захиргааны байгууллага хэн боловч дээд шүүхийн шийдвэрийг эцэслэн биелүүлэх үүрэгтэй.

Гэвч шүүхийн тогтоол биелэгдэхгүй байгаа учраас манай компаниас шүүхэд хүсэлт тавьж, уг шийдвэрийг албадан биелүүлэх хүсэлт гаргасан. Энэ дагуу шүүхээс 2018 оны арваннэгдүгээр сарын 16-ны өдөр Улсын дээд шүүхийн тогтоолыг албадан гүйцэтгэх захирамж гаргасан юм.  Улмаар 2018 оны арваннэгдүгээр сарын 30-ны  дотор сайн дураар биелүүлэх захирамжийг Улсын бүртгэлийн ерөнхий газар (УБЕГ), Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт (ТӨБЗГ) өгсөн. Гэвч энэ хугацаанд шүүхийн шийдвэр биелүүлээгүй. Мөн сайн дураар биелүүлэхийг заасан хугацаа буюу өнгөрсөн сарын 30-наас хойш одоо 10 гаруй хоног өнгөрөөд буй ч шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагууд шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулалгүй, хууль зөрчиж байна.  Өөрөөр хэлбэл, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага албан тушаал эрх мэдлээ хэтрүүлж, бусдад буюу  УБЕГ, ТӨБЗГ-т давуу эрх олгож байна гэж үзэх үндэслэл бий.

-Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагууд бусдад давуу байдал олгох нь өөрөө гэмт хэргийн шинжтэй үйлдэл. Энэ тухайд таны байр суурь ямар байна вэ?

-Давуу байдал олгох нь Эрүүгийн хуулийн 22.1-д заасан гэмт хэргийн шинжтэй үйлдэл. Ялангуяа, төрийн захиргааны албан тушаалтан буюу шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага шүүхийн тогтоолыг биелүүлэхгүй байгаа нь гэмт хэргийн шинж агуулж буй. Тиймээс манай компани Авлигатай тэмцэх газарт (АТГ) гомдол гаргасан. Энэ дагуу тус газраас холбогдох ажиллагааг хэрэгжүүлж, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын холбогдох албан тушаалтнуудыг шалгаж эхэлсэн. УБЕГ ч шүүхийн шийдвэр биелүүлээгүй тул мөн АТГ-т гомдол гаргасан. УБЕГ-ын дарга нь Улсын ерөнхий бүртгэгч гэдэг утгаараа хуулийн хариуцлага хүлээх учиртай.

Түүнчлэн шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага, УБЕГ нь Хуульзүй, дотоод хэргийн яамны харьяа агентлаг болохыг бид мэднэ. Өөрөөр хэлбэл, тус яамнаас ерөнхий удирдлагаар хангадаг гэсэн үг.  Гэхдээ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль болон Улсын бүртгэлийн тухай хуульд зааснаар үндсэн чиг үүргийн асуудлаа эдгээр байгууллага хуулийн дагуу биелүүлэх үүрэгтэй.

Харамсалтай нь дээд шатны удирдлагаас хууль бусаар нөлөөлж, манай компанитай холбоотой шийдвэр биелэгдэхгүй, шийдвэр гүйцэтгэгч нар нь ажлаа хийхгүй, манай компанийн төлөөллийг хүлээн авч уулзахгүй байдал үүсчихээд байна. Тийм учраас дээд шатны удирдлага буюу харьяа яамнаас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар (ШШГЕГ), УБЕГ-т  нөлөөлж байна гэж үзэн, Авлигатай тэмцэх газар гомдол гаргаад байгаа.  Хэрвээ нөлөөлсөн нь тогтоогдвол холбогдох алтан тушаалтнууд болон манай компанийн эрх ашгийг зөрчиж буй ШШГЕГ болон УБЕГ-ын эрх бүхий албан тушаалтнууд хуулийн хариуцлага хүлээх үндэслэл бүрдэнэ.

Холбогдох хуульд зааснаар шүүхийн тогтоолыг хүлээн авснаас хойш гурав хоногийн дотор Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас мэдэгдэл хүргүүлэх ёстой. Гэтэл  энэ оны арваннэгдүгээр сарын 30-наас албадан гүйцэтгэх ажиллагаа эхлэх ёстой байтал шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас ямар ч бичиг гаргаагүй байгаа юм.

– Энэ хэрээр цаг хугацаа алдана. Ялангуяа, бизнесийн байгууллагын хувьд оны эцэс нь тайлан тооцоогоо нэгтгэн дүгнэх,  ирэх оны төлөвлөгөөгөө боловсруулах үе. Гэтэл энэ чухал үед шүүхийн шийдвэрийн гүйцэтгэл удааширч буй нь бизнесийн үйл ажиллагаанд нөлөөлж байна уу?

-Мэдээж хэрэг. Тухайлбал, “Эрдэнэт үйлдвэр”-ийн ТУЗ энэ оны нэгдүгээр сард хуралдсанаас хойш албан ёсоор нэг ч удаа хурал хийгээгүй. Тиймээс энэ оны эхээр баталсан компанийн дүрэм журам, үйл ажиллагааны тайланг хэлэлцэх, шинэ оны төлөвлөгөөг батлах хугацаа тулчихаад байгаа. Энэ мэт “Эрдэнэт үйлдвэр”-ийн эрх ашиг, мөн үйлдвэрийн ажилчидтай холбоотой олон асуудал хүлээгдээд байна. “Эрдэнэт үйлдвэр”-ийн ТУЗ-ийн гишүүдийн зүгээс шүүхийн шийдвэр биелсэн нөхцөлд хуралдаж, холбогдох асуудлаа хэлэлцэнэ гэсэн нэгдсэн байр суурьтай байгаа. Гэвч холбогдох байгууллагууд нь ийн илт хууль зөрчсөн үйлдэл хийсээр байна.

-Ер нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага нэгэнт шүүхээс гаргасан тогтоолыг хөндлөнгөөс удаашруулж, гацаах нь ямар эрсдэл дагуулах бол?

-Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын үндсэн бөгөөд цорын ганц үүрэг нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх. Гэтэл Улсын дээд шүүхийн хүчин төгөлдөр тогтоол гарчихаад байхад нэг ч үйлдэл хийхгүй байна. Ялангуяа, албадан гүйцэтгэх захирамж гараад сар орчмын хугацаа өнгөрөөд байна.

Шийдвэр гүйцэтгэх байгууллагын нэр бүхий удирдлагууд дээд шатны байгууллагаас хууль бусаар үүрэг даалгавар авсан байж болзошгүй гэсэн мэдээлэл бий.  Тодруулбал, “Монголын зэс” корпорацитай холбоотой улсын бүртгэлийг гацаах даалгавар өгсөн гэх мэдээлэл бидэнд ирсэн. Бид энэ талаар АТГ-т хандана. Хэрэв эрх бүхий албан тушаалтан хууль зөрчсөн бол эрүүгийн хариуцлага хүлээнэ.

Түүнчлэн УБЕГ ч ялгаагүй бүртгэх үүрэгтэй. Гэтэл Улсын дээд шүүхийн тогтоол гарчихаад байхад тус байгууллагаас үүнд тайлбар хэлэх хууль зүйн ямар ч үндэслэл байхгүй. Эцэст нь хэлэхэд, эдгээр байгууллагын хууль бус үйлдэл нь эргээд Засгийн газрыг хууль зөрчсөн нөхцөл байдал руу түлхэж байна. Манай компани зүгээс Дээд шүүхийн тогтоолыг хэрэгжүүлэхийн төлөө шат шатны байгууллагуудад хандан, тууштай ажиллана. Эрх бүхий байгууллагуудад хуулийн дагуу шийдэх хүсэлт тавьсаар байх болно.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж