Н.Батсуурь: Гурван үе дамжсан бөхийн удамтай

Хуучирсан мэдээ: 2015.03.05-нд нийтлэгдсэн

Н.Батсуурь: Гурван үе дамжсан бөхийн удамтай

2014 оны үндэсний их баяр наадамд Увс аймгийн Ховд сумын харьяат "Увснуур" дэвжээ, ТЭЦ-3, "Химон" констракшны бөх улсын харцага Намсрайжавын Батсуурь ес даван түрүүлж, улсын арслан цолны эзэн болсон билээ.

Улсын начин Дэлэг, улсын харцага Намсрайжав, улсын начин Энхбаяр, Эрхбаяр, олимпийн хүрэл медальт, улсын начин  Р.Даваадалай нарийн олон бөхчүүдийн удам, тэдний залгамж халааг авч яваа Монгол улсын арслан, жүдо бөхийн ОУХМ,  Н.Батсуурьтай ярилцлаа.

-Та хүүхэд байхдаа ямар хүүхэд байсан бэ?

-Миний бага нас Улаанбаатар хотод өнгөрсөн. Манай гэр III хоорололд байдаг байсан. Тэнд миний хүүхэд нас өнгөрсөндөө. Би бага байхдаа тийм ч дүрсгүй хүүхэд байгаагүй. Гэхдээ тухайн үед үеийнхээ нөхдийг хараад сахилгагүйтэх үе зөндөө гардаг байсан.

-Таныг аялал жуулчлалын мэргэжлээр сурч байсан гэсэн. Яагаад үндэсний бөхөөр барилдах болсон бэ?

–  Аав маань улсын харцага Намсрайжав гэж хүн байдаг. Би багаасаа аавыгаа дагаж явсаар байгаад л бөхөд сонирхолтой болсон. Үеийнхээ хүүхдүүдтэй ноцолдох үе их гардаг байсан. Ер нь тэр л үеэс үндэсний бөхөөр барилдахаар шийдсэндээ.

-Аав тань бөх хүний хувьд их зүйл хэлж сургана биз?

-Тэгэлгүй яахав. Өөрөө миний замналыг туулаад ирсэн болхоор ийм зүйл дээр алдаа гаргаж болохгүй ингэвэл зүгээр их зүйлийг зааж сургадаг. Мөн манай өвөг аав Дэлэг гэж улсын начин цолтой хүн байсан гэдэг.

-Тэгэхээр танайх бөхийн удамтай байхнээ?

-Тиймээ би чинь гурван үе дамжсан бөхийн ховорхон түүхийн эзэн болж яваа хүндээ. Өвөө аав маань 1950 оны улсын баяр наадамд хоёр жил дараалан түрүүлээд байсан Батсуурь аваргийг хаяж начин цол авж байсан юм билээ.

-Таныг Японд улсад очиж, сүмо бөхөөр барилдаж байсан гэсэн.   

-Японд байхдаа сүмо бөхөөр хичээллэж болмоор санагдаж байсан. Би Хакүхо М.Даваажаргалын дэвжээний бэлтгэлд явж үзсэн. Тухайн үед Хакүхогийн багш намайг харчихаад нас залуу бол дэвжээндээ авч болох юм гэж байсан.

-Үндэсний бөхөөр хэзээнээс тууштай хичээллэж эхлэв?

-2009 оноос хойш үндэсний бөхөөр хичээллэж байна. Би тэр жил Японоос ирээд л үндэсний бөхийн бэлтгэлийг алгалсалгүй хийдэг болсон. Мөн дараа жилээс нь жүдогоор барилдаж эхэлсэн.

-Тэгэхээр жүдо бөхөөр хэр амжилт үзүүлсэн бэ?

-Нэг жил гаруй бэлтгэл хийгээд улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцсон. Тухайн үедээ буюу 2011, 2012 оны улсын аварга цолыг хүртэж байлаа. Мөн Дэлхийн цомын хос хүрэл медальтай.

-Анх 2010 оны улсын наадамд барилдаж байсан гэсэн.

-Тиймээ. Тэр жилийн улсын наадамд анх удаа барилдаад улсын арслан Х.Мөнхбаатарт унаж байсан.  

-Та төрийнхөө их баяр наадамд таван жил барилдаад том цолонд хүрлээ. 2013 онд улсын харцага, 2014 онд ес даван түрүүлж, улсын арслан цол хүртсэн байна.

-2014 онд бэлтгэл маш сайн байсан. Тавын даваанд улсын харцага Ө.Бат-Оршихийг давж, зургаагийн даваанд улсын начин Р.Пүрэвдагватай тунаж давснаар харцага цолоо баталсан. Долоогийн даваанд улсын гарьд Д.Рагчааг давж, улсын зааны цолыг, наймын даваанд улсын заан Ч.Санжаадамбаар улсын гарьд цолны болзол хангасан. Ингээд улсын начин Ш.Жаргалсайханыг давж, төрийн их наадамд ес даван түрүүллээ. Энэ спортод хүчин зүтгэж, гурван үеийг дамжсан бөхийн удмыг үргэлжлүүлж байгаадаа баяртай байна.

-Таныг ямар хүн дасгалжуулж байна вэ?

-Өнгөрсөн жил Б.Гантогтох манай дэвжээг ахалж, бөхчүүдийг наадамд бэлтгэсэн юм.

Б.АЛТАНГЭРЭЛ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж