Эрүүгийн хуулиас гүтгэх заалтыг хасч, Зөрчлийн хуулинд оруулснаас хойш багагүй хугацаа өнгөрөв. НҮБ-ын Хүний эрхийн хорооноос Монгол Улсад доромжлох, гүтгэхийг Эрүүгийн хуулиас халахыг зөвлөхдөө “Гишүүн улс Эрүүгийн хуулиасаа гүтгэх гэмт хэргийг халахад анхаарвал зохино. Хамгийн ноцтой тохиолдолд л Эрүүгийн хуулийг ашиглаж болох боловч шоронд хорих нь хэзээ ч зохисон шийтгэл биш юм” гэжээ.
Эрүүгийн хуулинд гүтгэх, доромжлох гэмт хэрэг нь хоёр өөр зүйл ангид хамаарч байсан бол Зөрчлийн хуулинд хоёуланг нь нэг зүйлд хамруулан нэгтгэсэн билээ.
Зөрчлийн тухай хуулийн 6.21-д "Хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндийг гутаан доромжилсон худал мэдээллийг нийтэд дэлгэсэн, эсхүл мэдээллийн хэрэгсэл, нийтийн сүлжээгээр тараасан бол хүнийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно" хэмээн заасан. Энэ нь иргэнийг хоёр сая, хуулийн этгээдийг 20 сая төгрөгөөр торгох заалт юм.
МУИС-ийн Хууль зүйн сургуулийн профессор, доктор О.Мөнхсайхан энэхүү хуулийн зохицуулалттай холбоотойгоор “Гүтгэлгийг яагаад гэмт хэрэгт тооцож яллаж болохгүй вэ” сэдвээр АТГ-ын Олон нийтийн төвд болсон “Авлига ба эрэн сурвалжлах сэтгүүл зүй” сэтгүүлчдийг чадваржуулах сургалт дээр тайлбарлав.
Тэрбээр “Хүн гүтгэн, доромжлох шинжийг хоёуланг нь агуулж байвал зөрчил үүсч, Зөрчлийн хуулиар хариуцлага хүлээх нь зүйн хэрэг. Зөрчлийн хуульд ингэж хоёуланг нь оруулсан нь сайн юм. Хэрвээ та бүхэн хүн гүтгэсэн гэж буруутгагдаж байгаа бол юуг ойлгох вэ? Доромжилно гэдэг нь тэнэг, мангар гэх мэтчилэн хэлэх бол гүтгэлэг гэдэг нь тэр хүний нэр хүндийг гутаасан худал мэдээлэл тараах юм. Доромжилсон шинж байхгүй, зөвхөн илт худал мэдээлэл байвал зөрчилд тооцохгүй гэж би ойлгож байгаа” хэмээн онцоллоо.
Зөрчлийн хууль хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлснээс хойш буюу энэ 2018 оны нэгдүгээр улирлын байдлаар гүтгэх зөрчил 131 бүртгэгдсэн байна. Энэ тоон үзүүлэлт цаашид өсөх хандлагатай байгаа бөгөөд Зөрчлийн хуулийг практикт хэрэглэхдээ алдаа гаргах тохиолдол цөөнгүй байгаа ажээ.
Энэ хуулийн 6.21 дүгээр зүйлээр хэвлэл мэдээлэлтэй холбоотой 230 гомдлыг хүлээн авч, 49 хэрэгт 98 сая төгрөгийн торгууль тавьсан байна. 2017 оны тавдугаар сараас хойшхи нэг жилийн хугацаанд нийт 140 сэтгүүлч, хэвлэл мэдээллийн хэрэгсэлд холбогдох үзэл бодлоо илэрхийлэх эрхийн зөрчлийн 182 тохиолдол бүртгэгджээ. Дээрх хэргүүдтэй холбоотойгоор зургаан сэтгүүлч гомдол гарснаас гурав нь Зөрчлийн хуулиар шийтгэл хүлээж, гурвынх нь хэргийг хэрэгсэхгүй болгосон байна. Зөрчил үйлдэгчийн 30 гаруй хувь нь улстөрч, төрийн өндөр албан тушаалтан, төрийн албан хаагч, төрийн байгууллага аж.
Профессор, доктор О.Мөнхсайхан Зөрчлийн хуулийн дагуу сэтгүүлчийг хоёр сая төгрөгөөр торгосон нэг тохиолдлыг онцолсон юм. Тодруулбал, “Сэтгүүлч “Би… Архангай аймгийн Засаг дарга Ц.Мөнхнасанг ажлаа аваад удаагүй ч бараг 15 удаа гадаадад аялсан тухай бичсэн. Гэтэл 15 удаа яваагүй 13 удаа явсан, ингэхдээ зарим аялал улсын төсвөөр биш, цаанаасаа төслийн шугамаар орж ирсэн учир гүтгэлэг гэх үнлэслэлээр буруутгасан” гэжээ. Энэ талаар тэрбээр шүүгчид болон сэтгүүлчидтэй уулзах үеэрээ ярьж, шүүгчид ийм асуудалд анхааралтай хандах нь зүйтэй гэдэгт санал нэгдсэн байна.
“Гүтгэх”-ийг Зөрчлийн хуулиар зохицуулсан явдал нь ухралт биш ажээ. Эрүүгийн хуулиар зохицуулснаас олон талаар дээр, учир нь Эрүүгийн хуулийн дагуу гүтгэх гэмт хэргийг шийдвэрлэлээ гэхэд гарах үг дагавар нь чанга байна гэсэн үг. Зөрчлийн хуулиар “гүтгэх”-ийг гэмт хэрэг биш болгосон нь том дэвшил болжээ.
Үзэл бодолтой байх нь абсолют эрх чөлөө. Миний юу бодох, үзэл бодлоо өөрчлөхийг хэн ч тулгахгүй. Жишээлбэл, намайг муухай юм бодож байна гээд шийтгэж болохгүй. Энэ бол абсолют эрх чөлөө, хэн ч, хэзээ ч түүнийг хязгаарлаж болохгүй. Харин үзэл бодлоо илэрхийлэхэд зүй ёсны хязгаарлалт тавьж болдог учраас туйлын шинжтэй биш.
Манай улсын нэгдэн орсон Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пакт дээр үзэл бодол, эрх чөлөө, түүнийг хязгаарлаж буй аливаа хязгаарлалт гэсэн гурван шаардлагыг зэрэг хангасан байх ёстой, аль нэгийг нь хангаагүй бол энэ пактыг зөрчсөн гэж үздэгийг дурдлаа.
УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороон дээр Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албаны дэд дарга Ц.Ням-Очир "Гүтгэх гэдэг нь өмнөх Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг байсан. Долдугаар сарын 1-нээс мөрдсөн Зөрчлийн хуульд гүтгэх зөрчил гэж оруулсан. Зөрчил болсноосоо хойш тоон үзүүлэлт нэмэгдэж байна. Энэ оны нэгдүгээр улирлын байдлаар бол гүтгэх зөрчил нь 131 бүртгэгдсэн байна. Энэ тоон үзүүлэлт цаашид өсөх хандлагатай байна. Бид энэ чиглэлээр өөрсдийнхөө саналыг хүргүүлсэн. Гүтгэх зөрчлийг эргээд Эрүүгийн хуульд оруулж өгөөч ээ гэсэн саналаа хүргүүлээд ажиллаж байна" гэж ярьж байв.
УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан "Гүтгэлэг гэдэг юм цахим орчинд ингэж их хэмжээгээр гарч байгаагийн утга нь яалт ч үгүй хуулийн хариуцлагыг нэлээн чангатгах шаардлага хэрэгцээ гарч байгаа юм. Гүтгэх гэдэг бол зөрчил биш шүү дээ. Энэ бол гэмт хэрэг. Хүний алдар гавьяа, нэр хүнд, нийгэмд эзэлж байгаа байр суурь гээд олон юм руу халдаж байгаа халдлага байхгүй юу” гэсэн билээ.
Профессор, доктор О.Мөнхсайханы хувьд Эрүүгийн хуульд “гүтгэх”-ийг оруулахгүй байх дээр 100 хувь санал нэг байгаагаа илэрхийлсэн юм.
Холбоотой мэдээ