Ц.Элбэгдорж: Улс орныхоо эрх ашгийн төлөө монголчууд нэгдэх ёстой

Хуучирсан мэдээ: 2018.12.14-нд нийтлэгдсэн

Ц.ЭЛБЭГДОРЖ

Ц.Элбэгдорж: Улс орныхоо эрх ашгийн төлөө монголчууд нэгдэх ёстой

Ц.Элбэгдорж: Улс орныхоо эрх ашгийн төлөө монголчууд нэгдэх ёстой

Монгол Улсын ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж өчигдөр /2018.12.13/ MNC телевизийн бэлтгэн хүргэдэг "Мөнхтөрийн цаг" нэвтрүүлэгт уригдан оролцлоо.  Ингээд түүний онцлох эшлэлүүдийг хүргэе.

  • Ардчилсан хөдөлгөөн үүссэний 30 жилийн ой ирэх 2019 онд тохионо. Энэ бол XX зуунд Монгол Улсад өрнөсөн гурван том үйл явдлын нэг. Монголын ард түмэн, бүх нийтийн хөдөлгөөн.
  • Бид улс төрөө хөөгөөд яг улс орныхоо асуудал руу орохгүй байна. Хүнтэйгээ хөөцөлдөөд хүмүүс хоорондын асуудал шийдэгдэхгүй нь харагдаж байна. Том асуудлынхаа ард нэгдэх хэрэгтэй. Миний харж байгаагаар, гурван том асуудлын ард монголчууд ойрын хугацаанд нэгдэхгүй бол болохгүй байна. Үүнд: Суурь асуудал – Эдийн засаг. Эдийн засагт дорвитой өөрчлөлт, тэлэлт хийхгүйгээр нэлээн хэдэн жил өнгөрчихлөө. Манай эдийн засаг 11 тэрбум ам.долларт хүрээд зогсчихлоо. Ханшийн өсөлт, гаднын хөрөнгө оруулалт саарч, дотоодын эдийн засгийн идэвхжил гээд авч үзвэл иргэдийн орлого 20-30 хувь буурч байна. Иймээс эдийн засгийг маш хурдтай тэлэхгүй бол болохгүй. Дотроо олж буй орлого нь зарлага нөхөж дийлэхгүй байгаа тул нэмэлт орлогын төлөө монголчууд гадагшаа явж байна. Ойрын жилүүдэд эдийн засгаа бид гурван дахин нэмэх хэрэгтэй. Яг энэ ажлын ард УИХ, Засгийн газар, Ерөнхийлөгч гээд Засаг захиргааны бүх шатны байгууллагууд нэгдэх хэрэгтэй. Дараагийн асуудал бол төрийг хариуцлагатай болгох хэрэгтэй. Бидний эрх, эрх чөлөөний тухай ойлголт нэмэгдсэн. Бие биеэ муу хэлдэг, хараадаг, доромжилдог. Энэ байдалдаа сүрхий суралцлаа. Гэхдээ үүнээс суралцаад хөгжил дэвшлээ цааш нь аваад явахдаа хоцроод байна. Монгол хүн монгол хүнээ хараад  хайран юм гэсэн хандлагыг бий болгож, цааш нь авч явах хэрэгтэй. Хариуцлагатай холбоотой асуудал дээр ямар хууль нь яах ёстой вэ гэдэг бүх шийдэл нь бэлэн байна. Монголд далай шиг баян сайн санаанууд байна. Одоо түүнийг шүүрч аваад ажил болгох асуудал чухал болоод байна. Улс төр нь хариуцлагатай, эдийн засаг нь тэлээд ирэхээр иргэд нь орлоготой болно. Иргэдэд энэ ардчилал, зах зээл, чөлөөт эдийн засгийн үр шимийг хүргэе гэвэл бид иргэдээ хуримтлалтай, орлоготой болгох хэрэгтэй.
  • Монголд иргэдийн улс төрийн эрхийг хэрэгжүүлэхтэй холбоотой эрх зүйн орчин бүрдээгүй байна. Иргэдийн эрхийг улс төрийн нам, бүлэг, фракц булаагаад авчихсан. Яг үнэндээ иргэдэд улс төрийн эрх, эрх чөлөөгөө хэрэгжүүлэх нөхцөл алга. Би Щвейцарийн хөгжлийн агентлагтай хамтран Иргэний танхим, Шилэн данс, Орон нутгийн хөгжлийн данс гээд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх арга хэмжээг авч байсан. Үүн дээр нэмээд иргэдийн улс төрийн эрхийг нэмэгдүүлэх хууль санаачилж байсан ч Их хурал хоёр удаа баталж чадаагүй. Өнөөдөр Монголд яригдаж байгаа 10 асуудлыг тав нь иргэд хоорондоо ярилцаад шууд санал асуулгаар шийдчих боломжийн асуудлууд байдаг. Бид төлөөллийн ардчиллаас цаашид иргэний оролцоо шийддэг тэр ардчилал, дэд бүтэц, иргэний улс төрийн эрхийг хэрэгжүүлэх боломжийг илүүтэй олгох хэрэгтэй. Үүнд маш том өөрчлөлт хийж болно.
  • Нийгмийн өөрчлөлт өөрөө удаан явагддаг. Бид хэсэг субботник хийгээд нэг тодорхой асуудлыг шийдээд цаашдаа бүх нийгмийн асуудлыг шийдэх боломжгүй. Миний баримталдаг нэг зарчим бол бидний үед тулгамдаж буй асуудал бий. Бид энэ үедээ хүн төрөлхтний эсвэл улс орныхоо бүх асуудлыг шийдэж чадахгүй. Гэхдээ яг бидний үед шийдэж болох асуудлаа шийдье. Өнөөдөр шийдчихэж болох асуудлыг маргаашдаа өвлүүлж үлдээхээ больё л гэдэг ийм л ухаарал руу бид явж байна.
  • Бид урт удаан түүхтэй улс. Энэ түүхэнд асар их сургамж бий. Дэлхийн их гүрэн байгуулж явсан. Тэндээсээ унаж бутарч, задарч явсаар байгаад өнөөдрийн Монгол бий боллоо. Мөн коммунист нийгэм, ардчилсан хөдөлгөөн гээд энэ бүхэнд авах зүйл их бий. Бидний эргэн тойрон, газар зүйн байршил маш өвөрмөц. Мөн Монголын соёл, уламжлал, төр барих ухаан өвөрмөц. Үүн дээр хүн төрөлхтний нийтлэг чиг хандлага бий. Ингээд бидний олсон ололт энэ бүхнийг нийлүүлээд авч үзэхээр “Монгол зам” гэсэн санаа гарч ирж байна. Би яг одоо үүн дээр ажиллаж байна. Үзэл санааг нь бий болгоод, үүн дээр суурилсан шийдлийг олох ажилд дээр ажиллаж байна. Монгол ямар замаар явах ёстой юм вэ гэдгийг гаргаж ирье. Агуулга, амин сүнс нь Монголын 800 жилийн түүх, уламжлалд бий.
  • Өнөөдөр байдал тодорхойгүй байгаад байна. Бид бүгд нэг нэгнээ үзэн ядсан нэг муухай зүйл рүү орчхоод байна. Одоо үүндээ бид дасаж эхэлж байна. Иймээс сайн сайхан асуудлыг гаргаж ирэх хэрэгтэй. Монголын тухай яривал монгол хүмүүс нэгдэж чаддаг.
  • Хүмүүсийн шүүмжилж байгаа тэр эрх, эрх чөлөө гэдэг бол байх ёстой зүйл. Энэ бидний хамгийн үнэтэй зүйл. Энэ 20, 30 жилийн ололт бол хүмүүсийн хардах, шүүмжлэх эрх чөлөө. Яагаад би энэ эрх чөлөө рүү халддаггүй вэ гэхээр хэрвээ бид нэг хүнийг шүүхэд өгөөд явбал бусад хүмүүсийн зүрх сэтгэлийг мохоох, Монголын мохооно.Үгээ хэлж чаддаг монгол байна гэдэг маш чухал. Монголын хөгжлийн философи бусад улс оронтой харьцуулахад арай өөр байх ёстой. Наад зах нь хоёр хөрштэйгөө харьцуулахад, манай хоёр хөрш төвлөрсөн удирдлагатай, тэр нь хүчтэй байсан цагт тэр том улс гүрэнд энх тайван, тогтвортой хөгжлийг бий болгож байна. Харин Монголын хувьд арай өөр. Хүн цөөтэй, уудам газар нутагтай. Газар зүйн орчин нөхцөл нь өөр учраас Монгол хүн бүр хүчтэй байх ёстой. Монгол хүнд хэлэх ярих, сэтгэх, хийх боломж нь нээлттэй байсан цагт Монгол том харагдана.
  • Өнөөдөр Их хурал, Засгийн газар нь нурчих гээд байгаа байдлын үндсийг авч үзвэл албан тушаал давхар хашдаг явдал юм. Иймээс Ерөнхий сайдаас бусад нь Их хурлын гишүүн, Засгийн газрын гишүүний давхар албан тушаал хашдаггүй болчих хэрэгтэй. Энэ хуулиа бид Их хуралдаа оруулаад, батлуулаад хэрэгжүүлээд явах хэрэгтэй.
  • Өнөөдөр ХБНГУ-ын канцлер А.Меркель намын даргынхаа ажлыг өгч байна. гэтэл Герман Монгол хоёр улсын үндсэн хуулийн заалт яг адил.  Гэтэл Германд хэрэгжүүлээд ирсэн тэр уламжлалыг Монгол дагаагүй. Өөрийнхөө үндсэн хуулийн заалтыг буруугаар ойлгоод, буруугаар хэрэгжүүлээд явчихсан. Ерөнхий сайдаа огцруулчхаад Ерөнхий сайдаа хайдаг. Гэтэл Германд Ерөнхий сайд нь ажлаа өгөхийн тулд эхлээд нам дээрээ очоод намын дарга болох хүнээ тодруулж байна. Үүнийг үндсэн хуульдаа гар хүрэхгүйгээр намын дүрэм, Их хурлын журам , Засгийн газрын хуульдаа өөрчлөлт оруулаад явах боломжтой. Ингэсэн цагт Германтай адил 18 жил төрөө тогтвортой аваад явах боломжтой.
  • Барак Обама Бид хоёр бүрэн эрхийнхээ хугацаа дууссан цагт нэг уулзъя гэж тохирч  байсан. Гэтэл надад уулзах боломж олдоогүй. Учир нь, АНУ-д тухайн ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа дуусах үед хэвлэл мэдээллийнхэн төрийн ой санамжийг хадгалж авч үлдэхийн тулд бүтэн нэг жилийн туршид тэр хүнийг дагаж, хийж хэрэгжүүлж байсан ажил, тухайн үеийн нөхцөл байдал гээд дурсамжийг нь видео бичлэгт буулгаж үлддэг юм байна лээ. Үүнтэй холбоотойгоор бид хоёр уулзаж амжаагүй ээ. Барак Обама ерөнхийлөгч байх үеийн дурсамж, хийсэн ажлын архив нь таван давхар байшинд багтахгүй байсан гэдэг. Энэ нь хожим нь төрийн архив болоод үлддэг. Энэ бол төрийн ой санамж, иргэдийн ой санамжийн асуудал.
  • Би 1989 оны арваннэгдүгээр сарын 26-нд Ардчилсан хөдөлгөөний тухай тэмдэглэл хөтөлж эхэлсэн байдаг. Өнөөдөр 29 жилийн дараа тэрхүү тэмдэглэлээ эхнээс нь хараад маш олон зүйлийг бид мартсаныг олж харсан. Өнөөдөр анхны эх сурвалж их бага үлдсэн байна. Иймээс би энэхүү тэмдэглэлээ Өдрийн сонинд албан ёсны эрхтэйгээр нийтлүүлж байгаа. Тэр тэмдэглэлийг сөхөөд үзэхээр шинэ үндсэн хуулийг баталж байсан үе, малыг хувьд шилжүүлж байсан үе, хүн эрх чөлөөтэй болж байсан үе гээд маш олон өөрчлөлт, тэмцэл, эхлэлүүдийг ямар чухал зүйл байсныг гаргаж ирсэн.
  • Монгол мал, монгол малчны амьд холбоог тасалж болохгүй. Монгол малын өмчлөл монгол хүндээ байх ёстой
  • Малыг хөлөөр нь гаргах нь буруу. Бүх баялаг, эрдэнэ дагаад гарна. Махыг боловсруулах үйлдвэр Монголдоо байх ёстой. Хөдөө аж ахуйн энэ хөрөнгө үнэтэй болоод ирэхлээр хүүхдээ мал аж ахуй дээр гаргая гэх хүмүүс олон болно.
  • Хот суурин газрын махны үнийн асуудлыг шийдэх хэрэгтэй. Малаа яаж эрүүл байлгах сорилтууд үүснэ. Үүнийг төр бодлогоороо шийдэх ёстой. 20 сая хонь зарахад тэрбумын орлого олно. Дотоодын хэрэглээндээ 12-16 сая малыг дотоодын үнээр борлуулах эрэгтэй.
  • Дэвшил гэж үзсэн юмаа залгамжийг нь алдахгүй байх нь улс орны хөгжил. Манай шинэ ерөнхийлөгч АСЕМ ээлжит чуулган, ШХАБ-ын хүрээнд гурван улсын төрийн тэргүүн нарын уулзалтад оролцлоо. Энэ л төрийн залгамж халаа. Энэ бол Элбэгдорж гэдэг хүнийх биш.

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
851
ТэнэглэлТэнэглэл
61
БурууБуруу
28
ЗөвЗөв
7
ХахаХаха
7
ХөөрхөнХөөрхөн
6
ХарамсалтайХарамсалтай
5
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж