Утаа бидний ирээдүйг хэвлийд нь хөнөөж байна

Хуучирсан мэдээ: 2018.12.14-нд нийтлэгдсэн

АГААРЫН БОХИРДОЛ

Утаа бидний ирээдүйг хэвлийд нь хөнөөж байна

Утаа бидний ирээдүйг хэвлийд нь хөнөөж байна

Улаанбаатар хотын агаарын бохирдол өнгөрсөн жилийнхээс 10 орчим хувиар буурсан гэдэг мэдээллийг төрийн албаныхан өгч байгаа ч бодит байдал дээр хорт утаа улам хүрээгээ тэлсээр байна. Жилийн өмнө Геологийн төв лаборатори орчмын автобусны буудал руу эргэхэд л автомашин дотор нүүрсний утаа үнэртэж, юу ч харагдахгүй болдог байсан бол өнөө жил энэ гамшиг нэгдүгээр хороолол буюу "Хар хорин" захаас эхэлж байна.

Агаарын чанарын индексээр хамгийн бохирдол ихтэйд тооцогддог Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт хамаарах МҮОНРТВ-ийн орчимд өчигдөр 17.00 цагийн үед очлоо. Энэ үед нар шингээгүй, утаа гайгүй байсан ч 18.00 цаг болох үед утаан хөшиг нэлэнхүйдээ татаж, 10 алхмын цаад газар үзэгдэхгүй болж, хотын төв дэх өндөр цамхгуудын гэрэл л бүдэг бадаг ёлтойхоос өөр тоймтой зүйл харагдахгүй болов. Амны хаалтгүй явахад тун бэрх аж. Хоолой аргаж, хорсон цээж хөндүүрлэх мэт санагдаж байв. Гэтэл эцэг, эхчүүд хүүхдэдээ амны хаалт зүүлгэсэн байх нь ховор, ороолтоор л хамгаалжээ.

НҮБ-ын Хүүхдийн сангийн тайланд дурдсанаар нүүрснээс ялгарч буй PM 2.5 тоосонцор нь уушгины гүнд нэвтэрч ордог 2.5 микроноос бага диаметртэй бөгөөд мөнгөн усны хольцтой, хамгийн хорт нэгдэл гэдгийг анхааруулжээ.

Улаанбаатар хотын хүн амын дунд цаг бусаар нас барсан шалтгаануудын дийлэнх хувийг уушигны багтраа, зүрх судасны өвчлөл зүрхний ишеми өвчин болон цус харвалт эзэлж байна. Мөн нийслэлд амьдарч буй хүүхдүүдийн уушиг хөдөө амьдардаг хүүхдүүдээс 40 хувиар илүү бохирдсон байгааг уг тайланд онцолжээ.

Монголд өнөөдөр таваас доош насны хүүхдийн нас баралтын тэргүүлэх шалтгаанд уушгины хатгалгаа орж байна. Нярай бага насны хүүхдийн дархлааны тогтолцоо гүйцэд хөгжөөгүй, уушги нь жижиг, насанд хүрсэн хүнээс илүү хурдан давтамжтай амьсгалдаг тул агаарын бохирдолд хэт эмзэг байдаг аж. Хүйтний улиралд эмнэлгүүд ачааллаа дийлэхгүйд хүрдэг тул иргэд үйлчилгээ авч чаддаггүй гэдгийг эцэг эхчүүд хэлдэг.

Эмч нар,  холбогдох албаны хүмүүс иргэдэд өөрсдөө болон хүүхдэдээ маск зүүлгэх нь утаанаас эрүүл мэндээ хамгаалах хамгийн энгийн арга болохыг зөвлөдөг ч энэ нь үр дүнгүй байна.

Бид энэхүү сурвалжлагыг бэлтгэх үеэрээ эцэг, эхчүүд хорт утаанаас хүүхдээ хэрхэн хамгаалж байна вэ гэдгийг тодруулсан юм.

ЭРХ БАРИГЧДЫГ УТААНЫ ГОЛОМТОД АМЬДРУУЛАХ ХЭРЭГТЭЙ

Сонгино хайрхан дүүргийн 65 дугаар хорооны иргэн Ш.Энхбат: 

Утаа их байгаа үед хүүхдээ өргөж явахаас өөр аргагүй. Хүүхдэдээ ороолтыг нь сайн зүүлгэж байна. Долоо хоног бүр ороолтыг нь угааж өгөх, халуун чацаргана, аарц уулгах гэх мэт хувийн арга хэмжээг л авч ханиад томуу, агаарын бохирдлоос сэргийлж байна. Одоо хүүхэд бүр л утаанаас угшилтай бронхиттой болчихоод байгаа нь ханиаднаасаа давсан асуудал болчихсон. Эмч нар хүүхдэдээ маск зүүлгэ, эм сайн уулга, ахуйн арчилгаа сайн хий гэсэн зөвлөгөө өгдөг. Гэтэл хүүхдэдээ маск зүүлгэхээр энэ хүйтэнд яаж ороолтыг нь зүүлгэх юм бэ.

Маск зүүлгээд ороолтыг нь ороохоор хүүхэд амьсгалж чадахгүй шүү дээ. Дан масктай гадуур цэцэрлэгт хүргэж өгөх, авах хооронд даарчих юм. Тиймээс ороолтыг нь сайн угааж, зүүлгэхээс өөр аргагүй. Яах вэ маск бага зэрэг л үр дүнтэй байх. Агаарын бохирдол ихэссэн нь илт мэдэгдэж байгаа. Өглөө оройд хоолой хорсож, амьсгалахад хэцүү шүү дээ. Бидний эрүүл мэндийн асуудал өнгөрсөн. Олон жилийн утаандаа дасал болсон байлгүй дээ. Хүүхдүүд л хэцүү байна.  Утааг бууруулахад энэ төрийн эрх мэдэлтнүүдийн сэтгэл тархи хоёр нь хүрэхгүй байна шүү дээ. Ер нь орон сууцжуулахаас гадна эрх баригчдыг Баянхошуу, Долоон буудал, Чингэлтэй гээд агаарын  бохирдол хамгийн их газарт сар амьдруулах хэрэгтэй. Тэд утааны голомтод амьдарч, ажиллаж байж л хор хөнөөлийг нь мэднэ байх. Гэртээ бол агаар шүүгчтэй, утааны эсрэг янз бүрийн сайн чанарын бэлдмэл хэрэглэдэг байх. Хүүхдүүд нь бүгдээрээ хотын бохир орчноос хол гадаадад сурч, амьдарч байхад утааны асуудлыг ойлгохгүй.

УТАА УРАГТ НӨЛӨӨЛЖ БАЙГАА ГЭСЭН ҮРГЭЛЖИЙН АЙДАСТАЙ БАЙДАГ

Чингэлтэй дүүргийн наймдугаар хорооны иргэн Ю.Гал-Эрдэнэ:

Утаа харахад л аймаар, манантаад юу ч харагдахгүй шахам байна. Маск зүүсэн мөртлөө л утаагаар амьсгалж байна. Ингэхлээр урагт маань нөлөөлж байгаа гэж бодоход үргэлж айдастай. Автобус, машинаас буухад л ханиалгана. Хэдийгээр гэртээ агаар цэвэршүүлэгч авч, хүчилтөрөгч ууж, маск зүүх гэх мэт арга хэмжээ авч байна. Гэхдээ хөлдөж үхэхгүй, амьдрахын тулд агаараа бохирдуулж байгаа ч нүүрс түлэхээс өөр арга байхгүй. Сайжруулсан түлш авсан ч нүүрс шиг дулаанаа удаан барихгүй, илчгүй сэтгэлд нийцэхгүй. Эсвэл сайн түлшийг бид ашиглаж мэдэхгүй байна уу, нүүрс шиг илчтэй санагдаж, сэтгэлд хүрээгүй. Миний зүгээс утаа одоо алга болохгүй ч үүний эсрэг бага багаар асуудлыг шийдэж чадвал ойрын таван жилд утаа арилна байх. Одоогоор гэр хороололд амьдарч байгаа хүмүүсийг буруутгах аргагүй. Агаараа цэвэр байлгая гээд ус, халаалтаа цахилгаанаар холбовч сарын 300 мянган төгрөгийн төлбөр төлөх чадвартай хүн хэд билээ. Гэтэл нүүрс үүнээс хямд. Тиймээс хувь хүн санхүүгээ бодсон ч нүүрсээ л сонгох байх.

ОРООЛТОО ЗҮҮХГҮЙ БОЛ АМЬСГАЛАХАД МУУХАЙ САНАГДАЖ БАЙНА

Түүний охин,  нийслэлийн 40 дүгээр сургуулийн хоёрдугаар ангийн сурагч:

 

“Утаа орой өглөөд маш их болдог. Цэвэр агаартай байгаасай гэж хүсдэг. Маск зүүхгүй бол ороолтоо зүүнэ. Ороолтоо зүүхгүй бол амьсгалах аргагүй, нүүрс утаа их үнэртдэг. Ханиад хүрэхгүйн тулд хоолоо сайн идэж, дулаан хувцаслах ёстой. Манай ангийнхан маск зүүдэг” гээд манай гэр тэнд хэмээн Гандангийн зүг заалаа.

 

 

 

Сүхбаатар дүүргийн 16 дугаар хорооны иргэн  Я.Шинэбаяр: 

“Хүүхдийнхээ эрүүл мэндийг утаанаас хамгаалахад хэцүү байна. Аль болох агаарт авч гарахыг зорьж байна. Одоо хөдөө явах гээд унаа хүлээгээд зогсож байгаа нь энэ. Хуучин Бэлх рүү агаарын бохирдол бага байсан, одоо ихэссэн. Хүүхэд өвдлөө гэхэд эмчид хандахад маш хүндрэлтэй. Эмнэлэгт маш их ханиадтай хүүхдүүд очиж байна, эмч нар ачааллаа дийлэхгүй байна.

Манай хүүхэд цэцэрлэгийн насных, ханиад хүрээд эдгэхгүй байгаа. Утаанаас л болж байна, утаатай болохоор бүрэн эдгэрнэ гэдэг худлаа. Амны хаалт зүүлгээд огт үр дүн байхгүй. Филтертэй байлаа ч хэд хоног зүүх билээ. Сард хэдэн удаа маск авах юм. Маск зүүгээд амьсгал нь давчдахаас гадна хамраараа биш амаараа амьсгаа авч байгаа. Гэтэл утаа ялгаагүй л ам, хамраар нь орж байна.

Агаарт цацагдсан химийн хорт бодисууд зөвхөн жирэмслэлтэд ч биш хэвлийд байгаа ургийн уушги, тархи мэдрэлийн тогтолцоог гэмтээдэг юм. Монголд ургийн эндэгдэл өвөл зуны хоорондох ялгаа 3.5 дахин зөрүүтэй байгаа бол тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн хоёр дахь шалтгаан уушгины үрэвсэл болж байна. Нийслэлийн хэмжээнд тохиолдож буй 10 нас баралт тутмын нэг нь агаарын бохирдлоос үүдэлтэй, жилд 130 хүүхэд, 1400 орчим насанд хүрэгсэд хорвоог орхиж, жирэмслэлтийн 10 хувь нь амьгүй болж байгаа нь утаа бидний ирээдүйг хэвлийд нь хөнөөж байна гэхэд хилсдэхгүй.

Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны иргэн Э.Сувд-Эрдэнэ: 

 

 

“Утаанаас хүүхдийнхээ эрүүл мэндийг маскаар хамгаалахаас өөр арга байхгүй. Маск зарим нь үнэтэй. Агаарын бохирдол гамшгийн хэмжээнд хүрээд байна. Үүнээс эрүүл мэндээ хамгаалахад маск зүүхээс өөр сонголт алга. Өглөө, оройн цагаар утаа маш их байна” гэлээ.

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж