“Шинэ нэр” буландаа амьтанд хайртай Ё.Аригуныг урьж, ярилцлаа. Тэрбээр өөрийн дурсамж, түүх агуулсан арван муур, хоёр нохой, гурван орог зусаг тэжээдэг аж. Мөн нэг жилийн хугацаанд өлсөх, өвдөх, осгох аюулд орсон 60 гаруй амьтныг аварсан юм.
Ёндонжамцын Аригун: 2003.03.03
Төгссөн сургууль: Гадаад хэлний гүнзгийрүүлсэн сургалттай 18 дугаар сургуулийн 10 дугаар ангид сурдаг
Сошиал хуудас: Ё. Аригун
АНХНЫ АМЖИЛТ
-Би амьтанд маш их хайртай. Одоогоор нэг жилийн хугацаанд 60 гаруй амьтан аварсан байна. Тэдний нэгээхэн хэсэг нь нүдээ ч нээгээгүй нялх муужгайнууд. Энэ жил өнчин муужгайнуудыг их аварч байгаа. Одоо манайд байгаа 10 муурын тав нь эхээсээ төөрсөн, өнчирсөн, хөлдөж үхэх шахсан байсан. Тэднийг гэртээ авчрах үед маш туранхай байсан бол одоо бүгд үеийн зулзагуудаасаа хавьгүй том биетэй, тун сэргэлэн болсон. Миний муурууд бүгд өөр өөрийн түүхтэй.
ЯАГААД АМЬТАН ТЭЖЭЭХ БОЛСОН БЭ?
-Дэлхий дээр зөвхөн хүн төрөлхтөн амьдрах гэж бүтээгдээгүй. Амьтай болгон их бага гэлтгүй хайр, халамж зовлон зүдгүүрийг мэдэрдэг. Тийм болохоор бяцхан зүрхэнд гуниг бүү хураасай гэж бодоод амьтдыг аварч, тэднийг сэтгэлээсээ хайрладаг. Бас хүн бүрд багаасаа мөрөөдөж ирсэн мөрөөдөл байдаг. Миний мөрөөдөл амьтан тэжээх байсан. Одоогоос нэг жил хагасын өмнөөс энэ мөрөөдлөө биелүүлсэн. Түүнээс өмнө “Азтай савар” фэйсбүүк группт олон мундаг хүмүүс амьтдыг аварч, хайр энэрлээ харамгүй өгч байхыг хараад тэднээр бахархаж, бяцхан амьтдад туслахыг хүсч байлаа.
АМЬТАН ТЭЖЭЭХЭД ЯМАР АСУУДАЛ ТУЛГАРДАГ ВЭ?
-Амьтан тэжээж эхлэхэд ойр дотнын хүн бүр л сөргөөр хүлээж авсан. Гэхдээ амьтдыг аварч, хайрлаж, тэдний төлөө зүтгэж байгааг хараад ойр тойрны хүмүүс маань намайг бага багаар ойлгож эхэлсэн. Амьтан тэжээхэд гэрийнхний эсэргүүцлээс гадна санхүүгийн асуудал их тулгардаг байсан. Хамгийн анхны цалингаа амьтдадаа зарцуулж байсан.
Хайртай амьтдаа өлсгөхгүйн тулд олдсон ажлыг гололгүй хийдэг байлаа. Цагийн ажил өдөржин, шөнөжин хийж үүрээр гэртээ орж ирснээ шууд хичээлдээ явах үе ч бий.
Гэхдээ амьтан тэжээж эхэлснээс хойш миний амьдралд олон эерэг өөрчлөлт гарч байгаа. Өмнө нь мөнгөө хэрхэн зарцуулах тухай мэдлэггүй байсан бол одоо зөвхөн хэрэгтэй зүйлдээ зарцуулдаг болсон. Би муурууддаа хамгийн сайн хоолыг нь авч өгдөг. Амьтан тэжээх болсноос хойш хуримтлуулсан мэдлэгээ олон хүмүүстэй хуваалцаж зөвлөгөө өгдөг. Мэдлэгийнхээ ачаар “Амазон” амьтны дэлгүүрт ажиллаж байсан. Тэндээс их зүйл сурсан.
Амьтан тэжээхэд эрсдэл үргэлж гардаг. Хайртай амьтдаа алдах мэдрэмж хамгийн хэцүү. Жилийн өмнө анх тэжээж эхэлсэн нохой минь өвчнөөс болж нас барсан.Тэр үед бүхнээ алдаж байгаа мэт мэдрэмж төрж хэсэгтээ л сэтгэл санааны хямдралд орсон.
-АМЬТАН ТЭЖЭЭХИЙН ДАВУУ ТАЛ ЮУ ВЭ?
-Амьтад эзнийхээ сэтгэл санааг мэдэрдэг. Олон амьтан тэжээхэд сайны хажуугаар муу зүйлүүд ч тохиолдоно. Тэр болгонд амьтад маань намайг ойлгож, мэдэрч байдаг. Нохойнууд маань намайг уйлах үед нулимсыг минь долооно, муурууд маань хажууд сахиад л суучихна, надад бүгд “амь”. Би ч тэднээсээ холдож чаддаггүй. Зун 10 хоног гэрээсээ хол байж байгаад ирэхэд 10 сар хол байсан юм шиг санагдаж байлаа. Гэртээ орж ирэхэд нохойнууд маань үсэрч цовхчоод, муурууд маань тойрч гүйлдээд их хөөрхөн байсан. Миний Вэлл нэртэй сиамын охин муур маань яг над шиг гомдохдоо амархан. Өөр бусад амьтдаа нүдэн дээр нь эрхлүүлбэл гомдоод хоол унднаасаа гарна. Заримдаа бүр уйлна. Надад тун үнэнч болохоор Вэлл мууртаа хамгийн их хайртай. Намайг хамгаалж, надад муухай ааш гаргасан амьтадтай зодолдож байсан удаа ч бий.
ТЭЖЭЭЖ БАЙГАА АМЬТАДТАЙГАА УЧИРСАН ДУРСАМЖААС ХУВААЛЦАХГҮЙ ЮУ?
-Манайд 10 муур, хоёр нохой, гурван орог зусаг байгаа. Хоёр нохойны маань нэг нь зургаан настай Харка. Харкаг өвлийн хүйтэнд хөлдөж үхэх шахсан байхад нь гэртээ авчирсан юм. Одоо бол манай гэрийнхний хамгийн сайн хамгаалагч болсон. Харин нөгөө нохойг нь Бэни гэдэг. Бэниг гөлөгнүүдтэйгээ хээр хаягдсан байхад нь олсон хүнээс үрчилж авсан. Бэни надтай адил амьтдад тун хайртай. Тэр тусмаа нялх муужгайнд илүү хайртай. Олон амьтантай айлд хөгжилтэй зүйл их тохиолддог. Нэг үгээр хэлбэл, манайх “Тom, Jerry” болоод байгаа. Гэхдээ манай амьтад хоорондоо их эвтэй. Нэгийгээ байхгүй үед уйтгарлана, нэг нь өвдсөн бол бусад нь түүнийгээ халамжлана гээд хайр хүргэм зүйлүүд их тохиолддог.
АМЬТАН ТЭЖЭЭХИЙГ ХҮСДЭГ Ч ХЭРХЭН ТЭЖЭЭХЭЭ МЭДЭХГҮЙ БАЙГАА ХҮМҮҮСТ ЗӨВЛӨГӨӨ ӨГӨХГҮЙ ЮУ?
-Амьтан тэжээснээр хүн хариуцлагатай болдог. Мөн ямарваа нэгэн зүйлд ул суурьтай ханддаг болдог. Муур нохойг бодвол арчилгаа бага шаарддаг болохоор ийм олон муур тэжээгээд болоод байгаа байх. Нохой хөдөлгөөнтэй, сэтгэл хөдлөл ихтэй, хөгжилтэй амьтан. Бас нохой хамгийн анхны эзэндээ илүү үнэнч байдаг. Тэдэнд таны баян эсвэл ядуу, хэн байх нь хамаагүй. Амьтдыг ямар ч үед нэг л зангаар хайрлаж, цаг гаргаж, нохойтойгоо харьцаж чадвал тэд танд төвөг учруулахгүй. Хүмүүс анх амьтан авахдаа өхөөрдөж, үргэлж тэр л төрхөөрөө байх мэт санадаг. Амьтан тэжээхэд маш их тэвчээр, цаг хугацаа, тууштай зан хэрэгтэй гэдгийг хүмүүс мэддэггүй. Би амьтан авахдаа “Энэ амьтан надтай 10-15 жил хамт байна, Намайг том болсон үед ч амжилт ололт болон бүтэлгүйтэл, зовлон зүдгүүр гээд бүхий л үед хажууд байна” гэж боддог. Үүнийг зөвхөн амьтныг чин сэтгэлээсээ хайрлан тэжээсэн хүн л ойлгоно. Тиймээс шинээр амьтан авах гэж байгаа хүмүүст хандаж хэлэхэд таны сонгосон амьтны хувьд та түүний бүхий л зүйл нь. Тиймээс таныг гэсэн бяцхан зүрхний хариуд битгий гуниг, зовлон мэдрүүлээрэй гэж хэлье.
ЯМАР МЭРГЭЖИЛ ЭЗЭМШИЖ, ЦААШИД ЮУ ХИЙХЭЭР ТӨЛӨВЛӨЖ БАЙНА ВЭ?
-Маркетингийн хүн болохоор төлөвлөж байгаа. Бас ойр дотнын хүмүүс маань малын эмч болохыг санал болгож байгааг нь бодолцож байгаа. Ойрын үед Оросоос ховор үүлдрийн муур оруулж ирэх төлөвлөгөөтэй байгаа. Мөн Noise&Lily брэндийг үүсгэн байгуулахад гар бие оролцохоор болсон. Noise&Lily нохой, муурны хэрэгслийн брэнд маань шинэ он гаргаад үйл ажиллагаагаа эхлүүлэх төлөвлөгөөтэй байгаа.
Холбоотой мэдээ