News агентлагийн редактор Ж.Нямсүрэн Токио хотоос мэдээлж байна.
Япон Улсын Ерөнхий сайд Ш.Абэ-гийн урилгаар тус улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдөр Ерөнхий сайд Ш.Абэ-тай уулзаж, албан ёсны хэлэлцээ хийв. Хоёр улсын Ерөнхий сайд нар Монгол, Японы харилцааг улс төр, нийгэм, эдийн засаг, батлан хамгаалах, соёл, боловсрол, спортын зэрэг бүхий л салбарт улам өргөжүүлж, Стратегийн түншлэлийг бэхжүүлэх талаар дэлгэрэнгүй ярилцаж, санал солилцов. Албан ёсны хэлэлцээний дараа хоёр улсын Ерөнхий сайд нар хэвлэлийнхэнд хандаж мэдээлэл хийв. Энэ удаагийн яриа, хэлэлцээний дүнд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Япон Улсын Ерөнхий сайд Ш.Абэ нар “Монгол, Японы Стратегийн түншлэлийг улам бүр бэхжүүлэх тухай хамтарсан мэдэгдэл” гаргав. Мөн Монгол, Японы Стратегийн түншлэлийн Дунд хугацааны хөтөлбөрийн хэрэгжилтийн тухай танилцуулгыг олон нийтэд зориулж гаргав.
МОНГОЛ УЛС, ЯПОН УЛСЫН СТРАТЕГИЙН ТҮНШЛЭЛИЙГ
УЛАМ БҮР БЭХЖҮҮЛЭХ ТУХАЙ ХАМТАРСАН МЭДЭГДЭЛ
Япон Улсын Ерөнхий сайдын урилгаар тус улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүх, Япон Улсын Ерөнхий сайд Шинзо Абэ нар 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Токио хотноо албан ёсны хэлэлцээ хийж, хэлэлцээний дүнгээр дараах Хамтарсан мэдэгдлийг гаргав.
1. Хоёр улсын Ерөнхий сайд нар Монгол, Японы Стратегийн түншлэлийн харилцааг цаашид улам бэхжүүлэхээр тохиролцов. Ерөнхий сайд Ш.Абэ эрх чөлөө, ардчилал, хүний эрх, эрх зүйт төр зэрэг нийтлэг үнэт зүйлс бүхий Монгол Улс нь Япон Улсын бүс нутаг дахь чухал түнш болохыг тэмдэглэж, хоёр улсын өргөн хүрээтэй, олон талт хамтын ажиллагааг үргэлжлүүлэн хөгжүүлэхийн сацуу бүс нутаг болон олон улсын хамтын нийгэмлэгийн өмнө тулгамдсан асуудлуудаар харилцан уялдаа холбоотой ажиллах эрмэлзэлтэй байгаагаа илэрхийлэв. Ерөнхий сайд У.Хүрэлсүх Монгол Улсын “гуравдагч хөрш” улсууд дотроос нэн тэргүүнд “Стратегийн түншлэл”-ийн харилцаа тогтоосон чухал түнш Япон Улстай харилцаа, хамтын ажиллагаагаа улам бүр гүнзгийрүүлэн хөгжүүлэх эрмэлзлээ нотлов.
Ерөнхий сайд У.Хүрэлсүх Япон Улсын зүгээс өнөөг хүртэл Монгол Улсад үзүүлж ирсэн өргөн хүрээтэй дэмжлэг туслалцаа нь Монгол орны орчин үеийн хөгжлийн суурийг тавихад чухал ач холбогдолтой болсныг тэмдэглэж, Япон Улсын Засгийн газар, ард түмэнд гүн талархал илэрхийлэв. Мөн Ерөнхий сайд Ш.Абэ Япон Улсад энэ онд учирсан байгалийн гамшигтай холбогдуулан Монгол Улсын төр, засаг болон ард түмний зүгээс халуун дотно илгээлт ирүүлж, дэмжлэг үзүүлсэнд талархал илэрхийлэв.
2. Хоёр улсын Ерөнхий сайд нар 2017 оны 3 дугаар сард байгуулсан “Монгол, Японы Стратегийн түншлэлийг хөгжүүлэх Дунд хугацааны хөтөлбөр”-ийн хэрэгжилтэд үнэлэлт, дүгнэлт өгч, улс төр, аюулгүй байдал, батлан хамгаалах, бүс нутаг, олон улсын тавцан дахь хамтын ажиллагаа, худалдаа, эдийн засаг, соёл, олон нийтийн солилцоо зэрэг өргөн хүрээнд харилцаа бэхжиж буйд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв.
Хоёр улсын Засгийн газар “Стратегийн түншлэлийн Дунд хугацааны хөтөлбөр”-ийн хэрэгжилтийн талаарх танилцуулгыг олон нийтэд зориулан гаргав. Цаашид хоёр улсын харилцааг энэхүү Дунд хугацааны хөтөлбөрт тулгуурлан үргэлжлүүлэн хөгжүүлэх эрмэлзлээ хоёр тал нотлов.
3. Ерөнхий сайд У.Хүрэлсүх Япон Улсын Батлан хамгаалах яамнаас Монгол Улсын Зэвсэгт хүчний чадавхийг нэмэгдүүлэхэд чиглэсэн дэмжлэгийг сүүлийн зургаан жилийн турш үзүүлж, хоёр улсын батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхийн сацуу бүс нутаг, олон улсын энх тайван, тогтвортой байдлыг бэхжүүлэхэд хувь нэмэр оруулж буйг өндрөөр үнэлэв. Ерөнхий сайд Ш.Абэ Монгол Улсын Зэвсэгт хүчний чадавхийг нэмэгдүүлэх чиглэлд үргэлжлүүлэн хамтран ажиллахын сацуу Монгол Улс болон АНУ-ын хамтран зохион байгуулж буй “Хааны эрэлд” олон улсын хамтарсан сургуулилтад Япон Улс үргэлжлүүлэн идэвхтэй оролцох эрмэлзэлтэй байгаагаа илэрхийлэв.
4. Хоёр улсын Ерөнхий сайд нар энэ оны 12 дугаар сарын 12-ны өдөр Япон, Монголын төр, хувийн хэвшлийн хамтарсан IX зөвлөлдөх уулзалт амжилттай зохион байгуулагдсаныг сайшаахын сацуу энэхүү зөвлөлдөх уулзалтын механизмд тулгуурлан хоёр улсын худалдаа, эдийн засгийн харилцааг улам бүр бэхжүүлэх чиглэлд хамтын ажиллагаагаа эрчимжүүлэн хөгжүүлнэ гэдэгт санал нэгдэв.
Мөн хоёр улсын Ерөнхий сайд нар Монгол Улсын Засгийн газрын тохируулагч агентлаг Үндэсний хөгжлийн газар нь гадаадын хөрөнгө оруулагчдад зориулсан “Нэг цэгийн үйлчилгээний төв”-ийг 2019 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс нээж, үйл ажиллагааг нь эхлүүлэхээр болсныг сайшааж, тус төвөөр дамжуулж Монгол дахь Японы хөрөнгө оруулалтыг тэлэх чиглэлд дэмжлэг үзүүлж ажиллахаа нотлов. Түүнчлэн хоёр улсын Ерөнхий сайд нар Монгол, Японы Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн Хамтын ажиллагааны дэд хороо 2018 оны 12 дугаар сарын 4-ний өдөр анхдугаар хуралдаанаа амжилттай зохион байгуулсныг сайшааж, хэлэлцээрийн хүрээн дэх хамтын ажиллагааг үр дүнтэй хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор тус дэд хороог тогтмол хуралдуулж байхаар санал нэгдэв. Мөн хоёр улсын Ерөнхий сайд нар Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим, Японы Гадаад худалдаа, хөрөнгө оруулалтыг дэмжих байгууллага (ЖЕТРО)-аас энэ сарын 13-ны өдөр Токио хотноо хамтран зохион байгуулсан бизнес форум нь хоёр улсын худалдаа, хөрөнгө оруулалт, эдийн засгийн хамтын ажиллагааны хөгжилд хувь нэмэр оруулсныг үнэлж, баяр хүргэв.
5. ОУВС-ийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн хүрээнд Япон Улсын Засгийн газраас Монгол Улсад олгож буй “Төсөв, нийгэм болон эдийн засгийн шинэчлэлийн хөгжлийн бодлогын зээл” нь Монгол Улсын макро эдийн засгийн тогтвортой удирдлага, нийгмийн эмзэг бүлгийн хүмүүст үзүүлэх тусламжийг дэмжих, эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой болсныг Ерөнхий сайд У.Хүрэлсүх тэмдэглэв.
6. Хоёр улсын Ерөнхий сайд нар Улаанбаатар хотын олон улсын нисэх онгоцны шинэ буудал нь Монгол, Японы хамтын ажиллагааны шинэ бэлгэ тэмдэг болж, аялал жуулчлалыг хөгжүүлэх, иргэдийн солилцоог өргөжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ гэдэгт найдаж буйгаа илэрхийлэв.
Монгол Улсын Засгийн газар болон Японы консорциум хоорондын яриа хэлэлцээ бодитоор урагшилж, ойрын хугацаанд тохиролцоонд хүрэхэд хоёр улсын Засгийн газар үргэлжлүүлэн дэмжлэг үзүүлэхээ нотлов. Монгол Улсын Засгийн газар 2019 оны 1 дүгээр сард багтааж Концессын гэрээг эцэслэн тохиролцох, түүнчлэн олон улсын нисэх онгоцны шинэ буудлыг ирэх онд багтааж шуурхай ашиглалтад оруулах чиглэлээр ажиллаж буйгаа мэдэгдэж, Япон Улсын Засгийн газар Монгол Улсын Засгийн газрын баримталж буй чиглэлийг хүндэтгэн дэмжиж, нисэх онгоцны буудлын аюулгүй үйл ажиллагааны менежментийг хангах нөхцөлтэйгээр аль болохуйц богино хугацаанд ашиглалтад оруулах чиглэлд Японы консорциумын үйл ажиллагааг үргэлжлүүлэн дэмжиж ажиллах эрмэлзэл илэрхийлэв.
Монгол Улсын Засгийн газар шинэ нисэх онгоцны буудлыг саадгүй ашиглалтад оруулахад гэрээний дагуу бэлтгэл ажлыг эрчимжүүлж, Монгол Улсын Засгийн газар хариуцаж буй холбогдох байгууламжийн бүтээн байгуулалтын ажлыг бүрэн дуусгаж, үйл ажиллагааны менежментийн бүрэлдэхүүнийг байгуулж, олон улсын болон дотоодын бүхий л арилжааны нислэгийг нүүлгэн шилжүүлэх болоод шинэ нисэх онгоцны буудлын үйл ажиллагааны менежментэд шаардлагатай холбогдох яам, агентлаг, байгууллагыг нүүлгэх ажлыг нээлтээс өмнө бүрэн дуусгахаа нотлов.
Мөн хоёр улсын Ерөнхий сайд нар тус нисэх онгоцны буудалд түшиглэн хоёр улсын агаарын тээврийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлж, Монгол Улсын цаашдын хөгжилд хувь нэмэр оруулах чиглэлд яриа хэлэлцээг үргэлжлүүлэхээр тохиролцов.
7. Хоёр улсын Ерөнхий сайд нар Монгол Улсад аялал жуулчлалыг хөгжүүлэх үлэмж нөөц бололцоо байгааг тэмдэглэж, аялал жуулчлалын салбар дахь төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг эрчимжүүлэхээ илэрхийлэв.
Түүнчлэн хоёр улсын Ерөнхий сайд нар Япон Улсын Засгийн газрын дэмжлэгтэйгээр ноолуурын чиглэлд үйл ажиллагаа эрхэлдэг хоёр талын байгууллагууд хамтран ажиллаж, Монголын ноолуурын үйлдвэрлэлийн чадавхийг бэхжүүлж Япон дахь экспортыг дэмжихэд чиглэсэн техникийн хамтын ажиллагаа болон Японы зах зээл дэх сурталчилгааг идэвхжүүлж буйг сайшаав.
8. Хоёр улсын Ерөнхий сайд нар сургалтын эмнэлгийн барилгын ажил урагшилж буйг сайшааж, тус эмнэлэгт зохистой менежментийг нэвтрүүлж, Монгол Улсын эрүүл мэндийн салбарын хөгжилд хувь нэмэр оруулах чиглэлд хоёр тал хамтран ажиллахаа нотлов.
9. Ерөнхий сайд Ш.Абэ Хамтарсан кредит олгох механизм (ХКОМ)-ыг Япон Улстай Монгол Улс хамгийн анх байгуулж хэрэгжүүлсэн болохыг дурдаж, уур амьсгалын өөрчлөлтийн асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн хоёр улсын хамтын ажиллагааг улам хөгжүүлэх эрмэлзэлтэй байгааг талууд нотлов.
Хоёр улсын Ерөнхий сайд нар Монгол Улсын Байгаль орчин, аялал жуулчлалын яам болон Япон Улсын Байгаль орчны яам хооронд “Байгаль орчны салбарт хамтран ажиллах тухай санамж бичиг” энэ өдөр байгуулсныг сайшаав.
Хоёр улсын Ерөнхий сайд нар энэ оны 11 дүгээр сард болсон Хамтарсан кредит олгох механизмын Хамтарсан хорооны 6 дугаар хуралдааны үр дүн болон энэ онд зохион байгуулагдах хоёр улсын Байгаль орчны яам хоорондын Бодлогын 12 дугаар зөвлөлдөх уулзалтын механизмаар дамжуулан глобаль түншүүдийн хувьд уур амьсгалын өөрчлөлт болон байгаль орчны салбар дахь бусад холбогдох асуудлаар хоёр талын хамтын ажиллагааг улам гүнзгийрүүлэхээр тогтов.
10. Хоёр улсын Ерөнхий сайд нар Монгол Улсын эдийн засгийг төрөлжүүлэхэд хөдөө аж ахуйн салбарыг улам бүр хөгжүүлэхийн чухлыг онцолж, энэхүү салбарт хамтын ажиллагаагаа эрчимжүүлэхээр тогтов. Энэ хүрээнд монголын талаас санал болгосон “Хөдөө аж ахуйн салбарыг тогтвортой хөгжүүлэх замаар нэмүү өртгийн сүлжээг бий болгох мастер төлөвлөгөө” төслийг хэрэгжүүлэхээр албан ёсоор шийдвэрлэснийг талууд сайшаан хүлээн авав.
11. Хоёр улсын Ерөнхий сайд нар 2020 оны Токиогийн Олимп, Паралимпийн наадмыг угтаж Япон Улсын 16 орон нутгийн захиргааны нэгж Монгол Улсын “Хүлээн авагч хот”-оор бүртгүүлээд байгаа нь хоёр улсын ард иргэд хоорондын солилцоо нэн өндөр түвшинд хүрснийг илтгэн харуулж байгааг тэмдэглэн сайшаав. Хоёр улсын Ерөнхий сайд нар 2020 оны Олимп, Паралимпийн наадамд оролцох баг тамирчиддаа амжилт хүсэхийн сацуу тус наадмыг биеийн тамир, спорт, иргэд хоорондын солилцоог улам бүр гүнзгийрүүлэх талбар болгоно гэдэгт санал нэгдэв.
12. Ерөнхий сайд нар бүс нутаг болон олон улсын тавцан дахь хуулийн засаглал, энх тайван, тогтвортой байдал, хамтын ажиллагаа болон хөгжил цэцэглэлтийг хангахад НҮБ-ын дүрэм, олон улсын хууль журмын суурь зарчим болон төрт улсын тусгаар тогтнол ба бүрэн эрхт байдлыг хүндэтгэх явдалд суурилсан чөлөөт, нээлттэй олон улсын дэг журмыг чанд мөрдлөг болгохын ач холбогдлыг онцлов.
13. Японы тал “Чөлөөт, нээлттэй Энэтхэг, Номхон далай”-г цогцлоох чиглэлд гаргаж буй хүч чармайлтынхаа талаар мэдээлж, Монгол Улстай хөгжүүлж болохуйц хамтын ажиллагааны талаар цаашид хоёр улсын зөвлөлдөх уулзалт, Монгол Улс, АНУ, Япон Улсын гурван талт уулзалт болон бусад механизмаар дамжуулан үргэлжлүүлэн санал солилцох эрмэлзэлтэй байгаагаа илэрхийлэв. Монголын тал Ази, Номхон далайн бүс нутгийн интеграцчлалд идэвхтэй оролцох сонирхолтой байдгаа нотолж, Япон Улсын “Чөлөөт, нээлттэй Энэтхэг, Номхон далай” үзэл санаа нь тус бүс нутгийн улс орнуудыг хамарсан, интеграцчлалыг дэмжсэн, нээлттэй хөгжил, хамтын ажиллагааны санаачилга хэмээн ойлгож байгаагаа тэмдэглэв. Хоёр улсын Ерөнхий сайд нар “Чөлөөт, нээлттэй Энэтхэг, Номхон далай”-г цогцлоох чиглэлд хамтран ажиллахаар санал нэгдэв.
14. Хоёр улсын Засгийн газар олон улсын энх тайван, аюулгүй байдлыг хангах хүрээнд хамтын ажиллагаагаа бэхжүүлэхийн хамт НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн шинэчлэлийн асуудлаарх Засгийн газар хоорондын яриа хэлэлцээг эрчимжүүлж, уг шинэчлэлийг ойрын хугацаанд хэрэгжүүлэх чиглэлд хамтран ажиллана. Япон Улс НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын гишүүн болохыг Монгол Улсын Засгийн газар цаашид ч тууштай дэмжинэ.
15. Хоёр улсын Ерөнхий сайд нар НҮБ-ын Далайн эрх зүйн тухай конвенц (UNCLOS)-д тусгагдсан зүйлсийг хамруулсан олон улсын эрх зүйн нийтээр хүлээн зөвшөөрсөн хэм хэмжээнд нийцүүлж, хуульд суурилсан эрх чөлөөт, нээлттэй далайн дэг журмыг дэмжих амлалтаа нотлов.
Хоёр улсын Ерөнхий сайд нар усан болон агаарын хөлөг онгоцоор чөлөөтэй зорчих, худалдааг саадгүй хийх, хүлээцтэй байх, эрх зүйн болон дипломат үйл явцыг бүрэн хүндэтгэж, олон улсын эрх зүйд суурилсан энхийн замаар маргааныг шийдвэрлэхийн чухлыг онцлов. Мөн хоёр улсын Ерөнхий сайд нар өнөөгийн нөхцөл байдлыг өөрчлөх, хурцадмал байдлыг нэмэгдүүлэхээс урьдчилан сэргийлэх зарчмыг баримталж ажиллах нь чухал гэдэгт санал нэгдэв.
16. Хоёр улсын Ерөнхий сайд нар мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх Монгол Улсын чадавхийг бэхжүүлэхэд үргэлжлүүлэн хамтран ажиллахаа нотлов.
17. Ерөнхий сайд Ш.Абэ Япон Улстай нэгдмэл үнэт зүйлстэй Монгол Улс нь бүс нутаг, олон улсын хамтын нийгэмлэгт улам бүр идэвхтэй үүрэг гүйцэтгэнэ гэдэгт найдаж буйгаа илэрхийлэв. Ерөнхий сайд Ш.Абэ Монгол Улсын Зүүн Азийн дээд түвшний уулзалтад нэгдэх эрмэлзлийг нааштай үнэлж, Япон Улс тус уулзалтад Монгол Улсыг нэгдэхийг дэмжиж байгаагаа илэрхийлэв.
18. Хоёр улсын Ерөнхий сайд нар Солонгосын хойгт сүүлийн үед өрнөж буй нааштай үйл явцууд, түүний дотор АНУ-БНАСАУ болон БНСУ-БНАСАУ-ын хооронд болсон дээд түвшний уулзалтууд нь маргаантай асуудлуудыг цогцоор шийдвэрлэхэд чиглэсэн алхам болсон хэмээн сайшаан тэмдэглэв.
Хоёр улсын Ерөнхий сайд нар БНАСАУ үй олноор хөнөөх бүхий л зэвсэг, бүхий л тусгалын баллистик пуужингаасаа бүрмөсөн, хяналттайгаар, эргэлт буцалтгүйгээр ангижрах асуудлыг баталгаажуулахын тулд НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн холбогдох тогтоолуудыг НҮБ-ын нийт гишүүн улс орон бүрэн хэрэгжүүлэхийн чухлыг нотлов. Хоёр улсын Ерөнхий сайд нар маргаантай асуудлуудыг дипломат аргаар шийдвэрлэхийг дэмжиж байгаагаа мөн нотлов.
Монгол Улс эдгээр зорилтын хүрээнд “Улаанбаатарын яриа хэлэлцээ” санаачилгыг дэвшүүлж, олон улсын бага хурлыг жил бүр уламжлал болгон зохион байгуулж байгаа бөгөөд японы тал бүс нутгийн асуудлуудыг хэлэлцэх Зүүн хойд Азийн энх тайван, тогтвортой байдлыг хангахад чиглэсэн “Улаанбаатарын яриа хэлэлцээ” зэрэг Монгол Улсын санаачилга, байр суурийг ойлгон хүлээн авч байгаагаа илэрхийлэв.
Ерөнхий сайд Ш.Абэгийн зүгээс хулгайлагдсан иргэдийн асуудлыг шийдвэрлэхийн ач холбогдлыг онцолж, Ерөнхий сайд У.Хүрэлсүх энэхүү асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн Япон Улсын байр суурийг дэмжихээ илэрхийлэв. Хоёр улсын Ерөнхий сайд нар хулгайлагдсан иргэдийн асуудлыг богино хугацаанд шийдвэрлэхийн төлөө үргэлжлүүлэн нягт хамтран ажиллана гэдэгт санал нэгдэв.
19. Ерөнхий сайд У.Хүрэлсүх Азийн Буддистуудын энх тайвны бага хурлын 50 жилийн ой тохиож буй 2019 онд Монгол Улсын Засгийн газрын санаачилгаар Улаанбаатар хотноо Олон улсын хурал зохион байгуулахаар төлөвлөж байгааг мэдэгдэв. Энэ мэт Монгол Улсын олон улсын хамтын нийгэмлэгийн энх тайван, тогтвортой байдалд хувь нэмэр оруулахад чиглэсэн эрмэлзлийг Ерөнхий сайд Ш.Абэ сайшаав.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД ЯПОН УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД
УХНААГИЙН ХҮРЭЛСҮХ АБЭ ШИНЗО