Эх орондоо эмчлүүлэх боломж байсан ч болоосой… !

Хуучирсан мэдээ: 2018.12.13-нд нийтлэгдсэн

Эх орондоо эмчлүүлэх боломж байсан ч болоосой… !

Эх орондоо эмчлүүлэх боломж байсан ч болоосой… !

Өвлийн тэсгэм хүйтнээр Эх нялхсын эрүүл мэндийн үндэсний төвийн гадаа 26 настай эмэгтэй амаржсан тухай дуулиан намжаагүй байтал хүүхдээ эмчлүүлэхээр Энэтхэгт очсон Монгол эмэгтэй улсынхаа Элчин сайдад зодуулсан тухай сенсааци дэгдээв. Эл дуулианд Монгол Улсаас Энэтхэг улсад суугаа Элчин сайд Г.Ганболд тайлбар хийсэн. Болсон хэрэг явдалд хэн нэгнийг буруутгахаас илүүтэй эрх баригчдаас хэзээ Монгол хүн эх орондоо эмчлүүлэх боломж бүрдүүлэх вэ гэдгийг асуумаар байна.

Хэлж ирдэггүй өвчин хэнийг ч нялх нялзрай, хөгшин, залуу, ядуу, чинээлгээр нь ялгахгүй орооход амьд үлдэхийн тулд орон байр, бизнес байгаа бүхнээ зараад харийн орныг зорьдог. Үхтэл үр харам гэгчээр Г.Оюун гэгч эмэгтэй бусдын л жишгээр байгаа бүхнээрээ дэнчин тавиад хүүхдээ эмчлүүлэхийг зорьсон нь лавтай. Энэтхэг улс дахь Монголын Элчин сайдын яамныхан ч чадах чингээрээ л тусалж…

Гэхдээ цаашид дахиад ийм асуудалтай тулмааргүй байна, монголчууд. Зөвхөн зүрх судасны болон мэдрэлийн мэс заслын хагалгаанд орохын тулд жилд 200 шахам иргэн гадаад орныг зорьжээ. Эмчилгээний төлбөрт 11.3 тэрбум төгрөг зарцуулсан байна. Элэг шилжүүлэн суулгах мэс заслаас эхлээд Монголд оношлогдож, эмчлэгдэх боломжгүйгээс харийн орныг зорьж байгаа иргэдийн тоог нэмбэл зардал бүр томоор яригдана. Гэвч хэдийнх нь мэс засал, эмчилгээ амжилттай болж, хэд нь найдвар алдан буцаж ирдэг нь мөн л тодорхойгүй аж.

Эрх баригчдаас, УИХ-д сонгогдсон түшээдээс асууя, хэзээ энэ салбар хөл дээрээ босч, Монгол хүн эх орондоо эмчлүүлэх боломжтой болох вэ?. Бодлого байна уу. Сонгогдох болохоор “Миний дүүрэг, тойрог” гэж хашхиран чээжээ дэлддэг хэрнээ асуудал үүсэхэд яагаад анхаарал тавихгүй байна вэ.

Дүүргийн эмнэлгүүд өнөөдөр хөл тавих зайгүй шахам, хүүхдийн тасагт нь уушги, амьсгалын замын архаг дутагдалд орсон өвчтөнүүд дүүрэн байна. Багтарсан нэг нь “Өвчтөнүүд коридорт хэвтэн эмчлүүлж байна” гэж бодит үнэнийг дэлгэхэд салбарын яамнаас нь “Хэнийг ч газар хэвтэн эмчлээгүй” гэдэг тайлбар хийж, “арьсаа” хамгаалснаар асуудлыг харах юм уу?.

Өр зээл тавин байж, Хавдар судлалын үндэсний төвд Австри улсаас хорт хавдрыг эмчлэх туяа аппарат авч өгсөн ч суурийг усанд автуулсан. Хариуцлагыг нь хэн хүлээсэн бэ?.

Яагаад өнөөдөр иргэд сар бүр эрүүл мэндийн даатгал төлөөд байгаа хэрнээ хэрэгцээ гараад эмнэлэгт очиход төлбөртэй үйлчилгээ авдаг юм бэ?. Яагаад Эрүүл мэндийн яамнаас элэгний В, С вирусын шинжилгээг үнэ төлбөргүй хийнэ гэж зарлаад байхад даатгалтай үйлчлүүлэгчээс Халдвартын эмч нь 40 мянган төгрөг бэлнээр авдаг юм бэ?.

Эрүүл мэндийн салбарт бодлого ч дутагдаж байна, хийх ажил ч их байна. Эрх баригчид аа, сандал суудлын чинь зодооноос илүү Монгол хүний амьд явах эрх чухал.

Эх орондоо эмчлүүлэх боломжийг олгосон тийм нийгэмд амьдрахыг иргэд хүсч байна.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж