Москвад парад алхах бэлтгэлээ базааж эхэллээ

Хуучирсан мэдээ: 2015.03.05-нд нийтлэгдсэн

Москвад парад алхах бэлтгэлээ базааж эхэллээ

 

Энэ онд Аугаа их Эх орны дайны ялалтын 70 жилийн ой тохиож байгаа билээ. Энэхүү баярын арга хэмжээнд  Монголын Зэвсэгт хүчний 80 гаруй албан хаагчид оролцож цэргийн сүрт жагсаалыг гайхуулна. ОХУ-ын Москва хотын Улаанталбайд болох ялалтын парадад 20 гаруй орны 14 мянган цэргийн алба хаагчид жагсах мэдээлэл байна. Тухайлбал, Монгол,  АНУ, Их Британи, Франц, БНХАУ, БНАСУ,  Армен, Украйн, Казахстан, Молдав, Беларусь, Польш зэрэг 20 гаруй орны цэргүүд ялалтын парад алхана. Эх орны дайны ялалтын 65 жилийн ой буюу таван жилийн өмнөөс гадаадын орнуудын цэргүүд парад алхаж эхэлсэн юм байна. Энэ жилийн хувьд олон орны цэргүүд оролцож байгаараа онцлог болно.  Тэгвэл өнөөдөр эх орноо төлөөлөн жагсах 80 гаруй цэргийн алба хаагчдын бэлтгэлийн явцтай Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан, Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон танилцлаа. Ёслолын жагсаалд оролцох Монголын зэвсэгт хүчний бэлтгэл ажлыг хангах комиссын даргаар Батлан хамгаалах яамны Стратеги бодлого, төлөвлөлтийн газрын дарга, хурандаа Г.Сайханбаяр ажиллаж байна. Парад алхах албан хаагчдыг Зэвсэгт хүчний жанжин штаб, Хилийн цэргийн ерөнхий газрын анги нэгтгэлүүдээс сонгон шалгаруулж авсан бөгөөд бэлтгэл ажил өнгөрсөн долоо хоногоос эхлээд байна. Сонгон шалгаруулж авахдаа 180-185 см өндөртэй, биеийн хөгжил сайтай, зөв төрхтэй, нүүрэн тус газраа элдэв сорвигүй, цэргийн жагсаалын дүрмийг мэддэг,  албандаа амжилт гаргаж, мэргэжлийн шалгуур хангасан байхыг шаарджээ. Энэ шалгуурт нийтдээ 166 цэргийн албан хаагч тэнцсэнээс явц дундын шалгуураар 80 гаруй нь тэнцэж үлдсэн байна. Ингэхдээ хугацаат цэргийн найм, хилийн цэргийн 14, зэвсэгт хүчний 55 алба хаагч шалгаран үлдсэн нь энэ. Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан "Монгол цэрэг анх удаа Москва хотын Улаанталбайд болдог ялалтын парадад оролцох гэж байна. 20 гаруй орны цэрэг оролцох энэхүү том арга хэмжээд нэр хүндээ өндөрт гаргаж, дэлхийн цэрэг болсноо харуулаад ирэх байх гэж бодож байна. Ерөнхийлөгчийн зүгээс парад алхах явдалд сэтгэл хангалуун байгаа. Бэлтгэлийн явцад тусалж дэмжихээ илэрхийлсэн" гэсэн юм. Харин Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон "Монгол цэрэг ялалтын парадад алхах болсон нь маш том аз завшаан. Энэхүү том арга хэмжээнд оролцохоор сонгогдсон та бүхэнд баяр хүргэе. Хамгийн гол маш хариуцлагатай байж, бэлтгэл сургуулилтаа сайтар базаахыг хүсч байна. Монгол цэргийн сүр хүчийг дэлхий дахинаа гайхуулах ёстой. Дэлхийн орнуудын бусад цэргүүд  Монголын цэргийн түүхээ ярьж, эх орноо сурталчлах учиртай" гэсэн юм. Жагсаалын бэлтгэлийн талаар Зэвсэгт хүчин жанжин штабын Стратеги, бодлого төлөвлөлтийн газрын дарга, бригадын генерал бригадын генерал Ж.Бадамбазараас тодрууллаа.

 

 

-Жагсаалд оролцох цэргийн алба хаагчдаа саяхан сонгон шалгаруулаад дууслаа. Бэлтгэлдээ хэзээнээс оров?

 

-Бэлтгэл өнгөрсөн долоо хоногоос эхэлсэн. Бэлтгэл дөрвөн үе шатаар явж байна. Оролцож байгаа бүрэлдэхүүнээ зэвсэгт хүчин, хилийн цэргийн ангиудаас сонгон шалгаруулж авсан.

 

-Москва хотын Улаанталбайгаа судлав уу. Жагсаалаа тэр талбайд тохируулж бэлтгэж байна уу?

 

-Судалсан. Мэдээж энэ талбайтай адил төсөөтэй талбайд бэлтгэлээ хийх төлөвлөгөө байна. Ялангуяа, Урт цагааны талбай нь Улаанталбайтай их төстэй. Дүүргийнх нь Засаг даргатай ярилцаж тохироод тэнд жагсааж алхуулна.  

 

-Оросын цэргийн бүрэлдэхүүнтэй нэгдсэн бэлтгэлээ хэзээнээс эхлэх вэ?

 

-Дөрөвдүгээр сарын 25 гэхэд жагсаалын бүрэлдэхүүн ОХУ-д очно. Тэр үеэс эхлэн нэгдсэн бэлтгэлээ эхэлнэ.

 

 

С.ОТГОН

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж