Гантулгын Баттулга “Улс төрд шинэ манлайлагч” төслийн шилдэг оролцогч. Химийн технологич инженер мэргэжилтэй, экстрим спортоор хичээллэдэг, аливаад инженерийн сэтгэлгээгээр ханддагаараа оролцогч залуусаас ялгардаг. Спорт, амралт зугаалгын “Dreamland”төслийш санаачлан дэвшүүлсэн. Өдгөө өөрөө шилдэг 30 оролцогчийн нэгээр шалгарч санаачилсан төсөл нь ч амжилттай явна.
Улаанбаатар хотын захирагчийн албаны Дэнжийн мянга, Хайлааст, Чингэлтэй дэх албаны дарга, “Хотын хөгжилд залуусын оролцоо” ТББ-ын удирдах зөвлөлийн гишүүн, Монголын мэргэжлийн сноубордын холбооны дэд Ерөнхийлөгч Г.Баттулгыг АНУ руу манлайллын хөтөлбөрт суралцахаар явахын өмнөхөн ярилцсан юм.
-Төсөлд дэвшүүлсэн төсөл шийдлийнхээ хүрээнд ямар ажлыг хийж байна вэ?
-ХБНГУ-д суралцаж байхдаа 15 орноор аялан залуусын амьдралын хэв маяг, их хотын амьдрал хэрхэн өрнөдөг талаар судалгаа хийсэн. Ингэж явахдаа том хотын ухаалаг шийдэл бол эрүүл аюулгүй орчноос гадна иргэд чөлөөт цагаа боловсон үр дүнтэй өнгөрүүлэх ногоон бүс гэдгийг олж харсан. Тэр их хөл хөдөлгөөн завгүй амьдралын стрессийг ингэж тайлж байна. Манай залуусын ихэнх нь компьютерийн ард олон цагаар сууж нүүрээ харж ярилцах нь цөөрсөн. Ингээд байхаар хувь хүний хандлага их өөрчлөгддөг. Гэтэл хоёр хүн уулзсан тохиолдолд зүй бус харилцаа гардаггүй. Хүмүүс нөхөрсөг халуун дотно харилцаа үүсгэхээ больсноор нийгэмд янз бүрийн хямрал гардаг байна. Энэ бол Улаанбаатарын залууст тулгамдсан эмзэг сэдэв. Хүмүүс уулзаж ярилцахаа больчихсон, хааяа уулзахаараа бар цэнгээний газар пиво ууж, цуурхал ярьдаг. Хамтдаа спортоор хичээллэж чөлөөт цагаа өнгөрүүлэн агаар салхианд гарч байгальд аялахаа больчихсон. Үүнийг шийдэхийн тулд спорт чөлөөт цагийн ногоон бүс “Dream land”байгуулахаар шийдэж шийдлээ төсөлд санал болгосон юм. Үйл ажиллагаагаа эхлээд явж байна.
-“Sky resort”-той өрсөлдөхүйц хэмжээний амралт зугаалгын бүс болно гэж ойлгож болох уу?
-Улаанбаатар хотын захирагчийн албанаас Туул гол орчмын мод бут сөөг ургаагүй хог хаягдалд дарагдсан газрыг ТББ-уудад түр хугацаагаар ашиглуулах захирамж гаргасан. Үүний дагуу ашгийн бус зорилгоор иргэдэд чөлөөт цагаа өнгөрүүлэх эрүүл орчин бүрдүүлж спортоор хичээллэх боломжоор хангах юм. Энэ ажилд маань бизнесийн байгууллага, хөрөнгө оруулагч, төрийн байгууллага бус спортод дуртай залуус иргэд сайн дураараа нэгдэн оролцож байна.
-Энэ төсөл цаашид хэрхэн санхүүжих вэ?
-Ер нь бол арав гаруй спортын цогц төхөөрөмж байрлуулахаар төлөвлөсөн. Энэ бүхэн амралт ая тух хөгжих боломжийн төлөө үндэсний үйлдвэрлэгч компаниудын нийгмийн хариуцлагын хүрээнд бүтээн байгуулагдана. Бусад гүйцэтгэлийн ажлыг залуус өөрсдийн хүчээр, сайн дураар хийнэ.
-Та манлайлагч залуусаа экстрим спортоор хичээллэхийг уриалж хичээл орж байсан. Энэ чиглэлээр өөр ажил хийж байна уу?
-Монголын мэргэжлийн сноубордын холбооны хувьд бид 2014 онд хамгийн анхны олимпийн цуврал онооны тэмцээнд явж оноо авч чадсан. 2018 он хүртэл тэмцээн уралдаануудад амжилт гаргаж чадвал манай улс энэ төрлөөр олимпт оролцох боломжтой. Бид үүнийг цагаан олимпоос медаль авах ирээдүйтэй төрөл хэмээн үзэж байна.
-Сноубордын холбоонд хэдэн мэргэжлийн тамирчин тогтмол хичээллэж байна?
– Өөрийн гэсэн хэрэгсэлтэй, тогтмол бэлтгэл сургуулилт хийдэг 60, сонирхож гулгадаг 200 гаруй тамирчин байна. Энэ дундаас олон улсын өндөр зэрэглэлтэй тэмцээнүүдэд амжилт гарган оноо авч чадсан тамирчин Олон улсын цанын холбоондоо мэргэжлийн гэсэн бүртгэлтэй болж, ангилагдаж явдаг.
– Та ямар ангилалд багтдаг вэ?
– Партизан /инээв/. Яагаад гэвэл бид 2007 онд гурвуулаа холбоогоо байгуулж анхны тэмцээнүүдэд би нэгдүгээр байр эзэлдэг байлаа. За тэгээд II, III байрт орж доошилсоор дөрөв, тав дахь жилээс байр эзлэхээ больсон. Одоо бол холбооныхоо үйл ажиллагааг бодлогоор зохицуулах, тамирчдаа бэлтгэх ажлыг хариуцах болсон. Анх энэ төрлийг дэлгэрүүлж холбоо байгуулсан учраас бүгдийг гардаж зохион байгуулахаас өөр арга байхгүй л дээ.
-“Улс төрд шинэ манлайлагч” зорилтот тв төслийн оролцогч залуусыг бүгд улс төрд орж ирэх гэж байгаа мэтээр хүлээн авах нь олонтаа. Харин таны хувьд?
– Одоо бидний харж байгаа улстөрчид хэн нэгэнд таалагдах, үйлчлэх, шийдвэр гаргаж өгөх зорилготой популист байдлаар гарч ирдэг. Миний хувьд баримталдаг зарчим, чиг шугам, хэн байхаа өөрөө тодорхойлно. Мөн миний хийх дуртай зүйл, сонгосон зам, зорьсон зорилгыг маань хүмүүс хүлээн зөвшөөрвөл нуруутай, ирээдүйтэй улс төрч болно гэж боддог. Харин хэн нэгэнд таалагдах гэж өөрийн амьдралын зарчмаасаа хазайвал хэзээ нэгэн цагт тэр баг хуулагдах нь тодорхой. Тэр цагт бүх босгосон амжилт байхгүй болно. Тийм учраас ямар нэг байдлаар хуурамч дүр эсгэхийг огт боддоггүй, бүх зүйлд сэтгэлээсээ хандахыг хүсдэг.
– Тэгвэл таны ойрын болоод хэтийн зорилго?
– Улс төрийн амьдралд айхтар том амжилт гаргая гэсэн амбийц үнэндээ байхгүй. Гэхдээ ажлын зорилго чиглэлээрээ улс төрийн амьдралд ороход татгалзах зүйл байхгүй. Нөгөө талаас Улаанбаатар хотын залуус эрүүл сайхан хөгжилтэй, нөхөрсөг харилцаатай бие биенээ хүндэлдэг байгаасай гэсэн үүднээс чадах зүйлээрээ нэмэр болохоор “Dreamland”төслийг хэрэгжүүлэхээр зорьж явна. Энэ бол миний ойрын зорилт. Алсын зорилт бол Монгол улсын тамирчид өвлийн олимпоос ямар ч медаль хүртээгүй. Ганцхан төрөлд чадан ядан оролцдог. Сноубордын спортыг хөгжүүлэгч залуус бид өвлийн олимпийн тэнгэрт төрийнхөө далбааг мандуулах чин хүсэлтэй. Миний хувьд бол томоохон эрхэм зорилтуудаа тодорхойлж хэрэгжүүлж эхэлсэн. Хүрэх цаг хугацаа, үе шатууд маань тодорхой. Тэгэхээр яг л төлөвлөгөөний дагуу явж байна. Инженер хүмүүсийн онцлог бол ерөнхий төлөвлөгөө хийдэггүй.
-Таны сэтгэлийг хамгийн их эмзэглүүлдэг хурдан шийдэхсэн гэсэн ямар асуудал байна вэ?
-Манай нийгэмд хариуцлага гэдэг зүйл огт алга. Хууль батлагдахад хариуцлагын тогтолцоо нь ямар нэгэн байдлаар тусгагддаг ч ямар арга механизмаар хэрэгжүүлэхэв гэдгийг тохиолдол бүр дээр нарийвчлан заасан зохицуулалт байдаггүй. Энэ нь эрх баригч, шийдвэр гаргагчид буруу шийдвэрээсээ бултах, зайлсхийх эсвэл өөртөө ашигтайгаар тайлбарлах боломж олгож байна. Энэ бүхнийг тодорхой чиг шугамд хэрхэн оруулах талаар байнга бодож явдаг даа.
-Таны бодлоор өнөөгийн нийгэмд ёс суртанхуунтай, санасан зорьсноо гүйцэтгэдэг, хариуцлагатай улс төрч байх боломж бий юу?
-Манлайлагч хүн үргэлж үлгэр жишээ болох хэрэгтэй. Ёс зүйтэй, бие биенээ хүндэлдэг, зөв дадал, зөв хэвшилтэй байя. Энэ мэтээр энгийн жижиг зүйлээс эхлэн эмх замбараанд орох хэрэгтэй. Хүн болгон өөртөө өөрчлөлт хийж чадах зүйлээ сайн хийвэл нийгэм илүү эмх цэгцтэй байна.
-Залуустаа хандаж юуг уриалах вэ?
-Чухал сэдвийг хөндөж, чадахаасаа өөрөөсөө эхэлж хэрэгжүүлцгээе. Олуулаа хийцгээе. Бүгдээрээ өөрчилцгөөе гэхээр хэн эхлэх нь мэдэгддэггүй. Тэгэхээр өөрөөсөө эхлээд хажуудаа байгаа хамт яваа хүмүүстэйгээ нэг нэгээр нь санаагаа нэгтгэх хэрэгтэй.
-Ярилцсанд баярлалаа.
Эх сурвалж: manlailagch.mn