Нийслэлийн ХУД-ийн 8-р хорооны нутаг дэвсгэрт 240 хүүхдийн багтаамжтай шинэ цэцэрлэг өнөөдөр албан ёсоор үүд хаалгаа нээж хүүхэд багачуудаа хүлээн авлаа. Нийслэлийн хөрөнгө оруулалтаар шинэ цэцэрлэг байгуулагдсанд тус хорооны иргэд талархаж байна. Өмнө нь огт хүүхдээ цэцэрлэгт явуулж байгаагүй тус хорооны иргэн Г.Нанжид хоёр охиноо шинэ цэцэрлэгт хамруулахаар болжээ. Тэрбээр “Ойрхон цэцэрлэг байхгүй учраас хүүхдээ гэртээ хардаг байсан. Одоо ажил хийж, амьдралдаа нэмэр болох боломжтой боллоо” гэжээ.
209-р цэцэрлэг 10 бүлэгтэ, бүлэг бүрт 24 хүүхэд хамрагдах гэнэ. Цэцэрлэгийн дотоод зохион байгуулалт, халуун хүйтэн ус, ариун цэврийн өрөө зэргийг бүрэн шийдвэрлэж өгсөн гэж тус цэцэрлэгийн эрхлэгч Э.Батнавч хэллээ. Цаашид ХУД-ийн бага дунд боловсролын салбарт олон ажил хийгдэнэ гэдгийг Нийслэлийн Засаг Даргын Хөдөлмөр Эрхлэлт, Нийгмийн Хамгааллын асуудал хариуцсан орлогч дарга Ц.Буяндалай нээлтийн үеэр илэрхийлсэн байна.
С.СҮРЭН