Энэтхэгт ойд бясалгал хийж байсан лам цоохор ирвэст бариулж, амь насаа алдсан хэрэг гарсан тухай өчигдөр /2018.12.12/ Ой хамгаалах газрынхан мэдээлжээ. Рахул Валке гэдэг нэртэй лам Энэтхэгийн Махараштра мужийн Тадоба гэх зэрлэг амьтад ихээр амьдардаг, дархан цаазтай газрын ойд бясалгал хийж байжээ.
Рахул Валке нь ойд байрлах буддын шашны хийдэд харьяалагддаг бөгөөд сүүлийн нэг сарын турш хийдээс нэлээн зайтай орших газар, модны доор суун бясалгал хийж байв. Харин өнгөрсөн Мягмар /2018.12.11/ гаригийн өглөө түүн рүү цоохор ирвэс дайрч, амийг нь хөнөөсөн байна. Энэ үеэр тус хийдэд шавилан суудаг хоёр лам түүнд хоол авчирч өгөхөөр ирэхдээ цоохор ирвэсийн дайралтад өртсөнийг хараад, тусламж дуудахаар явсан боловч эргэж ирэх үед нь Рахул Валке лам аль хэдийн амьсгал хураасан байжээ.
Тадобагийн дархан цаазтай газарт нийт 88 бар амьдардгаас гадна цоохор ирвэс, баавгай, цөөвөр чоно зэрэг олон араатан амьдардаг тул ой хамгаалах газраас лам нар болон жуулчдыг ойн гүн рүү явахгүй байхыг анхааруулдаг байжээ.
Мужийн засаг захиргаанаас түүний гэр бүлд нь 1.2 сая рупи буюу 16’762 ам.долларын нэг удаагийн тэтгэмж олгохоор болсон байна.
Тус хэргээс болж ойд хөл хорио тогтоогоод байгаа бөгөөд хийд рүү зөвхөн тогтсон цагаар л хүмүүсийг ирүүлж, очуулж байгаа, мөн зэрлэг амьтны дайралтаас хамгаалахын тулд хийдийн эргэн тойронд өргөст тор тавьсан аж.
Эх сурвалж: ВВС
Холбоотой мэдээ