АНУ Венесуэлийн Ерөнхийлөгчийн амь насанд халдахыг оролдсон гэв

Хуучирсан мэдээ: 2018.12.13-нд нийтлэгдсэн

АНУ Венесуэлийн Ерөнхийлөгчийн амь насанд халдахыг оролдсон гэв

АНУ Венесуэлийн Ерөнхийлөгчийн амь насанд халдахыг оролдсон гэв

Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуро өөрийнх нь амь насанд халдахыг завдсан хэргийн ард АНУ, тэр дундаа Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жонн Болтоныг биечлэн оролцсон хэмжээн үзэж байгаагаа өчигдөр /2018.12.12/ сэтгүүлчдэд хийсэн мэдээллийнхээ үеэр хэлжээ. Гэвч тэрбээр ямар нэгэн баттай нотлох баримтыг дэлгээгүй байна. Н.Мадуро АНУ-ыг өөрийнх нь амийг хөнөөж, Венесуэлд төрийн эргэлт гаргах санаархалтай байгаа хэмээн сэрдэж байгаа юм.

Өнгөрсөн наймдугаар сард Венесуэлийн нийслэл Каракас хотод болсон зэвсэгт хүчний ойн баярын жагсаалын үеэр Н.Мадурогийн амь насанд халдах оролдлого гарсан юм. Түүнийг индэр дээр үг хэлж байх үеэр тэсрэх төхөөрөмж бүхий дрон хажууд нь дэлбэрсэн аж.

Венесуэл улс нь 20 гаруй жил үргэлжилсэн социалист дэглэмийн дараа эдийн засгийн гүн хямралд өртсөн байна. Мөн эмх замбараагүй байдал газар авч, хоол хүнс ховордож байгаагаас үүдэн зөвхөн 2011 оноос хойш гэхэд л нийт хүн амынх нь долоон хувь буюу хоёр сая гаруй хүн эх орноо орхин явсан. Эдийн засгийн хямралын шалтгааныг Н.Мадуро дэлхийн зах зээл дээрх газрын тосны үнэ унасан болон АНУ-ын авсан хориг арга хэмжээтэй холбон тайлбарладаг.

АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп зүүний, социалист чиг баримжаатай Венесуэлийн төр засгийг шүүмжилж, тус улсын эсрэг хориг арга хэмжээнүүдийг аваад байгаа билээ.

Түүнчлэн энэ долоо хоногийн эхээр Венесуэлд Оросын хоёр бөмбөгдөгч онгоц ирсэн явдалд АНУ шүүмжлэлтэй хандаж байгаа юм. “Tu-16” загварын тус онгоц нь цөмийн зэвсэг зөөвөрлөх боломжтой аж. Холын тусгалын бөмбөгдөгч онгоцнууд Венесуэлийн “Симон Боливарын онгоцны буудалд” өнгөрсөн Даваа гаригт /2018.12.10/ газардсан байна. Венесуэлийн Батлан хамгаалахын сайд Владимир Падроно үүнийг “холбоотонтойгоо цэргийн хамтарсан сургуулилт хийх зорилготой” хэмээн тайлбарлажээ. ОХУ-ын мэдээлснээр тус бөмбөгдөгч онгоцууд маргааш /2018.12.14/ Венесуэлээс буцах юм.

Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуро нь өнгөрсөн сард ОХУ-д айлчилж, Ерөнхийлөгч В.Путинтэй дээд хэмжээний уулзалтыг хийсэн билээ. Харин АНУ Венесуэлийг ОХУ, Хятад зэрэг орнуудтай ойртон дотносож байгаад санаа зовж байдаг.

“АНУ гадаадын цэргүүд хөлсөлж миний амь насанд халдан, төрийн эргэлт зохион байгуулахыг санаархлаа. Гэхдээ сайн нөхрийн ачаар Венесуэлийн ард иргэд хариу үзүүлэхэд бэлэн байгаа. Бид хэзээ ч өвдөг сөхрөхгүй” хэмээн Венесуэлийн Ерөнхийлөгч Н.Мадуро хэлжээ.

Эх сурвалж: ВВС

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж