У.Хүрэлсүх: Япон технологийг Монголд нутагшуулна

Хуучирсан мэдээ: 2018.12.13-нд нийтлэгдсэн

АЙЛЧЛАЛ: Ерөнхий сайд У.Хүрэлсүх Японд

У.Хүрэлсүх: Япон технологийг Монголд нутагшуулна

У.Хүрэлсүх: Япон технологийг Монголд нутагшуулна

News агентлагийн редактор Ж.Нямсүрэн Токиогоос мэдээлж байна. 

Ноён Шинзо Абэгийн урилгаар Япон улсад албан ёсны айлчлал хийж буй  Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдөр /2018.12.13/ Токио хотноо болсон  хоёр орны бизнес форумд оролцохдоо ийнхүү  тодотгосон юм.

Япон улс нь Монголын хувьд чухал гуравдагч хөрш, эдийн засгийн эртний түнш. Дэлхийн гурав дахь том эдийн засагтай, хуучин түнштэйгээ  гадаад худалдаа, хөрөнгө оруулалтын чиглэлээр хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэх хүсэлтэй байгаагаа Ерөнхий сайд Японы бизнеснийнхэнд уриалсан бол Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар илтгэл тавьж, Монголд хөрөнгө оруулах боломжуудыг сонирхууллаа.

Ерөнхий сайд итгэлдээ “ Монголын Засгийн газар эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах, Монголд хөрөнгө оруулах, бизнес эрхлэх эрх зүйн орчинг сайжруулахад анхаарал тавьж байна.  Монголын эдийн засгийн өсөлт 2016 онд 1.2 хувьтай байсан бол 2018 оны гуравдугаар улиралд 6.4 хувьд хүрсэн. “Стандарт энд Пүүрс” зэрэг олон улсын агентлагууд манай улсын зээлжих зэрэглэлийг эерэгээр дүгнэж, “В хасах” төлөвөөс В тогтвортой болгон нэмэгдүүллээ. Сүүлийн жилүүдэд тулгараад байсан эдийн  засгийн хүндэрлийг Монгол Улс амжилттай даван туулж байна.  Манай эдийн засгийн тогтворжилтод  ОУВС-ийн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр  чухал түлхэц үзүүлсэн” талаар онцолж, “Монгол Улсын Засгийн газраас гадаадын хөрөнгө оруулагчдын итгэлийг нэмэгдүүлэх асуудалд онцгой анхаарал хандуулж байна. Энэ хүрээнд хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалан дэмжих, ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олголтыг сэргээх зэрэг олон арга хэмжээ авч ажилласны үр дүнд Монгол Улсад орох гадаадын шууд хөрөнгө оруулалтын хэмжээ 2017 оноос хурдацтай нэмэгдэж байна. Тухайлбал, 2018 оны гуравдугаар улирлын байдлаар гадаадын хөрөнгө оруулалт 1.8 тэрбум ам. долларт хүрч өмнөх оны мөн үетэй харьцуулахад 30 орчим хувиар өсчээ.

Мэдээллийн технологийн салбар манай хоёр орны харилцан ашигтай хамтын ажиллагаанд шинээр өнгө нэмж буй салбар билээ. Тус салбарыг бидний хоорондын хамтын ажиллагааны ирээдүйтэй чиглэл гэж харж байна. Монголын математикчид, инженерүүдтэй хамтран хиймэл оюун ухааны салбарт үйл ажиллагаа явуулахаар Монголд салбараа нээж буй Дата Артист компаний жишээг энд дурдаж болно.” гэлээ.

Монгол-Японы  худалдааны эргэлт энэ оны аравдугаар сарын байдлаар 496 сая ам.долларт хүрчээ. 1990 оноос өнөөг хүртэлх хугацаанд Япон Улсаас худалдаа, нийтийн хоол болон уул уурхай, банк, санхүү, аялал жуулчлал, барилга, мэдээллийн технологийн салбарт нийт 716 сая ам.долларын шууд хөрөнгө оруулалт хийгдсэн байна.

ЕРӨНХИЙ САЙДЫН ТАВЬСАН ИЛТГЭЛЭЭС ИШЛЭЛ БОЛГОН СОНИРХУУЛБАЛ,

  • Манай улсын хувьд хөрөнгө оруулалтын чухал эх үүсвэр нь Япон улс.
  • Японы хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхийг Засгийн газрын тэргүүний хувьд миний бие энэ асуудалд анхаарал хандуулан ажиллах болно
  • Монголын ЖДҮ-ийг хөгжүүлэхэд Японы дэмжлэг туслалцаа, хамтын ажиллаагаа чухал байна.
  • Жилдээ 3 сая зорчигчид үйлчлэх боломжтой шинэ нисэх онгоцны буудал удахгүй ашиглалтад орно.
  • Энэ боломжийг хоёр орны аялал жуулчлалын бизнес эрхлэгчид оновчтой ашиглаасай гэж хүсч байна.
  • Хөрөнгө оруулагчдын гомдол, хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэх чиг үүрэг бүхий “Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зөвлөл”-ийг ЗГХЭГ-ын даргаар ахлуулан байгуулсан.
  • Засгийн газрын дэргэд гадаадын хөрөнгө оруулагчдад зориулсан “Нэг цэгийн үйлчилгээний төв” байгуулж, үйл ажиллагааг нь ирэх оны нэгдүгээр сараас эхлүүлнэ.
  • Энэхүү төв нь Монголд орох гадаадын хөрөнгө оруулалт, тэр дундаа Японы хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд бодитой дэмжлэг үзүүлнэ гэдэгт итгэлтэй байна

Хоёр орны худалдааны эргэлт өмнөх жилээс 55 хувиар нэмэгдсэн нь Монгол-Японы эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр зохих хувь нэмэр оруулсан байна.  Монголчууд Японоос суудлын тэрэг, уул уурхайн болон бусад төрлийн тоног төхөөрөмж импортолж, ноос ноолууран болон хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн экспортод гаргадаг байна.

Монголын жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд Японы дэмжлэг туслалцаа, хамтын ажиллагаа чухал байгааг, сэргээгдэх эрчим хүчний арвин нөөцтэйг Ерөнхий сайд тавьсан итгэлдээ хэлсэн юм.

“Монголд саке ууж, адууны мах идэж, навчин тамхи татах”-ыг Японы хөрөнгө оруулагчдад Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар уриад, Монголд хөрөнгө оруулах ямар, ямар боломж бололцоо байгааг болон Японы хөрөнгө оруулсан бизнесүүд хэрхэн амжилттай хэрэгжиж буйг дуулгасан.

Тухайлбал, Монгол 80 гаруй сая малтай, фермийн биш жинхэнэ эко махан бүтэгдэхүүн хэрэглэдэг болон нар салхины эрчим хүч үйлдвэрлэх нөөц ихтэй тиймээс хөдөө аж ахуйн салбарт хөрөнгө оруулалт хийж болох боломж байгааг тэрбээр илтгэлдээ онцолсон. Мөн  Монголд аялал жуулчлалыг хөгжүүлэх боломжуудын талаар Улаанбаатарт гэхэд л гэр хорооллыг барилгажуулж үл хөдлөхийн бизнес эрхлэх үнэ цэнийн тухай  сонирхуулахын зэрэгцээ “Мобиком”, “Говь” зэрэг компаниуд хөрөнгө оруулалт хийсэн япончуудын бизнес сайн байгаа зэргээр Монголоо багагүй пи-ардсан юм.  Тэрбээр  Монгол Улс уул уурхайн хараат бус хөрөнгө оруулалт дээр суурилсан эдийн засгийг хөгжүүлэх бодлого барьж буйг япончуудад хүргэлээ.

Форумыг Японы гадаад худалдааг дэмжих байгууллага /Жетро/ болон Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим хамтран зохион байгуулж, Япон Улс нь Монголын эртний түнш гуравдагч орон бөгөөд 1993 оноос хойш нийтдээ гурван тэрбум ам.долларын зээл, тусламж өгчээ.

“МОНГОЛД ХӨРӨНГӨ ОРУУЛАХ ЭРСДЭЛ НЬ МОНГОЛ ХҮН”

Уг форумд оролцсон Японы хөрөнгө оруулагчдаас Монголд хөрөнгө оруулахад ямар хүндрэл, бэрхшээл эрсдэл байгааг сонирхоход тэрбээр дээрх үгийг хэлсэн юм.

Монголоос чацаргана, чацарганын бүтээгдэхүүн импортлодог “Takarajima Japan”  компанийн Осоное Казурхиро захирал Монголд хөрөнгө оруулахад хамгийн их эрсдэлтэй зүйл нь монголчуудын итгэлцэл. Монголчууд ярьсан хэлсэндээ байдаггүй нь хамгийн том эрсдэл болдог талаар шүүмжилсэн.  Тус компани Монголоос чацаргана, чацарганы бүтээгдэхүүн мөн ноос ноолууран бүтээгдэхүүн авчирч зардаг бөгөөд эрэлт ихтэй байдаг гэнэ.  Бизнесийн аюулгүй байдлаа хамгаалахын тулд МХАҮТ-тай хамтран ажиллаж байгаагаа хэллээ. Түүний үгийн  Япон дахь Монголын худалдаа аж үйлдвэрийн  танхимын төлөөлөгч  Мишизова баталж, монголчуудтай ажил ярьж тохиролцоход тун хэцүү болохыг хэлсэн.  Тэрбээр Монголчууд хөрөнгө оруулалтыг татахын тулд  хариуцлагатай болох, мөн  Монголоо сурталчилсан эвентүүд гадаадад багагүй хийхийг зөвлөсөн юм. Японы хөрөнгө оруулалтыг татахын тулд япон-монгол хүний хоорондын харилцааг сайжруулахад анхаарах ёстой ч ярилаа.

Монголд жижиг дунд үйлдвэрлэл эрхлэх олон компани байдаг. Тэд япончуудын дэмжлэг туслалцааг авах дуртай байдаг. Товчхондоо, япончуудад технолги, ноу-хау, мөнгө бий. Монголд бизнес эрхлэх нөөцүүд бий. Гэвч, монгол хүн өөрөө гадаадын хөрөнгө оруулагчдын айдас болж буйг Токио хотноо болсон бизнес уулзалтын үеэр япончууд ил шулуухан хэлнэ лээ.  Харин Монгол Улсын хувьд Японы хөрөнгө оруулагчдыг дэмжиж, тэдэнд нэгдсэн мэдээлэл өгөх, бизнесийг нь өргөжүүлэх боломжийг нэмэгдүүлэх үүднээс Монгол Улсын худалдааны төлөөлөгчийн газрыг Токио хотноо байгуулахаар болсон сайхан мэдээг Ерөнхий сайд дуулгасан юм.

ЯПОНД 2517 ОЮУТАН СУРАЛЦАЖ БАЙНА

Монгол улсын ерөнхий сайд У.Хүрэлсүхэд Японы гадаад худалдааг дэмжих байгууллага ЖЕТРО-ын ерөнхийлөгч Х.Ишигэ бараалхлаа. Японы олон улсын хамтын ажиллагааны банкны ерөнхийлөгч Тадаши Маэда бараалхлаа. Япон, Монголын найрамдлын нийгэмлэгүүдийн удирдлагыг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр  Японд монгол инженерүүд бэлтгэх ажилд өндөр ач холбогдол өгч байгааг талууд тэмдэглэсэн. Япон улс нь 1000 инженер монголчуудад бэлтгэж өгөхөө амалсан бөгөөд энэ хүрээнд 200 оюутан шилдэг  инженер болохоор суралцаж байна.

Монголоос Японд суралцаж байгаа нийт  оюутны тоо 2517 байна.  Япончуудын зүгээс Монголд  мэргэжлийн чадварлаг инженер бэлтгэж өгөхөөс гадна, хөдөө аж ахуйн чиглэлээр оюутан бэлтгэхийн энэхүү уулзалтын үеэр хөндсөн юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж