УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдааныг хойшлуулахаар боллоо

Хуучирсан мэдээ: 2018.12.13-нд нийтлэгдсэн

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдааныг хойшлуулахаар боллоо

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдааныг хойшлуулахаар боллоо

2018 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2018.12.13 Пүрэв гараг) хуралдааныг эхлүүлэхэд гишүүдийн ирц хүрээгүйн улмаас хойшлуулахаар УИХ-ын дарга 11 цаг 25 минутад мэдэгдэв. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан 10.00 цагт эхлэх товтой байсан ч УИХ-ын зарим гишүүнийг чуулганы танхимд хүрэлцэн ирэхийг хүлээв. УИХ-ын дарга М.Энхболд хэлэхдээ “УИХ-аар тулгамдсан, цаг хугацаатай асуудлуудыг хэлэлцэхээр хүлээж байна. Засгийн газраас 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдөр нэн яаралтай хэлэлцүүлэхээр өргөн мэдүүлсэн Ашигт малтмалын тухай, Газрын тосны тухай, Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх учиртай. Уг асуудлыг энэ сардаа багтаан хэлэлцэж, холбогдох шийдвэрийг гаргахгүй бол алт олборлогчдын хувьд эрх зүйн тодорхойгүй нөхцөл байдал үүснэ. Засгийн газар яаралтай горимоор хэлэлцүүлэхээр өргөн мэдүүлсний дагуу УИХ-ын даргын захирамж гарсан. Одоо хоёр дахь долоо хоногтоо хүлээгдэж байна. Ерөнхий сайдаас өргөн мэдүүлсэн Засгийн газрын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдыг томилох тухай асуудлыг мөн өнөөдөр хэлэлцэх ёстой. Орон нутагт өвөлжилт хүндэрч, мал тооллого эхэлсэн энэ үед Байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдааны ирц бүрдээгүйн улмаас  Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдыг томилж чадахгүй гурван долоо хонож байна. Түүнчлэн Ерөнхий сайдаас өргөн мэдүүлсэн Засгийн газрын зарим гишүүнийг огцруулах тухай асуудлыг хэлэлцэх товтой. ЖДҮХС-ийн асуудалтай холбогдуулан түр хороо байгуулахаар УИХ-ын 9 гишүүн санал гаргасан. Байнгын хороо дэмжсэн, энэ асуудлыг яаралтай хэлэлцэх шаардлага бий гэдгийг Та бүхэн ойлгож байгаа. Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгыг 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөнө. Үүнээс өмнө Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгатай холбоотой ТАЗ-ийн бүтэц, төрийн албаны ангилалын талаар гээд дөрвөн журмыг УИХ батлах ёстой. Хууль хэрэгжихтэй холбоотой чухал асуудлууд юм. Энэ долоо хоногт бид УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбатаас Монгол Улсын Ерөнхий сайдад хандан “Ханшийн өсөлттэй холбогдуулж хийсэн интервенци, мөнгөний болон төсвийн бодлогын уялдаа, Засгийн газрын өрийн талаар” тавьсан асуулгын хариуг сонсохоор төлөвлөсөн. Энэ асуулгын хариуг сонсохоор дөрөв дэх долоо хоногтоо хүлээж байна. Ийм мэтээр цаг хугацаатай, нэн тулгамдсан асуудлуудыг хэлэлцэхээр хүлээж байна. Тийм учраас УИХ-ын гишүүд танхимдаа хүрэлцэн ирж, чуулганы нэгдсэн хуралдаанаа эхлүүлж, шийдэх ёстой асуудлуудаа шийдмээр байна. Засгийн газрын гишүүд мөн чуулганы нэгдсэн хуралдаанд оролцмоор байна. Өргөн мэдүүлсэн асуудлуудаа танилцуулах учиртай. Засгийн газрын гишүүд хуралдаануудад орж ирэхгүй байгаагаас шалтгаалан УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан явагдахад хүндрэл үүсч байна” гэв.

Ийнхүү тэрбээр өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаанд ирцээ бүртгүүлээгүй УИХ-ын гишүүдийн нэрсийг 10 цаг 40 минут, 10 цаг 55, 11 цаг 10 минутад тус тус танилцуулаад, танхимд хүрэлцэн ирэхийг хүслээ.

УИХ-ын үйл ажиллагааг таслалдуулж, хууль тогтоох үйл ажиллагааг хэвийн явуулах нөхцөлийг бүрдүүлэхээс татгалзаж буйтай холбогдуулан УИХ-ын гишүүд санаачлан Монгол Улсын Засгийн газар, Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд  хугацаатай шаардлага хүргүүлсэн болохыг УИХ-ын дарга танилцуулав.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛААС МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД УХНААГИЙН ХҮРЭЛСҮХЭД ХҮРГҮҮЛЭХ ШААРДЛАГА

Монгол Улсын Их Хурлын даргын дэргэдэх Зөвлөлийн 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн хурлаар баталсан хуваарийн дагуу Улсын Их Хурлын чуулганы 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдыг томилуулах санал, Засгийн газраас нэн яаралтай хэлэлцүүлж өгөх Таны хүсэлт зэрэг улс орны өмнө тулгамдаж байгаа нэн чухал асуудлыг хэлэлцэхээр төлөвлөсөн байсан.

Гэтэл Монгол Улсын Ерөнхий сайд Та Засгийн газрын гишүүн-Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдыг томилуулах саналаа танилцуулаагүйгээс уг асуудлыг гишүүдийн олонхын саналаар хойшлуулсан. Засгийн газраас нэн яаралтай горимоор хэлэлцүүлэхээр Монгол Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн улс орны эдийн засаг, төсөв санхүүтэй холбоотой чухал асуудлыг хэлэлцэж байгаа хуралдааныг Засгийн газрын хэд хэдэн гишүүн орхиж гарсны улмаас хэлэлцэх боломжгүй болсон.

Та болон асуудал хэлэлцүүлэх ёстой Засгийн газрын 13 гишүүн чуулганы нэгдсэн хуралдаанд зориуд оролцохгүй байгаагаас валютын ханш болон нефть шатахууны үнийн өсөлт, Улаанбаатар хотын агаар, орчны бохирдол, утааны асуудал зэрэг ард иргэдийн амьдрал ахуй, эрүүл мэндтэй холбоотой, иргэдийн өмнө тулгамдаж байгаа даруй шийдвэрлэвэл зохих асуудлаар хийгддэг Ерөнхий сайдын мэдээлэл, гишүүний асуулгын хариуг Улсын Их Хурлаар сонсох ажиллагаа 4 удаа хойшилсоор өнөөдрийг хүрлээ.

Монгол Улсын Ерөнхий сайд Та Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн үдээс хойших хуралдаанд оролцож Мал аж ахуйн салбарыг хөгжүүлэх талаар төрөөс баримталж буй бодлогын хэрэгжилт, өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар мэдээлэл хийх ёстой.

Монгол Улсын Ерөнхий сайд Үндсэн хуулийн дагуу танхимаа бүрдүүлэх байтал өөрөө өргөн мэдүүлсэн Засгийн газрын гишүүн-Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдыг томилуулах асуудлыг гурван долоо хоногийн турш хэлэлцүүлэхгүй байх хууль бус үйлдэл хийж байгаагаас мал тооллогын хугацаа тулсан, өвөлжилт хүндэрч байгаа энэ цаг үед салбар нь эзгүйрч, улс орны стратегийн хүнс болох улаан буудайн нөөц бүрдүүлэх, тариаланчид улаан буудайгаа борлуулах асуудал тодорхойгүй болсон. Нийт аж ахуй эрхлэгчдийн гуравны хоёрыг эзэлж байгаа жижиг, дунд үйлдвэрийн салбарт гарсан алдаа завхралыг цаг алдалгүй засаж, залруулах шаардлагатай байна.

Өмнө нь Монгол Улсын Ерөнхийлөгчөөс 2019 оны төсвийн тухай хуульд бүхэлд нь тавьсан хоригийг хэлэлцэхээр төлөвлөсөн Хууль зүйн байнгын хорооны 11 дүгээр сарын 16-ны өдрийн хуралдааны ирцийг Засгийн газрын гишүүд зохион байгуулалттайгаар хүргэхгүй, хуралд оролцохгүй байх арга хэмжээ авснаар 3 удаа хуралдаж чадаагүй. Түүнчлэн, Байнгын хороо хуралдаагүй тул Ерөнхийлөгчийн хоригийг Улсын Их Хурлын чуулганы 11 дүгээр сарын 17-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж чадаагүй, 11 дүгээр сарын 22-ны өдөр хэлэлцэхээр төлөвлөсөн боловч Ерөнхий сайд Та болон Шадар сайд Ө.Энхтүвшин, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар нарын аль аль нь орж ирэхгүй зохион байгуулалттайгаар Улсын Их Хурлын үйл ажиллагааг тасалдуулж байсан.

Улсын Их Хурлын зарим гишүүд болон иргэд, олон нийт, төрийн бус байгууллагаас тавьсан шаардлага, нийгэмд шударга ёс, хуулийн өмнө эрх тэгш байх зарчмыг хангаж Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас өөрийн болон өөрийн хамаарал бүхий компанид зээл авсан асуудалд холбогдсон Засгийн газрын нэр бүхий гишүүдэд ёс зүйн хариуцлага тооцох асуудлыг Ёс зүйн дэд хороогоор 11 дүгээр сарын 29-ний өдөр хэлэлцэхээр зарласан боловч тус дэд хороонд харьяалагддаг Засгийн газрын гишүүн Х.Баделхан, Д.Сарангэрэл болон Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн нар дэд хорооны хуралд оролцохгүй, зориуд санаатайгаар ирц бүрдүүлээгүй. Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас өөрийн болон өөрийн хамаарал бүхий компанид зээл авсан асуудалд холбогдсон Засгийн газрын нэр бүхий гишүүдэд ёс зүйн хариуцлага тооцох асуудлыг өнөөдрийг хүртэл авч хэлэлцэж чадахгүй байна.

Мөн танай Засгийн газар Улсын Их Хурлын ирцийг бүрдүүлэхгүй байх хууль бус арга хэмжээ авч, хуралдаанд оролцохгүй байгаагаас Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сантай холбоотой үүссэн асуудлыг шалгаж, санал, дүгнэлт гаргах түр хороо байгуулах тогтоолын төсөл буюу иргэд олон түмний хүсэн хүлээж, шаардаж байгаа асуудлыг хэлэлцэх боломжгүй болж, хойшилж байна.

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.9 дэх хэсэгт “Гишүүн өвчтэй байсан буюу өвчтэй хүн асарсан, гадаад, дотоод томилолтоор явсан, түүнчлэн хурал, семинарт зайлшгүй оролцох шаардлагатай байсан бол хүндэтгэх шалтгаантай гэж үзэх бөгөөд эдгээр шалтгаан байхгүй бол хуралдаан тасалсанд тооцно.”, мөн зүйлийн 4.10 дахь хэсэгт “Монгол Улсын Үндсэн хуулийн тодорхой заалтыг илтэд зөрчсөн асуудал хэлэлцсэн, эсхүл Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахыг эсэргүүцэхээс бусад шалтгаанаар гишүүн, нам, эвслийн бүлэг хуралдаанд оролцохгүй байх буюу түүнийг орхиж гарахыг хориглоно” гэж заасан тул хуульд заагаагүй үндэслэлээр Улсын Их Хурлын гишүүн бөгөөд Засгийн газрын гишүүн чуулганы хуралдаанд оролцохгүй байх үндэслэл байхгүй.

Монгол Улсын Үндсэн хуулиар Засгийн газар бол Улсын Их Хурлаас томилогдсон Ерөнхий сайд, гишүүдээс бүрддэг бөгөөд Үндсэн хууль, төрийн хууль биелүүлэх үндсэн чиг үүрэгтэй, үйл ажиллагаагаа Улсын Их Хуралд тайлагнах ёстой байгууллага. Засгийн газар Монгол Улсын Үндсэн хуульд заасан хууль дээдлэх төрийн үйл ажиллагааны үндсэн зарчмыг зөрчих, төрийн эрх барих дээд байгууллагын үйл ажиллагааг тасалдуулах гэсэн хууль бус, зохион байгуулалттай арга хэмжээ авах ёсгүй.

Иймд Монгол Улсын Ерөнхий сайд Таныг болон Засгийн газрын гишүүдийг Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын Их Хурлын тухай хууль, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж, төрийн эрх барих, хууль тогтоох дээд байгууллагын үйл ажиллагааг хууль бусаар тасалдуулах гэсэн үйл ажиллагаагаа 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн дотор зогсоож, Байнгын, дэд, түр хорооны болон чуулганы нэгдсэн хуралдаанд оролцохыг шаардаж байна.

Таны тэргүүлж буй Засгийн газрын гишүүд Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын Их Хурлын тухай болон Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хууль тогтоомж зөрчсөн асуудлаас үүдэн гарах аливаа хариуцлагыг Танай Засгийн газар болон Улсын Их Хурлын гишүүний албан тушаалыг давхар хашиж байгаа Засгийн газрын гишүүн сайд нар хүлээх болно гэдгийг хатуу анхааруулж байна.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРАЛ

УИХ-ын гишүүдийн олонх дээрх шаардлагыг Засгийн газар, Ерөнхий сайдад хүргүүлэх нь зүйтэй хэмээн үзсэн байна. Ийнхүү тодорхой хугацаанд хүлээсний дараа 11 цаг 15 минутад УИХ-ын дарга “Одоогоор УИХ-ын 37 гишүүн ирцээ бүртгүүлээд байна. Бид 1 цаг 15 минут хүлээж байна. УИХ-ын үйл ажиллагаа тасралтгүй явагдах ёстой. Энэ үүргийг УИХ-ын гишүүн бүр хүлээдэг, УИХ дахь намын бүлгийн дарга нар мөн хуралдааны ирц бүрдүүлэхэд үүрэг хүлээдэг” гэдгийг тэмдэглэн хэлээд дахин 10 минут хүлээгээд хуралдааны ирц бүрдэхгүй бол өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдааныг хойшлуулахаар мэдэгдэх болно гэлээ. Ийнхүү 11 цаг 25 минут болсон бөгөөд чуулганы нэгдсэн хуралдааны ирц 49.3 хувьтай, Засгийн газрын гишүүд нэгдсэн хуралдааны танхимд орж ирсэн ч ирцэд бүртгүүлэхгүй байгааг УИХ-ын дарга анхаарууллаа. Түүнчлэн тэрбээр “Засгийн газрын сайдаар ажиллаж буй УИХ-ын гишүүд чуулганы нэгдсэн хуралдаанд оролцохгүй байна. Зориуд, зохион байгуулалттайгаар ийм нөхцөлд хүргэж байна. УИХ-ын Байнгын хороодын дарга нар хариуцлагатай байх ёстой хэдий ч чуулганы танхимдаа ирэхгүй байна.  Өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар олон чухал асуудлыг хэлэлцэх ёстой атал УИХ-ын гишүүд орж ирэхгүй, 37 гишүүн 1 цаг 20 минут хүлээлээ. Дээр нэр дурдсан гишүүд, Засгийн газрын гишүүд танхимд хүрэлцэн ирэхгүй байгаагийн улмаас УИХ-ын үйл ажиллагаа үргэлжлэх, өнөөдрийн нэгдсэн хуралдаан хуралдах боломжгүй боллоо” гэв.

Үргэлжлүүлэн тэрбээр маргааш 10.00 цагт нэгдсэн хуралдааны ирцээ бүрдүүлж, хууль тогтоох үйл ажиллагааг хэвийн явуулах боломж, нөхцөлийг бүрдүүлэх чиглэлээр УИХ-ын дэд дарга нар, УИХ дахь намын бүлгийн дарга нар ажиллахыг үүрэг болгосон бол Байнгын хороодын дарга нар болон Засгийн газрын гишүүдийг нэгдсэн хуралдаандаа оролцохыг санууллаа гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж