Элчин сайд, иргэн Г.Оюун нарын хэн нь үнэнийг өгүүлэв

Хуучирсан мэдээ: 2018.12.13-нд нийтлэгдсэн

Элчин сайд, иргэн Г.Оюун нарын хэн нь үнэнийг өгүүлэв

Элчин сайд, иргэн Г.Оюун нарын хэн нь үнэнийг өгүүлэв

Монгол Улсын иргэн Г.Оюун охиноо Энэтхэг улсад эмчлүүлж байх хугацаанд нь асуудал гарсны улмаас дэмжлэг хүсч тус улсад суугаа ЭСЯ-ндаа хандахад Элчин сайд Г.Ганболд биед нь халдсан талаар өчигдөр /2018.12.12/ УИХ-ын даргын Ажлын албанд бичлэг ирүүлснийг хэвлэлүүд мэдээлсэн. Энэ талаар Гадаад харилцааны яамнаас тодруулах гэсэн боловч “судалж байна” гэсэн хариу өгсөөр нэлээд орой Элчин сайд Г.Ганболдын тайлбарыг яамныхаа албан ёсны сайтад мэдээллийн сайтын линкээр холбон байршуулсан юм.

Элчин сайдын яриа бодитой баримттай, тодорхой байгууллага, хүмүүсийг дурдсан тул үгүйсгэх аргагүй байв.  Хэн, хэнийх нь яриаг холбогдох байгууллагаас шалгаж гэм буруутайд нь хариуцлага хүлээлгэхгүй бол Монгол Улсын дипломат албаны нэр хүнд, хүний нутагт зовж яваа Монгол иргэний эрх ашгийн асуудал учраас туйлын эмзэг, чухал асуудал хөндөгдөж буй билээ.

Одоогоор Элчин сайд Г.Ганболд энэ талаар нэг л удаа тайлбар өгснийг Гадаад харилцааны яамны вэб сайтад мэдээлснээр, тус яамны холбогдох албаны хүмүүсийн зөвшөөрлөөр эш татаж байна.

Монгол Улсаас Бүгд Найрамдах Энэтхэг Улсад суугаа Элчин сайд Г.Ганболд өгсөн тайлбартаа “Иргэн Б.Батчулуун, Г.Оюун нар арванхоёрдугаар сарын 7-нд тус ЭСЯ-д ирж, “Шинэ Дели хотын “BLK” эмнэлэгт цаашид охиноо эмчлүүлэхгүй, санал болгож байгаа эмчилгээг нь хийлгэхгүй, даруйхан нутаг буцахаар шийдлээ. Энэтхэгт байх визний хугацаа хэтэрсэн, торгуулийн хэмжээ их болоод байгааг хөнгөлүүлж, хилээр гарах зөвшөөрөл олгож тусална уу” гэж хүссэн. Үүнийг ЭСЯ-ны гуравдугаар нарийн бичгийн дарга, консулын ажилтан Л.Батсуурьт даалгаснаар асуудал шийдэгдсэн.

"AIR CHINA" компани охины биеийн байдал тун хүнд байгаа тул замд нэмж муудахаас болгоомжлон тээвэрлэхгүй гэж мэдэгдсэн тул "Korean air" компанид бид хандахаар болсон.  Б.Батчулуун ""BLK" эмнэлэгт төлөх мөнгө байхгүй тул эмнэлгийн төлбөрөөс хөнгөлүүлж өгнө үү" гэж дахин хүссэний дагуу эмнэлэгтэй нь ярьж 3 сая энэтхэг рупи буюу 42.857 ам.долларын төлбөр, визний хугацаа хэтэрсний 300 ам.долларын торгуулийг чөлөөлүүлсэн. Б.Батчулуун арванхоёрдугаар сарын 8-ны Бямба гаригт надтай уртсаар ярьж энэ тухай дурдаж, "эхнэр маань ухаан алдаад уначихлаа, шөл хийж ирэхийг консул Л.Батсуурьт хэлж өгнө үү" гэж байсан тул Консулын асуудал эрхэлсэн Л.Батсуурийг явуулж туслуулсан бөгөөд манай ажилтантай хүндэтгэлтэй харилцахыг захиж зөвлөсөн.

Г.Оюун арванхоёрдугаар сарын 10-ны өглөө ЭСЯ-нд ирж “Элчин сайд яг одоо эмнэлэгт очиж хүүхэдтэй минь уулз” гэж шаардсан бөгөөд товлосон уулзалтад очсоны дараа түүний хамт эмнэлэгт очиж, Солонгос нисэхийн компанитай ч уулзъя гэж хэлснийг зөвшөөрөлгүй хамт явна гэж хэлээд автомашины араар тойрч зам хаасан тул түүнийг консулын ажилтан Л.Батсуурийн хамт дагуулж албаны уулзалтдаа очсон. Уулзалтын дараа эмнэлэг рүү явах гэтэл тэр эмнэлгийнхээ хаягийг хэлж мэдэхгүй байсан тул би консул Л.Батсуурьт эмнэлэгтэй ярих үүрэг өгч, өөрөө Дели дэх БНСУ-ын ЭСЯ, "Кorean air" компанийн менежерт байдлыг тайлбарлаж ярьсан. Консул Л.Батсуурь мөн өдрийн орой тэднийг нисэх буудалд хүргэж охинд шаардлагатай хүчилтөрөгчийн төлбөр 900 ам.долларыг бэлнээр өгсөн бөгөөд онгоцонд суулгасан. Гэтэл нислэгийг хоёр цаг хэртэй саатуулсны дараа тэднийг нисэхийн дүрэм зөрчсөн, удаа дараа анхааруулж сануулгыг үл тоосон хэмээн онгоцноос буулгасан юм байна.

Г.Оюун энэ сарын 11-ний өглөө ЭСЯ-ны байранд дахин ирж “Элчин сайд одоо эмнэлэгт явж оч” гэж шаардсан. Хэлж тайлбарласныг огт ойлгохгүй хөдөлж байгаа автомашины хажуугаас зүүгдсэн тул гарыг нь автомашинаас тавиулахаар буухад тэр хаалганд шүргүүлж гэдрэг нэг алхам ухарч газарт суусан. Миний зүгээс түүний биед нь халдсан зүйл байхгүй. Сэтгэл санаа нь цочирдож, хямарсан тэрбээр ямар ч тайлбар сонсохгүй хашгирч харааж зүхсэн.

Миний бие ЭСЯ-ны ажилтан Л.Энхболд, Батсуурь нарт эмнэлэгтэй холбоо барих, хамгийн ойрын нислэгээр буцаахаар ажиллах үүрэг өгч, өөрөө урьдаас товлосон уулзалтуудад явсан. Зөөврийн хүчилтөрөгчийн үнэ 900 ам.долларыг эргүүлж өгсөн  байсныг уулзалт арга хэмжээнүүдийн дундуур дахин төлөх, "Fortis Escort" эмнэлэгтэй ярьж тэнд хоносны болон эмнэлгийн тусламж үйлчилгээний төлбөр 2400 ам.долларын төлбөрийн баталгааг гарган өгч, тэднийг эмнэлгээс гаргах, онгоцоор зорчихыг зөвшөөрүүлсэн. Тэд нислэгийн цаг тулсан хэмээн нисэх буудал явалгүй дараагийн нислэгийг хүлээхээр шийдсэн.

Б.Бат-Очир, Г.Оюун нарын охин болон Б.Номин-Эрдэнэ тэднийг авахаар ирсэн Цэргийн госпиталийн их эмч Уламбаярын хамт нэмэгдэл зардлыг төлж, дараагийн нислэгт багтаахаар ажиллаж байна.

Бий болсон нөхцөл байдлыг зүй зохистой шийдэх арга замын хамтдаа ярьж зөвлөх гэж чармайхгүй, "хөлөө хүрэх газарт явна, та нарын мууг үзнэ, ЭСЯ  мөнгө гаргаж бүх зардлыг төлөх үүрэгтэй,  одоохон нутаг буцаа, та нарын ярьсныг бичлэг хийж хадгалсан" гэх зэргээр бухимдан орилж байсан болно.

Тэд Энэтхэг эмчийг хөлсөөр авч, охиныг Монголд хүргэхийг шаардаж байна. Энэ тохиолдолд өмнө гаргасан 3300 ам.доллар дээр нэмж 10 мянган орчим ам.доллар шаардагдахаар байгаа юм. Эдгээр иргэдийг эмнэлэгт эргэж, хоол унд зөөх зэргээр ЭСЯ-ны ажилтнууд халуун сэтгэлээр хандсаар байтал нийтийн дунд буруу зөрүү ойлголт төрүүлэхээр бодитой бус мэдээлэл түгээсэнд харамсч байна. Түүнчлэн ЭСЯ-ны хяналтын камерын бичлэг, нутгийн иргэдийн мэдүүлэг гэх мэтээр оргүй зүйл дурдсан байна. Гачигдал зовлон бэрхшээл хэнд ч, хэзээ ч тохиож болно. Харин хүн чанараа гээлгүй дээдэлж явахыг эрхэм нөхөд санууштай байна. Тэдний зүй зохисгүй үг хэл, үйлдлийг энд нуршихыг үл хүслээ.

ЭСЯ-ны ажилтнууд нөхцөл байдлыг дүгнэж хэлэлцээд энэ гэр бүлийг яаралтай буцаах нь зүйтэй гэж үзэв. Ажилтнууд өөр өөрдсийн тайлбарыг бичиж хүргүүлэх биз ээ" гэжээ.

Эх сурвалжийн мэдээлснээр  Г.Оюун, Элчин сайд Г.Ганболд нарын яриа ямар баримт болон бичлэгээр хэрхэн батлагдахаас шалтгаалж хууль, хяналтын байгууллага дүгнэлтээ гарган, үүний мөрөөр гэм буруутай Элчин сайд, эсвэл Элчин сайдыг гүтгэсэн иргэнд хариуцлага тооцох төлөвтэй байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж