Б.Ариунболд: Чуулганыг тасалдуулагчид Үндсэн хууль зөрчиж байна

Хуучирсан мэдээ: 2018.12.13-нд нийтлэгдсэн

Б.Ариунболд: Чуулганыг тасалдуулагчид Үндсэн хууль зөрчиж байна

Хуульч Б.Ариунболд тэргүүтэй хүмүүс  УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд суухгүй байгаа гишүүдийн асуудлаар Үндсэн хуулийн цэцэд хандах талаар өнөөдөр мэдээлэл хийлээ

Хуульч Б.Ариунболд тэргүүтэй хүмүүс  УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд суухгүй байгаа гишүүдийн асуудлаар Үндсэн хуулийн цэцэд хандах талаар өнөөдөр /2018.12.13/ мэдээлэл хийлээ.
Тэрбээр “УИХ-ын даргыг огцрохоос нааш чуулганы хуралдаанд оролцохгүй хэмээн УИХ-ын 40 орчим гишүүд мэдэгдсэн. Үүний улмаас төрийн эрх барих дээд байгууллагын  үйл ажиллагаа зогсонги байдалд ороод байна. УИХ-ын дарга гэх албан тушаалыг чөлөөлөх, огцруулах үндэслэлээр УИХ-ын чуулганы хуралдаанд оролцохгүй байгаа гишүүд төрийн эрх барих дээд байгууллагын  үйл ажиллагааг тасалдуулж байгаа нь Үндсэн хуульд нийцэхгүй хууль зөрчсөн гэж  харж байна.

Магадгүй  М.Энхболдыг УИХ-ын даргын  албан тушаалаас  огцруулах гэж байгаа бол  зөвхөн  Үндсэн хууль, УИХ-ын тухай хууль, Дэгийн  тухай асуудлаар хэлэлцэж  шийдвэрлэх ёстой. Энэ нь өөрөө эрхзүйт  төрийн үндсэн зарчимд нийцнэ.

Хэрэв гишүүдийн саналаар огцруулах тухай хуулийн хэм  хэмжээ байхгүй байгаа бол хуулийн төсөл боловсруулан, өргөн барих, батлах замаар УИХ-ын даргыг чөлөөлж огцруулах асуудлыг шийдвэрлэж болно. Гэтэл эрхзүйт  төрийн зарчмаар бус зөвхөн хүний олноор ч гэдэг юм уу хүч хэрэглэсэн аргаар асуудалд  хандах нь Үндсэн хуулийн тангарагтай нийцэхгүй. Чуулгандаа оролцохгүй байгаа гишүүдийг хуулийнхаа хүрээнд ажлаа явуулахыг сануулж   байна.

УИХ-ын дарга М.Энхболдын төрийн албыг зарж 60 тэрбумыг босгох тухай дуулиан нь одоогоос хоёр жилийн өмнө буюу 2016 оны зургадугаар сард нийтэд ил болсон байдаг. Гэвч эдгээр 40 гишүүд үүнийг  мэдсээр байж М.Энхболдыг 2016 оны долдугаар сарын 5-ны өдөр бүгдээрээ буюу 66 гишүүний саналаар УИХ-ын даргаар сонгосон.

Жилийн дараа 60 тэрбумын асуудал нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр яригдах үед  М.Энхболдыг Ерөнхийлөгчид хүртэл нэр дэвшүүлээд явж байсан хүмүүс шүү дээ.  Гэтэл  60 тэрбумын асуудал гэнэт өнөөдөр гарч ирсэн мэт М.Энхболдын хойноос хууль зөрчиж огцруулах асуудлыг ярьж байгаа нь эргэлзээтэй. Тиймээс  цаашдаа хууль зөрчөөд УИХ-ын чуулганы хуралдааныг  таслаад байгаа гишүүдийн асуудлаар Үндсэн хуулийн цэцэд  тодорхой асуудлаар  хандана гэдгийг илэрхийлмээр байна” гэв.

Тэрбээр дараа нь сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.

Чуулганы хуралдаанд ирэхгүй байгаа гишүүд Үндсэн хуулийн ямар зүйл заалтыг зөрчөөд байгаа вэ?

-Үндсэн хуульд зааснаар хууль дээдлэх нь Монгол Улсын төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим бөгөөд  ардчилсан  шударга ёсыг баримтлах нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим болдог. Эрхзүйт  төрийн хүрээнд Дэгийн  тухай хууль батлагдаад хүчин төгөлдөр үйлчилж байгаа. Тийм учраас  чуулгандаа оролцохгүй байгаа гишүүд хууль дээдлэх зарчмыг зөрчиж байна. Үндсэн хуульд "УИХ-ын даргыг дөрвөн жилийн хугацаатай сонгоно. Хуульд заасан үндэслэлээр чөлөөлж огцруулж болно" гэж тодорхой заасан байгаа. Өнөөдрийн байдлаар УИХ-ын гишүүд өөрсдөө саналаа гаргаад огцруулдаг хуулийн зохицуулалт байхгүй. Тийм учраас Үндсэн хуульд байхгүй зүйлийг “хүчирхийллийн” аргаар  шийдэх гэж  оролдож байгаа нь Үндсэн хуульд нийцэхгүй  байна.

-УИХ-ын гишүүд ямар тохиолдолд УИХ-ын чуулганд оролцохгүй байх эрхтэй вэ?

-Нэгдүгээрт, УИХ-ын чуулганы хуралдаанаар илт Үндсэн хуулийг зөрчсөн асуудлыг хэлэлцэх  гэж байгаа бол энэ асуудлаа илэрхийлээд хуралдаа орохгүй байх эрхтэй. Хоёрдугаарт, Үндсэн хуульд  нэмэлт өөрчлөлт оруулах асуудлаар эсрэг байр суурьтай байгаа бол саналаа илэрхийлээд хуралдаа оролцохгүй байх эрхтэй. Бусад тохиолдолд УИХ-ын чуулганы  хуралдааныг орхиж гарахгүй байх үүрэгтэй. УИХ-ын чуулганыг орхиж  гарахыг хориглоно гэж бүр тодорхой заасан байгаа. Хууль биелүүлнэ гэж тангаргаа өргөсөн хүмүүс өөрсдөө тангаргаасаа няцаж байгаа нь хууль бус. Төрийн дээд төвшиндөө хууль биелүүлэхгүй бол  жирийн иргэдээс хууль биелүүлэхийг яаж шаардах юм.

УИХ-ын чуулганд оролцохгүй байгаа 40 гишүүнийг та бүхэн Үндсэн хууль зөрчсөн  гэж үзэж байгаа юм байна. Тэгвэл бүрэн эрхээ хэрэгжүүлж байгаа УИХ-ын даргыг Үндсэн хууль зөрчсөн гэж харж байна уу, зөрчөөгүй гэж харж байна уу

-Нэр бүхий гишүүд болон Монгол Улсын Ерөнхийлөгчөөс ээлжит бус чуулганыг зарлах асуудлыг энэ оны долдугаар сард тавьсан. Ээлжит бус чуулган хуралдахгүй байсаар ээлжит хуралтай золгосон. Би иргэн хүнийхээ хувиар  энэ асуудлаар Үндсэн хуулийн цэцэд хандсан. Харамсалтай нь,  Үндсэн хуулийн цэцээс  "Үндсэн хуулийн зөрчил биш”  гэх хариу ирсэн. Бид эрхзүйт төрийг байгуулахаар зорьж байгаа бол шүүхийн шийдвэр зөв ч бай  буруу ч бай шийдвэрийг дагахаас аргагүй.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ТэнэглэлТэнэглэл
4
ЗөвЗөв
2
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж