АН-ын бүлэг: Ерөнхий сайд ярьдаг гуравхан ажилтай

Хуучирсан мэдээ: 2018.12.13-нд нийтлэгдсэн

АН-ын бүлэг: Ерөнхий сайд ярьдаг гуравхан ажилтай

АН-ын бүлэг: Ерөнхий сайд ярьдаг гуравхан ажилтай

УИХ дахь АН-ын бүлэг мэдээлэл хийлээ. УИХ-ын гишүүн, АН-ын дарга С.Эрдэнэ “Эрх барьж буй МАН бүлэг дотроо бүлэглэл, фракцуудад хуваагдаж байна. Гэтэл Монгол Улсын гадаад өрийн асуудал хэрээс хэтэрлээ. Өр нэмж тавихгүй, өрийг өрөөр дарахгүй, өрнөөс салгана, мандуулна хөгжүүлнэ гэсэн мөрийн хөтөлбөр үлгэр болж өнгөрлөө. Бүрэн эрхийн хугацаа дуусахад жил гаруйхны хугацаа үлдлээ” гэснээр яриагаа эхлэв. Тэрбээр “Ерөнхий сайд У.Хүрэлсүх ярьдаг гуравхан ажилтай. Нефть боловсруулах үйлдвэр нь хэзээ шатахуунаа гаргах юм бэ, ямар ч ил тод мэдээлэл байхгүй. Хэдэн хувийн гүйцэтгэлтэйг бүү мэд. Үлгэрийн нэг яриатай. Цэвэрлэх байгууламж мөн л тендер будилаантай, ил тод мэдээлэл байхгүй. Саарал ус, цэвэр усны асуудлыг ,шийднэ гэсэн. Мянганы сорилтын сангаас аль 2013 онд гэрээ хийхээр ярьсаар байсан асуудал. Үүнд саяхан очиж гарын үсэг зурсан. Өөр ямар ч бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын ажил явахгүй байна. Нэг километр зам ч байхгүй. Өнгөрсөн оны хөрөнгө оруулалтын төсвийн гүйцэтгэл маш муу байна. Монгол Төр гэж байгаа бол нийгэм, эдийн засгийн нөхцөл байдалд бодит дүгнэлт хийх цаг болжээ. Хий хоосон сүржигнэж баахан мөнгө зарцуулж фэйсбүүк твитерээр өөрийгөө баатар болгож байна. Хий сүржигнэлээр чинь Монгол Улс хөгжих юм уу. Улаанбаатар хотын агаарын бохирдол хэрээс хэтэрлээ. ДЭМБ-аас зөвшөөрсөн хэмжээнээс хэтэрсэн бохирдлыг сануулж SOS гурав хоног дараалан дуугарлаа. Нийслэлд байгаа нэг сая гаруй хүн амын эрүүл мэнд, хүүхдийн өвчлөл хамаагүй юу. Ийм үед хотын даргын халаа сэлгээ ярьж сууна. Яасан цагаа олохгүй халаа сэлгээ хийдэг юм. Яагаад он гараад хийж болдоггүй юм” гэв.

Мөн “Шатахууны үнийг өчнөөн зуун төгрөгөөр нэмчхээд ганцхан зуун төгрөгөөр, гэхдээ зөвхөн АИ-92-ын үнийг буулгаснаараа хэнийг хуурах гээд байгаа юм бэ”, “Ам.долларын ханшийг тогтворжуулах талаар баахан том том теорем, хэн ч ойлгохооргүй хэлээр тайлбар хийчхээд суугаад байна. Яагаад ханшийг барьж чаддаггүй юмаа гэхэд хэнд ч ойлгохоор хэлээр бодит байдлыг тайлбарлаад өгч болдоггүй юм бэ. Дундаж цалинтай иргэд 100 орчим ам.доллараар хохирол амсчхаад байна шүү дээ” гэсэн юм.

АН-ын дарга С. Эрдэнэ “Ардчилсан намын есдүгээрр их хурлын төлөөлөгчдөөс УИХ-ын дарга М.Энхболд, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нарт тавьсан шаардлагыг дурдаж бид МАН-ын дотоод хэрүүл төрийн ажлыг цалгардуулж буй удаан тэвчиж нийгмийг бухимдуулахгүй, улс төрийн тогтвортой байдлыг хадгалж ажиллахыг хичээлээ. Цаашид тэсэх аргагүй болж байна. Засгийн газар маш хариуцлагагүй байна. Хууль мөрдөхөө больсон. Одоогоос гурван сарын өмнө  2018 оны есдүгээр сарын 14-нд гадаад өрийн асуудлыг тавьсан. Өнөөдрийг хүртэл хэлэлцүүлэг хийсэнгүй.

МАН эрх барьсан 2.6 жилийн дотор гадаад өрийг дөрвөн тэрбум ам.доллараар нэмэгдүүллээ. Ямар хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт хийв гэдэг нь мэдэгдэхгүй байгаа. Энэ хугацаанд шилэн дансны тухай хуулийг мөрдөж хэрэгжүүлсэнгүй. Гурван жилийн дотор төсвийн алдагдал долоон их наяд төгрөг. Өрийг гайхамшигтайгаар үйлдвэрлэж байна” гэсэн юм.

УИХ-ын гишүүн З.Нарантуяа: МАН-ын эрх барих үед төсвийн орлогын таатай орчин амьдарч байгаа хэдий ч Ирээдүйн өв сангийн хуримтлал үүсгэх, гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэх тал дээр анхаарч ажиллах шаардлагатай. Монгол Улс ирэх онд  1.4 тэрбум, 2024 он хүртэл нийт 12.5 тэрбум ам.долларын өр төлөх ёстой.

Монголбанк гадаад валютын нөөцөө нэмэх тал дээр дорвитой ажиллаж чадахгүй байна. Нөхцөл байдал хүнд боллоо. Экспортын орлогоо нэмэх Засгийн газрын бодлого хэрэгжихгүй байна. Улс төрийн нөхцөл байдал тогтворгүй, гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэх дорвитой алхам хийхгүй байгаагаас ОУВС-ийн итгэл алдарч байх шиг байна. Төрийн удирдлагаа алдах нь байна шүү гэдгийг хатуу анхааруулъя гэв.

Харин УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж “Нэг улсаас гадаад өрийн хэмжээ нэмэгдэх нь том аюул. Нэг улсад хэт их өртэйгээс болж Тажикстан Хятадад газраа өгч, хятадууд цэрэг оруулахад хүрсэн. Манай улсын хувьд БНХАУ-аас авсан зээлийн хэмжээ  ДНБ-ий 33 хувьд хүрсэн. Нэг улсаас зээл авах асуудлаар нөлөөллийн судалгааг огт хийхгүй байна. Ард түмэнд мэдээлэхээс айж байна. Урд хөршөөс зээл авах асуудлыг дахиад ярихгүй шүү гэж анхааруулсан юм.

Мөн АН-ын дарга С.Эрдэнэ “Засгийн газар сандал ширээ эрх мэдлээ булаалдаж яриад байгаа болохоос иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, агаарын бохирдлыг бууруулах талаар ажиллахгүй байна. Засгийн газар УИХ-д ажлаа тайлагнахаа больсон. Гүйцэтгэх засаглал ажлаа хийхгүй байна. Яндангийн шүүлтүүр яриад хийж эхлэх гээд хийсэн ганц ажил нь эрчим хүч дийлэхгүй юм байна гээд зогсоосон. Судалгаагүй байсан. Ийм л байна хэмээн шүүмжиллээ. Үүний дараа сэтгүүлчид сонирхсон асуултаа тавилаа. Юуны өмнө “Тус намын гишүүн Д.Дорлигжав авлига авсныг авлига өгсөн хүн нь илчиллээ. С.Баярцогттой хариуцлага тооцсон шигээ хариуцлага тооцох уу” хэмээн асуув. С.Эрдэнэ “Хэн ч тийм цаас үзүүлж чадна. Хэрэв үнэн бол хуулийн байгууллага шалгаж тогтооно. Д.Дорлигжавт улс төрийн хариуцлага тооцлоо гэхэд намаас тодорхой алба хашаагүй байна. Намаас хөөхийн тухайд хууль хяналтын байгууллага гэм буруутайг нь шалгаж тогтоосны дараа зохих шат дарааллаар хэлэлцэж шийдэх асуудал” гэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж