Халх голын ялалтын аян эхэлжээ

Хуучирсан мэдээ: 2018.12.13-нд нийтлэгдсэн

Халх голын ялалтын аян эхэлжээ

Халх голын ялалтын аян эхэлжээ

Ирж буй 2019 онд Монгол, Орос улс хамтран нэгэн чухал түүхт ойг тэмдэглэнэ. Тэртээ 1939 оны наймдугаар сард Зөвлөлт-Монголын цэргийн нэгдсэн бүлэглэл Халх голын дэргэд цус асгаруулсан ширүүн тулалдааны явцад Японы Квантуны армийн  байнгын ангиудыг бут цохисон билээ.  Дэлхийн хоёрдугаар дайны түүхэнд албан ёсоор ордоггүй энэ тулалдаан уг дайны төгсгөлийг урьдчилан тодорхойлсон юм. Япон ялагдал хүлээснээр Европт Гитлерийн дэгдээсэн дайнд  орж зүрхлээгүй билээ. Ингэснээр Зөвлөлт Холбоот Улс хоёр фронтод тулалдах шаардлагагүй болж, фашистын Германы цэргийг бут цохиход хүч нөөцөө төвлөрүүлж чадсан.

Халх голын байлдааны ажиллагаа амжилттай болсон нь Монгол орны хувьд чухал түүхэн ач холбогдолтой байв. Халх голын дайнд Монголын зэвсэгт хүчний байлдах ур чадвар дээшлэн бэхжиж, Зөвлөлт-Монголын дайчин барилдлага эхэлсэн түүхтэй. Сүүлд нь чухамхүү эдгээр хүчин зүйл 1945 онд Хятадыг чөлөөлөхөд нөлөөлж, улмаар олон улсын тавцанд Монголын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөх нөхцөл бүрдүүлэх боломж олгосон билээ.

Халх голын ялалтыг хамтран тэмдэглэх тухай шийдвэрийг төрийн дээд түвшинд гаргаад байна. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Оросын Ерөнхийлөгч В.Путин нар 2018 оны есдүгээр сард Владивостокийн Дорнын Эдийн засгийн чуулга уулзалтын үеэр уулзахдаа Халх голын ялалтын  80 жилийн ойг тэмдэглэхээр тохиролцсон. Энэ хүрээнд  хэд хэдэн эрдэм шинжилгээ-түүхийн бага хурал зохиох, өргөн олныг хамарсан арга хэмжээ зохион байгуулах, үзэсгэлэн гаргах, уран сайхны болон баримтат кино бүтээхээр тохиролцсон юм.

ОЙ ТЭМДЭГЛЭХ АРГА ХЭМЖЭЭ ОРОСТ ХЭДИЙН ЭХЭЛЖЭЭ 

ОХУ-ын Засгийн газар Халх голын дайны ялалтын 80 жилийн ойг тэмдэглэхэд бэлтгэх тусгай төвийг Эрхүүгийн  улсын Их сургуулийн дэргэд байгуулаад байна.

ХӨРШ БУРИАД ОЙД ИДЭВХТЭЙ БЭЛТГЭЖ БАЙНА

ОХУ-ын  Бүгд Найрамдах Буриад  Улсын эрлийн “Рысь” отряд Халх голд Улаан армийн сураггүй болсон цэрэг, офицеруудыг эрж хайх олон улсын 13 дахь экспедицийг энэ оны есдүгээр сард ажиллуулсан юм. Уг ажлыг Ремизовын толгод зэрэг газарт явуулж, 10 цэргийн шарилыг олжээ. Эдний нэг нь Зөвлөлтийн, ес нь Японы цэргийн шарил байжээ. “Юнармия” эх оронч хөдөлгөөний гишүүн “Рысь” отрядын дайчдын хэлснээр, тулаан болж байсан газруудад эрлийг үргэлжлүүлэн хийж байгаа бөгөөд  дайчдын шарил, эвдэрсэн техник олдсоор байгаа ажээ. Экспедицийнхэн ажиллах хугацаандаа Дорнод аймгийн Чойбалсан хот, Сүмбэр суманд Монголын залуучуудтай уулзалт зохион байгуулжээ. Тэд Чойбалсан хотод болсон парад, Жуковын хөшөө нээх ёслолд оролцож, Сүмбэр суманд Орос-Монголын найрамдлын хөшөөнд цэцэг өргөж, 2016-2017 онд олдсон Зөвлөлтийн дайчдын шарилыг ёслол төгөлдөр нутаглуулсан  юм.

Мөн 1939 онд байгуулагдсан Монголын Улаан загалмай нийгэмлэг эрлийн ажлыг зохион байгуулахад “Рысь” отряд их туслалцаа үзүүлжээ. Монголын Улаан загалмай нийгэмлэгийн сувилагч бүсгүйчүүд Халх голын тулалдаанд анхны сорилтыг давж, Монгол, Зөвлөлтийн шархадсан дайчдын амь насыг аварч байсан билээ.

Эрлийн ажлын явцад Халх голын баатарлаг үйл явдлын мөн чанар, ач холбогдлыг адилхан  ухамсарлан ойлгож, дурсаж байдаг нь  өнөөгийн Монголын Улаан загалмай нийгэмлэгийн сайн дурынхан болон Буриадын “Юнармия” хөдөлгөөний гишүүдийн харилцан ойлголцох, бие биеэ илүү сайн таньж, нөхөрлөх боломж олгосон юм.

Монголын Улаан загалмай нийгэмлэг болон Буриадын “Юнармия” хөдөлгөөний хооронд цаашид илүү нягт хамтран ажиллах зорилгоор зохих хэлэлцээр байгуулжээ. Отрядын тэргүүн дэд хурандаа В.В.Ефремовын тайлбарласнаар,  түүхт ойд зориулсан “Ялалтын аян” нь гарын үсэг зурсан хэлэлцээрийн хүрээнд 2019 оны гол арга хэмжээ болох ажээ. Монголын Улаан загалмай нийгэмлэгийн ерөнхий нарийн бичгийн дарга Н.Болормаагийн санал болгосноор хамтарсан уулзалтуудыг багтаасан энэ эх оронч ажиллагаа Сүхбаатар, Дархан, Улаанбаатар, Чойбалсан хотуудад зохиогдож, Халх голд хаалтаа хийх юм. Аяны бүх арга хэмжээг зохион байгуулалтын хувьд баримтжуулах протоколд ойрын үед гарын үсэг зурна.

Халх голын ялалтын 80 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх нь түүхэн чухал үйл явдал болох төдийгүй Монгол, Оросын өсвөр үеийнхний эх оронч хүмүүжилд шинэ түлхэц өгөх болно.

Сэтгүүлч Б.ИНДРА
Улаан-Үд – Улаанбаатар

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж