Канадад баривчлагдсан "Huawei" компанийн Мэн Ваньжоу гэж хэн бэ? | News.MN

Канадад баривчлагдсан "Huawei" компанийн Мэн Ваньжоу гэж хэн бэ?

ХҮМҮҮС

Канадад баривчлагдсан "Huawei" компанийн Мэн Ваньжоу гэж хэн бэ?

Канадад баривчлагдсан "Huawei" компанийн Мэн Ваньжоу гэж хэн бэ?

"Huawei" компанийн Санхүү хариуцсан захирал Мэн Ваньжоуг Канадад Ираны террористуудыг санхүүжүүлдэг Хонгконгийн “Skycom Tech” хэмээх компанитай холбоотой хэмээн АНУ үзэж байгаа бөгөөд Ираны эсрэг хэрэгжүүлж буй АНУ-ын хоригийг зөрчсөн гэх үндэслэлээр түүнийг баривчилсан. Энэ удаагийн "Хүмүүс" буландаа түүнийг онцолж байна.

БЛИЦ 

Нэр: Мэн Ваньжоу /Сабрина Мэн, Кати Мэн/

Төрсөн газар: Хятад улс

Төрсөн огноо: 1972.02.13

Яс үндэс: Хятад

Боловсрол: Шинжлэх ухаан технологийн Хуажонг Их сургууль, Нягтлан бодох бүртгэлийн магистрын зэрэг

Эрхэлдэг ажил: Huawei компанийн Санхүү хариуцсан захирал

Жин: 62 кг

Өндөр: 170 см

Шашин шүтлэг: Христ

Гэр бүлийн байдал: Хоёр удаа гэрлэсэн. Дөрвөн хүүхэдтэй

Хятадын харилцаа холбооны хамгийн том компани болох “Huawei” компанийн санхүү хариуцсан захирал Мэн Ваньжоу нь 1972 оны хоёрдугаар сарын 13-нд Хятадын Сичуань  мужийн Чэнду хотод төржээ. Тэрбээр 1992 онд коллежоо төгсөөд Хятадын сэргээн босголтын банкнаас ажлын гараагаа эхэлсэн байна. Нэг жилийн дараа аавынхаа байгуулсан “Huawei” компанид нарийн бичгийн даргаар ажиллах болжээ. Ингээд 1997 онд Хятадын шинжлэх ухаан технологийн Хуажонг Их сургуульд нягтлан бодох бүртгэлийн чиглэлээр суралцаж магистрын зэрэг авчээ. 1998 онд эргээд компанидаа ажиллах болж санхүүгийн албаны даргаар томилогдсон байна. Хэдийгээр түүний эцэг Рэн Жэнфэй өөрийнхөө компанийн удирдах ажилд гэр бүлийн гишүүдээ томилохгүй гэж ярьдаг байсан ч 2018 оны гуравдугаар сард Мэн Ваньжоу компанийн удирдах зөвлөлийн дөрвөн гишүүний нэг болгосон байна. Тэрбээр санхүү хариуцсан захирлаас гадна тус компанийн орлогч захирлын үүргийг давхар гүйцэтгэдэг байна.

2017 онд “Forbes” сэтгүүлээс түүнийг Хятадын шилдэг бизнес эмэгтэйчүүдийн нэгээр тодорхойлж байжээ. 2018 оны байдлаар тэрбээр 100 сая ам.долларын хөрөнгөтэй хэмээн мэдүүлжээ.

БНХАУ-ын Ардын чөлөөлөх армийн офицер байсан түүний эцэг Рэн Жэнфэй нь 1987 онд “Huawei” компанийг үүсгэн байгуулж байсан. Анх ердөө 5000 ам.долларын хөрөнгөтэйгөөр эхэлж байсан “Huawei” компани өдгөө 180 мянган ажилчидтай, салбартаа тэргүүлэгч төдийгүй дэлхийн томоохон компаниудын нэг болтлоо өргөжин тэлжээ. "Huawei" компани одоогоор 5G сүлжээний төсөл дээр ажиллаж байгаа юм.

 

 

ХУВИЙН АМЬДРАЛ

Эцэг Рэн Жэнфэй нь тухайн үеийн Сичуань мужийн захирагчийн орлогчийн охин Мэн Жунтай гэр бүл болж, хоёр хүүхэдтэй болсны нэг нь Мэн Ваньжоу бөгөөд дээрээ нэг ахтай. Түүний ах Рэн Пинг нь мөн эцгийнхээ компанид ажилладаг. Хожим Рэн Жэнфэй эхнэрээсээ салж, Яао Линг гэх эмэгтэйтэй гэр бүл болж, Мэн Ваньжоу 25 жилийн дараа эх ондоотой охин дүүтэй болсон байна. Охин дүүг нь Аннабел Яао гэдэг, одоогоор Парист загварын чиглэлээр суралцдаг.

 

Гурван хүүгийн ээж Мэн Ваньжоу анхны нөхрөөсөө гэрлэлтээ цуцлуулж “Huawei” компанийн ажилтан Хятад-Канадын эрлийз Карлос Шиазонг Лю хэмээх залуутай гэр бүл болж нэг охинтой болсон. Түүний нөхөр Карлос тус компанид 10 жил ажилласан байна. 2009 он хүртэл Канадын иргэн байж байгаад 2011 оноос Хонгконгийн иргэншилтэй болсон байна.

 

 

 

МЭН ВАНЬЖОУГ КАНАДАД БАРИВЧЛАВ

Түүнийг 2018 оны арванхоёрдугаар сарын 1-ний өдөр Канадын Ванкувер хотын нисэх буудал дээрээс АНУ-ын хүсэлтээр Канадын тал баривчилсан билээ. Мэн Ваньжоуг Ираны террористуудыг санхүүжүүлдэг Хонгконгийн “Skycom Tech” хэмээх компанитай холбоотой хэмээн АНУ үзэж байгаа бөгөөд Ираны эсрэг хэрэгжүүлж буй АНУ-ын хоригийг зөрчсөн гэх үндэслэлээр түүнийг баривчлах болсон байна. Мөн энэ нь АНУ болон Хятадын харилцаанд сөргөөр нөлөөлж байна гэж АНУ тал үзэж байгаа юм.

Тэрбээр баривчлагдах үедээ Хонгконгийн гурван паспорттай байсан гэж Хятадын “South China Morning Post” сонин мэдээлжээ. “Мэн Ваньжоу сүүлийн 11 жилийн хугацаанд нийт долоон паспорт ашиглаж байсны гурав нь Хонконг, дөрөв нь  Хятад паспорт байжээ. Хонконгийн паспортоор 2014 оны зургадугаар сараас 2017 оны гуравдугаар сарын хугацаанд АНУ болон Канад улс руу нийт 33 удаа зорчсон байна” хэмээн АНУ-ын Хууль зүйн яамнаас Канад улс руу хүргүүлсэн албан бичигт дурдсан байна. Хуулийн дагуу Хонконгийн гурав дахь паспортоо авахаасаа өмнө эхний хоёр паспортоо хүчингүй болгох ёстой байсан хэдий ч хүчинтэй хэвээр нь үлдээсэн байна гэжээ.

Мэн Ваньжоуг Канад баривчилсантай холбоотойгоор тус улсын Оттава хот дахь БНХАУ-ын Элчин сайдын яам эсэргүүцэж байгаа тухайгаа цахим хуудастаа мэдээлсэн байна.

“АНУ эсвэл Канадын ямар нэг хуулийг зөрчөөгүй байхад Хятадын иргэнийг Канадын эрх баригчид Америкийн хүсэлтээр баривчиллаа. Хүний эрхийг ноцтой зөрчиж байгаа ийм үйлдлийг Хятадын тал эрс эсэргүүцэж байна. Хууль зөрчсөн үйлдлээ нэн даруй засч, хатагтай Мэн Ваньжоугийн эрх чөлөөг сэргээхийг Бээжин уриалж байна. Үйл явдал цаашид хэрхэн өрнөхийг Хятад улс анхааралтай ажиглаж, иргэдийнхээ хууль ёсны эрх, ашиг сонирхлыг шийдэмгий хамгаалахын тулд бүхий л арга хэмжээг авна” гэж мэдээлэлд дурдсан байв.

Харин өчигдөр буюу арванхоёрдугаар сарын 12-ны өдөр Канадын шүүх Мэн Ваньжоуг батлан даалтаар суллахаар болжээ. Ингэхдээ барьцаа мөнгө байршуулах бөгөөд мөнгөний хэмжээ ойролцоогоор 7,5 сая ам.доллар байх гэнэ. Мөн тэрбээр цагдаа, шүүхээс дуудахад нэн даруй очих, БНХАУ, Хонконгийн иргэний паспортуудаа хураалгаж, Ванкуверын нисэх онгоцны буудал руу явахгүй байх үүрэг хүлээжээ.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

a 2018-12-13 106.213.164.41

ЭНЭ ХУЖАА АВГАЙН ТАНИЛЦУУЛГА ХЭНД ХЭРЭГТЭЙ ЮМ БЭ NEWS.mn-ЭЭ???????

Avatar

Зочин 2018-12-13 202.21.106.145

Чам шиг боловсролгүй оркод хэрэггүй л дээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж