Монгол Улсын Засгийн газраас Айтүүлс компанийг “Үйлчилгээний салбарын шилдэг инноваци” шагналаар өнгөрсөн арваннэгдүгээр сарын 26-нд шагнасан. Үйлчилгээний салбарт инноваци нэвтрүүлэн, мэдээллийн технологийн аюулгүй байдлыг хамгаалах үйлсэд хувь нэмрээ оруулж буй тус компанийн гүйцэтгэх захирал Б.Тамиртай ярилцлаа
–Айтүүлс компани “Үйлчилгээний салбарын шилдэг инноваци” төрийн шагнал хүртлээ. Энэ талаар ярилцлагаа эхэлье?
–Улс тунхагласны баярын өдөр буюу арваннэгдүгээр сарын 26-нд Айтүүлс компани “Үйлчилгээний салбарын шилдэг инноваци”-ийн анхны шагналыг хүртлээ. Бид мэдээллийн технологийн салбарт зургаан жил үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж, үндэснийхээ дата төвд оюуны өмчөөр баталгаажсан бүтээлүүдийг найдвартай, аюулгүй байдал, тасралтгүй хэвийн ажиллагаагаар ханган ажиллуулж баялаг бүтээх чухал суурийг тавьсан нь ийнхүү өндрөөр үнэлэгдлээ гэж үзэж байна. Энэ шагнал бол инноваци шингэсэн оюуны бүтээл туурвиж байдаг монголын программ хангамж хөгжүүлэгчид, Айтүүлсийн харилцагчдад олгосон шагнал гэж ойлгож байна.
-Үйлчилгээний салбар өргөжиж, эдийн засагт эзлэх хувь хэмжээ нь томорч байна. Энэ салбарт инноваци нэвтрүүлнэ гэдэг бол маш том амжилт гэж харж байна?
–Монгол Улсын нутаг дэвсгэрт программ хангамжийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй байгууллага, хувь хүмүүсийг нэгтгэж, салбарын хөгжлийг олон улсын түвшинд хүргэх, тус салбарыг эдийн засгийн тэргүүлэх салбар болгон хөгжүүлж, мэдлэгт тулгуурласан нийгмийг бүтээхэд манай компани үнэтэй хувь нэмэр оруулсан гэж үзэж байна.
Өнөөдөр үйлчилгээнд суурилсан бизнес маш хурдацтай хөгжиж байна. Үйлчилгээг мэдээллийн технологи буюу өгөгдөл гэдэг зүйлтэй холбосонд л манай үйл ажиллагааны онцлог оршиж байна. Өмнө нь программ хөгжүүлэгчид эсвэл вэб хөгжүүлэгчид гаднын ямарваа нэгэн дата центр дээр өөрсдийн инноваци шингэсэн оюуны бүтээлээ байршуулдаг, энэ хэрээр гадагшаа мөнгө урсаж байдаг байсан бол үүнийг дотооддоо шингээж, дотооддоо олон улсын жишигт нийцсэн үйлчилгээ үзүүлдэг болсноороо бидний үйл ажиллагаа онцлогтой.
Мөн энэ салбарт өнгөрсөн хугацаанд Монгол Улс албан и-мэйлийн хэрэгцээгээ 100 хувь гаднаас импортолдог байсан. Бид дотооддоо албан и-мэйлийн систем, программыг хөгжүүлэн BIZMAIL үйлчилгээг нэвтрүүлснээрээ импортыг орлох бүтээгдэхүүн бий болгож чадсан. Ингэснээр бид өнөөдөр томоохон групп, корпораци, хувьцаат компанийн албан майлын үйлчилгээг хариуцаад явж байна. Өөрөөр хэлбэл албан и-мэйлийн гаднын үйлчилгээний хэрэглээг, монголын бизнесийн зах зээл дээр багасгахад үнэтэй хувь нэмэр оруулсан.
Өнөөдөр Монгол Улсад байршиж буй нийт вэб сайтын 60,5 хувь нь Айтүүлс ХК-ийн дата төвд байршин ажиллаж байна. Үүнээс гадна, “Айтүүлс” ХК нь үндсэн 24 ажлын байрыг бий болгоод зогсохгүй манай дата төвд үйлчилгээ эзэмшигч нэг байгууллагын хувьд 2-3 ажлын байр бий болгодог гэж үзвэл мэдээллийн технологийн зах зээл болон салбартаа дунджаар 800-1000 гаруй ажлын байрыг шинээр бий болгосон байна. Бид эрчим хүч бага зарцуулдаг сервер болон тоног төхөөрөмжүүдийг ашиглаж, виртуалчлалын технологийг ашиглан серверүүд тоног төхөөрөмжүүдийн ашигтай ажиллагааны хувийг нэмэгдүүлснээр байгаль орчинд ээлтэй үйл ажиллагаа явуулдаг. Өнгөрсөн зургаан жилд хийж бүтээсэн дээрх үйл ажиллагааг маань үнэлэн Монголын төрөөс биднийг шагнасан гэж бодож байна.
2012 оноос хойш борлуулалтын орлого нь тогтмол 45-50 хувиар өсч байгаа бөгөөд 2018 оны эхний хагас жилийн байдлаар үндсэн үйлчилгээний цэвэр ашгийн маржин 15 хувь эзэлж байгаа нь биднийг өсөх ирээдүйтэйг харуулж байна. Бидний тооцоо судалгаагаар 2012 оноос хойш дата төвийн зах зээлд 2,4 сая ам.доллар буюу 5,9 тэрбум төгрөгийн импортыг орлож чадахуйц бүтээгдэхүүн, үйлчилгээг зах зээлд бий болгон, нийлүүлсэн үзүүлэлттэй байна. Импортыг орлож, экспортыг нэмэгдүүлж буй нь эх орондоо төдийгүй үндэстний мэдээллийн аюулгүй байдлыг хамгаалахад оруулж буй үнэтэй хувь нэмэр, тулгуур гэж дүгнэж байна.
–Монгол Улсын Засгийн газраас дижитал шилжилт гэх зүйлийг эрчимтэй ярьж, албан байгууллага, хувь хүмүүс өөрсдийнхөө хэмжээнд үйл ажиллагаагаа дижитал, цахим ертөнц рүү шилжүүлж байна. Гэхдээ энэ асуудлыг ярих үед яах аргагүй мэдээллийн аюулгүй байдал хэр баталгаатай вэ гэх асуудал гарч ирнэ. Үнэхээр мэдээллийн аюулгүй байдлаа бид хангаж чадах хэмжээнд хүрсэн үү?
-Би нэг жишээ дурдъя. Монголд үйл ажиллагаа явуулдаг программ хангамжийн компани олон улсын ямарваа нэг компанийн дата төв дээр мэдээллээ хадгалаад, вэб сайтаа байршуулаад, аппликейшн ажиллуулаад явж байгаа нь өөрөө мэдээлэл маш их эрсдэлтэй байдалд байна гэсэн үг. Айтүүлс компани нь Монголдоо үндсэн үйл ажиллагаагаа дата төвд суурилан явуулдаг өөрийн эзэмшлийн дата төвтэй, олон нийтэд нээлттэй цор ганц компани юм. Манай дата төвд мэдээллээ хадгалах нь эргээд инноваци шингэсэн оюуны бүтээлээ буух эзэнтэй буцах хаягтай газар байршуулан үнэ цэнийг нь нэмэгдүүлэх боломжийг олгодог. Миний вэб сайт бол Айтүүлс дээр байгаа, Айтүүлсийн дата центр бол Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг гэх мэт. Мэдээллээ гаднын дата төвүүд дээр байршуулна гэдэг нь сонголтын асуудал ч үндэсний аюулгүй байдлын асуудал яах аргагүй мөн.
Мэдээллийн аюулгүй байдал гэж мэдээлэл болон мэдээллийн санд зөвшөөрөлгүй хандах, мэдээллийг ашиглах, ил болгох, өөрчлөх, хуулах устгах, мэдээллийн санг ашиглах үйл ажиллагааг тасалдуулах, хянахаас хамгаалахыг хэлдэг ба энэ салбарын хувьд мэдээллийн аюулгүй байдлаа хангаж чадахгүйд хүрвэл улс орны эдийн засаг болоод үндэсний аюулгүй байдалд хүртэл сөргөөр нөлөөлөх боломжтой. Аливаа улс орон оршин тогтнох үндэс суурь нь мэдээлэл, өгөгдөлтэй салшгүй холбоотой болсон өнөө үед цахим халдлагаас Монгол инженерүүдийн оюуны бүтээлийг бид Монголдоо найдвартай хадгалан, хамгаалсаар ирсэн. Статистик мэдээллийг авч үзвэл 2016 оны хагас жилийн байдлаар 3.1 сая бүртгэлтэй үүрэн холбооны идэвхтэй хэрэглэгч, үүнээс 2.1 сая ухаалаг утас хэрэглэгч, 2.5 сая гаруй интернэт хэрэглэгч, 752 орчим мянган КаТВ хэрэглэгч, 36.3 мянган км шилэн кабелтай болж 2016 оны эцсийн байдлаар салбарын нийт орлого 933 тэрбум, нийт хөрөнгө оруулалт 204 гаруй тэрбум төгрөгт хүрсэн нь 5 жилийн өмнөхтэй харьцуулахад 2-3 дахин нэмэгдсэн үзүүлэлт болж байна. Үүнтэй зэрэгцэн мэдээллийн аюулгүй байдлаа сайжруулах хэрэгцээ, шаардлага нэмэгдэж байгааг харж болно.
Мэдээлэл технологийн салбар нь өнөөгийн дэлхий дахины хөгжлийн чиг хандлагыг тодорхойлогч, улс орнуудын нийгэм эдийн засгийн хөгжлийн хурдасгуур хэрэгсэл болохын зэрэгцээ бусад салбартай харьцуулахад зорилгодоо хамгийн бага зардлаар хүрэх, хөрөнгө оруулалтаа хамгийн богино хугацаанд нөхөх, дотоод нөөц бололцоогоо хамгийн үр ашигтайгаар ашиглах боломжийг олгодог онцлог салбар юм. Тийм ч учраас мэдээлэл технологийн салбарын хөгжил, гүйцэтгэх үүрэг, ач холбогдлын талаар дэлхий нийтээр хүлээн зөвшөөрч дэлхийн ихэнх улс орнууд тодорхой үзэл баримтлал, хөтөлбөр, бодлогын баримт бичиг боловсруулан хэрэгжүүлж байна. Мэдээллийн технологи нь өөрөө цахим тооцоолуур болон програм хангамжийг хэрэглэн мэдээллийг хувиргах, хадгалах, хамгаалах, боловсруулах, дамжуулах болон найдвартайгаар хүлээн авах тухайг судалдаг салбар юм.
–Нэг хэсэг биткойн, блокчейн технологи гээд монголчуудын ярианы сэдэв байсан. Айтүүлс энэ технологийг сонирхож үзсэн үү?
–Биткойн гэдэг бол блокчейн гэсэн технологийн өчүүхэн нэг хэсэг. Айтүүлс компанийн хувьд блокчейн технологийг маш их дэмжиж, энэ технологи дээр суурилсан хөгжүүлэлтийн компаниудыг дэмжин ажиллаж байна. Бид программ хангамж болон старт-ап компаниудад зориулсан блокчейн технологи ажилллах боломжийг, бүрэн хангасан тусгай, өндөр үзүүлэлт бүхий серверүүдийг нийлүүлэх, түрээслэх, туршилтаар хэрэглүүлэх зэрэг үйлчилгээг үзүүлж байна. Блокчейн технологи нь боловсрол, эрүүл мэнд, бизнес гээд маш олон салбарт хэрэглэгдэх боломжтой. Яагаад гэвэл дундын зуучлал гэсэн ойлголтыг үгүй болгож, дахин давтагдах хуулбарлагдах боломжгүй, цаг хугацааг асар их хэмнэх боломжтой зэрэг давуу талуудаараа бидний төдийгүй дэлхий нийтийн сонирхлыг яах аргагүй татаж байна. Блокчейн технологийн платформд оруулсан аливаа мэдээллийг өөрчлөх, хакердах боломжгүй гэж ойлгож болно. Манай компанийн толгой компани болох ICT групп олон төслүүд хэрэгжүүлж, цаашид ч маш олон төслүүд хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Тухайлбал, “Жамуха” гээд үндэсний блокчейн платформын нээлтийг хийсэн. Ирэх 2019 оны арваннэгдүгээр сард бүрэн ашиглалтад орно. Энэхүү платформын суурь дата центр нь Айтүүлс байх юм. Ийм учраас бид зөвхөн биткойн гэж харалгүйгээр асар олон блокуудыг байршуулах серверүүд бүхий, олон улсын жишигт нийцсэн Блокчейн дата төвийг бэлдэж, үйл ажиллагааг нь эхлүүлээд байгаа нь манай багийнхны энэ онд хийсэн томоохон төслүүдийн нэг байлаа.
-Мэдээллийн технологийн салбар улам өргөжин тэлж байна. Энэ салбарыг цаашид улам өргөжүүлэх, олон улсын жишигт нийцүүлэх тал дээр Айтүүлс компани юу хийхээр төлөвлөж байна вэ?
–Бид дата төвд тулгуурласан үйл ажиллагаагаа цаашид өргөжүүлнэ, хөгжүүлнэ. Тухайлбал, энэ арванхоёрдугаар сарын сүүлээр дотоодын, үндэсний КЛАУД шийдлийг харилцагчдадаа санал болгоход бэлэн болж байна. Энэ нь үйлчилгээ үзүүлж буй байгууллагаас гадна энэ үйлчилгээг авч байгаа байгууллага, хувь хүмүүст маш их ач холбогдолтой. Үндэсний клауд технологийг нэвтрүүлсэн анхны компани болж байна. Энэ нь бас инновацийг цааш үргэлжлүүлж байгаагийн нэг хэлбэр. Өөрөөр хэлбэл, харилцагч өөрөө манай хэрэглэгчийн системд хандан хүссэн хэрэгцээ шаардлагадаа үндэслээд багтаамжаа тохируулан бүх зүйлээ сонгох боломжийг бий болгоно. Хэрэглэснээрээ төлбөр тооцоогоо төлөөд явах гээд олон олон давуу талтай юм.
Мөн Улаанбаатар хотын дата төвөө Санхүүгийн дата төв гэдэг нэршилтэй болгосон. Эхнээсээ зарим банк санхүү, даатгал, брокер диллерийн компаниудад тусгай, нэмэлт үйлчилгээнүүд үзүүлж хамтын ажиллагаагаа эхлүүлчихлээ. Санхүүгийн дата төв, Блокчейн дата төв, Модуляр дата төв гэсэн гурван дата төвийнхөө үйл ажиллагаа, автоматжуулалт, дэд бүтэц, хүний нөөц зэргийг тасралтгүй сайжруулан орчин үеийн дата төвийн шилдэг шийдлүүдийг нэвтрүүлэн гадаад болон дотоодын зах зээлээ улам тэлж ажиллана.
Ярилцсанд баярлалаа.
Баярлалаа. Дашрамд дурдахад, инноваци шингэсэн оюуны бүтээл туурьваж буй монголын программ хангамжийг хөгжүүлэгчид болон Айтүүлс компанийн нийт харилцагчдадаа ирж буй шинэ оны мэнд хүргэе.
Холбоотой мэдээ