News агентлагийн редактор Ж.Нямсүрэн Японоос мэдээлж байна.
Түүнийг Фүжимото Микико гэдэг. Тэрбээр өдгөө 83 настай. Микико гуай Монгол Японы “Солонго” нийгэмлэгийн тэргүүн бөгөөд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Япон улсад хийж буй албан ёсны айлчлалын хүрээнд болсон хоёр улсын төр-хувийн хэвшлийн уулзалтад оролцож, үгээ хэлсэн юм. Тэрбээр Монголын сэтгүүлчдэд өгсөн ярилцлагадаа “Японы Засгийн газар гадаадаас ажилчин авах асуудалд нааштай өөрчлөлт гарсан” талаар дуулгав.
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Японд хийж буй албан ёсны айлчлалын эхний өдөр хоёр улсын төр-хувийн хэвшлүүд оролцож, талуудын эдийн засгийн хөгжүүлэх асуудлаар санал солилцлоо. Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Ардын засгийн тэргүүн болсноос хойших дөрөв дэх, гурав дахь хөршид зочилж буй гурав дахь удаагийн айлчлал юм.
Олон жилийн өмнө Микико Монголд ирэхдээ нийгмийн хүнд хэцүү үед саван ч үгүй сууж байсан монголчуудад туслахаар нутагтаа ирээд “Үнэгүй саван” хөдөлгөөн зохион байгуулж байснаа дурсаад, Японы гадаадаас авах ажилчны бодлогод шинэлэг уур амьсгал орж байгааг дахин дахин хэлсэн юм.
Хоёр орны бизнесийнхэнтэй уулзах үеэр Ерөнхий сайд У.Хүрэлсүх хэлэхдээ хоёр улсын стратегийг хөгжүүлэх эдийн засгийн түншлэлийн хүрээнд ахиц гарч байгааг онцолж, төрийн бүхий л түвшинд гуравдагч хөршүүдтэй хамтарч эдийн засгаа хөгжүүлж байгаагаа дуулгасан юм. Уулзалтын үеэр Японы олон улсын хамтын хамтын ажиллагааны банкны ерөнхийлөгч Тадашт Маэда “Монгол улсын эдийн засаг өсч эрүүлжиж зээлжих зэрэглэл өсч байгаад бид хөрөнгө оруулалт хийх таатай үе гэж харж байгаа”-гаа дуулгасан юм. Мөн тэрбээр ОУВС-гийн хөтөлбөр амжилттай хэрэгжиж буйг онцолсон юм.
Монгол-Япон 46 жилийн өмнө дипломат харилцаа тогтоосноос хойш эдийн засгийн харилцаа бүхий л чиглэлээр өргөжин тэлж байгааг Ерөнхий сайд У.Хүрэлсүх уулзалтын үеэр онцолсон билээ. Хоёр улсын эдийн засгийн түншлэлийн хүрээнд Монгол Улс 5700, Япон улс 9300 төрлийн барааг импортын гаалийн татвараас чөлөөлөх асуудал үе шаттай хэрэгжиж байгаа билээ. Япон улс нь Монголын эртний түнш бөгөөд 1990 оноос 2018 оны 3-р улирлын байдлаар нийт 716 сая долларын хөрөнгө оруулалт хийжээ.
2010 онд Монгол улс, Япон улсын хооронд Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулахаар талууд тохиролцсон байдаг. Энэхүү хэлэлцээрийн зорилго нь хоёр улс хоорондын худалдаа, хөрөнгө оруулалт, аж үйлдвэрийн салбарын нэмүү өртөг шингээсэн экспорт, валютын орлого зэргийг нэмэгдүүлэх, японы тарифын болон тарифын бус саад тотгорыг багасгах, худалдааг хөнгөвчлөх, гаалийн бүрдүүлэлтийг хялбаршуулахад оршиж байгаа юм. Энэ оны эхний 10 сард хоёр улсын гадаад худалдаа буюу экспорт импортын нийлбэр 55 хувиар өсчээ. Өнөөдөр Монголын Улсын Ерөнхий сайд Японы ерөнхий сайд Шинзо Абэтэй уулзана.
Абэ Монголд гурав дахь удаагаа айлчилсан бөгөөд хамгийн сүүлд АСЕМ-ийн дээд түвшний 11 дүгээр уулзалтад оролцохоор Улаанбаатарт хөл тавьж байсан билээ.
ЯПОН УЛСТАЙ БАЙГУУЛСАН ЭРХ ЗҮЙН БАРИМТ БИЧГҮҮД:
1. БНМАУ, Япон Улсын хооронд дипломат харилцаа тогтоох тухай Ноот бичиг 1972.02.24. Москва хот
2. БНМАУ, Япон Улсын хооронд Соёлын харилцаа тогтоох тухай Тохиролцоо 1974.09.23. Улаанбаатар хот
3. БНМАУ, Япон Улсын хооронд Эдийн засгийн талаар хамтран ажиллах тухай Хэлэлцээр, 1977.03.17. Улаанбаатар хот
4. БНМАУ, Япон Улсын Засгийн газар хоорондын худалдааны Хэлэлцээр, 1990.03.20, Токио хот
5. Японы далайн чанад дахь Сайн дурынхныг хүлээн авах тухай БНМАУ, Япон Улсын Засгийн газар хоорондын Хэлэлцээр, 1991.03.19, Токио хот
6. Агаарын харилцааны Монгол Улс, Япон Улсын Засгийн газар хоорондын Хэлэлцээр, 1993.11.25. Токио хот
7. Япон Улсын ахмад сайн дурынхныг хүлээн авах тухай Монгол Улс, Япон Улсын Засгийн газар хоорондын Протокол, 1999. Улаанбаатар хот
8. Хөрөнгө оруулалтыг харилцан хамгаалах, хөхиүлэн дэмжих тухай Монгол Улс, Япон Улсын Засгийн газар хоорондын Хэлэлцээр, 2001.02.15. Токио хот
9. Техникийн хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Япон Улсын Засгийн газар хоорондын Хэлэлцээр, 2003.12.05. Токио хот